Дэлхийн хамгийн үнэтэй брэнд тамирчид

Теннисийн супермен Рожер Федерер “Forbes” сэтгүүлийн шинжээчдийн гаргадаг спортын брэнд тамирчдын жагсаалтыг хоёр жил дараалан тэргүүлжээ. Харин Португалийн алдарт хөлбөмбөгчин Криштиану Роналду жагсаалтын ердөө дөрөвт бичигдсэн бол дэлхийд төдийлөн дэлгэрээгүй ч тэрбум гаруй хүнтэй Энэтхэгт хамгийн ихээр сонирхон үздэг спорт буюу крикетийн од Вират Кохли Топ-10-т нэвтрэн орж иржээ. Хамгийн үнэтэй Топ-10 брэнд тамирчны гурав нь баячуудын спорт гэгддэг гольфийн гурвал багтсанд гайхах зүйл байхгүй биз ээ.  

1.Рожер Федерер, теннис

Улс-Швейцар

Брэндийн үнэ-37,2 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- +3,3%

Энэ жил 37 нас хүрч буй Рожер Федерер 2016 онд өвдгөндөө хүнд бэртэл авсан ч өнгөрсөн жил теннисийн корт дээр эргэн гарч ирээд долоон тэмцээнд (үүний дотор Их дуулгын хоёр тэмцээнд) түрүүлж, дэлхийн чансаанд байр сууриа эргүүлэн авч хоёрт бичигдсэн билээ. Ивээн тэтгэгч компаниуд Швейцарийн алдарт теннисчний он удаан жилийн тогтвортой амжилт, юунд ч сэвтээгүй нэр хүндийг ихэд үнэлдэг ажээ. Хамгийн сүүлд тэрээр он солигдохоос өмнөхөн “Barilla” компанитай таван жилийн хугацаатай, 40 сая ам.долларын сурталчилгааны гэрээ үзэглэсэн байна.

2.Леброн Жеймс, сагсан бөмбөг

Улс-АНУ

Брэндийн үнэ-33,4 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- –1,8%

Мэргэжлийн сагсан бөмбөгийн энэ цагийн хамгийн алдартай тамирчин Леброн Жеймс өнгөрсөн жил хэзээний хамтран ажилласаар ирсэн “Nike”, “Coca-Cola”, “Beats by Dre”, “Kia Motors” зэрэг компаниудаас гадна “Intel”, “Verizon” брэндүүдтэй сурталчилгааны гэрээ байгуулжээ. Гэвч NBA-гийн бусад сагсанбөмбөгчдийн сурталчилгааны гэрээнүүдийн хэмжээ мэдэгдэхүйц нэмэгдсэн тул Леброн Жеймсийн брэндийн үнэ 2017 бага зэрэг буурсан аж.

3.Усейн Болт, хөнгөн атлетик

Улс-Ямайк

Брэндийн үнэ-27 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- +8%

Дэлхийн хамгийн хурдан хүн, “Цахилгаан” хочит Ямайкийн домогт хөнгөн атлетикч Усэйн Болт 2016 онд Рио-Де-Жанейрод гуравдахь олимпдоо дараалан богино зайд (100 ба 200 метр) аваргалсныхаа дараа дуулиантайгаар зодог тайлж болох байсан ч 2017 оны ДАШТ-д оролцохоор шийдсэн билээ. Лондонд болсон ДАШТ-д тэрээр аваргалж чадалгүй бэртэл аван их спортыг орхиход хүрсэн юм. Хэдий тийм ч тэрээр өнгөрсөн жилийн дотор хамтран ажилладаг үй олон компланиуд дээрээ нэмж оргилуун дарс үйлдвэрлэгч “Mumm”, санхүүгийн “XM”, эм үйлдвэрлэгч “Advil”, холбоо харилцааны “Sprint” зэрэг компаниудтай сурталчилгааны шинэ гэрээ байгуулжээ.

4.Криштиану Роналду, хөлбөмбөг

Улс-Портгугал

Брэндийн үнэ-21,5 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- +13,2%

33 настай Криштиану Роналду дэлхийн аваргын цолыг эс тооцвол хөлбөмбөгийн байж болох бүхий л шагналыг хамж, дөрвөн хүүхдийн эцэг болсны дээр хорвоогийн хамгийн их цалинтай тамирчин болсон нэгэн. 2016 оны намар Испанийн “Реал” баг түүнтэй 2021 хүртэл үргэлжлэх шинэчилсэн гэрээ байгуулсан бөгөөд түүний нэг жилийн цалин 50 сая ам.доллараас хол давжээ. Криштиану Роналду түүнчлэн спорт хувцас, төхөөрөмж үйлдвэрлэгч “Nike” компанитай насан туршийн гэрээ үзэглэсэн юм. Шинжээчид тэрхүү гэрээг нэг тэрбум ам.доллараар үнэлсэн аж.

5.Фил Микелсон, гольф

Улс-АНУ

Брэндийн үнэ-19,6 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- –30%

Гольфын од Фил Микелсон 2013 оноос хойш нэг ч тэмцээнд түрүүлээгүйн дээр 2016 оны зун хувьцааны хууль бус арилжаанд оролцсон хэргээр шүүхэд дуудагдсан нь имижэд нь сөргөөр нөлөөлсөн нь тодорхой. Иймээс түүний маркетингийн орлого нэмэгдээгүй, харин ч сүүлийн жилүүдэд илүү амжилттай тоглох болсон гольфчидтой харьцуулахад мэдэгдэхүйц буурчээ.

6.Тайгер Вудс, гольф

Улс-АНУ

Брэндийн үнэ-16,6 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- –27,8%

Сүүлийн 18 сарын дотор Тайгер Вудс “TaylorMade”, “Bridgestone”, “Monster Energy” компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулсан ч түүний маркетингийн орлого нийт дүнгээрээ мэдэгдэхүйц буурчээ.

7.Вират Кохли, крикет

Улс-Энэтхэг

Брэндийн үнэ-14,5 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- 2016 оны жагсаалтад ороогүй

Энэтхэгийн спортын ертөнцийн супер од Вират Кохли “Audi”, “Tissot”, “Pepsi” гээд дэлхийд тэргүүлэгч олон брэнд компанитай маркетингийн гэрээний дагуу хамтран ажилладаг ажээ. Өнгөрсөн оны хоёрдугаар сард тэрээр “Puma”-тай 16.5 сая ам.долларын найман жилийн хугацаатай гэрээ үзэглэсэн байна.

8.Рори Макилрой, гольф        

Улс-Умард Ирланд

Брэндийн үнэ-13,6 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- +4,6%

Өнгөрсөн жилийн хавар Рори Макилрой гольфийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “TaylorMade” компанитай 100 сая ам.долларын 10 жилийн хугацаатай гэрээ байгуулан брэндийн үнээ нэмэгдүүлжээ.

9.Лионел Месси, хөлбөмбөг

Улс-Аргентин

Брэндийн үнэ-13,5 сая ам.доллар

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт- –10%

Энэ цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионел Месси спорт бүтээгдэхүүний алдарт “Adidas” брэндтэй байгуулсан гэрээгээ бүх насны болгон сунгажээ.

10.Стефен Карри, сагсан бөмбөг

Улс-АНУ

Брэндийн үнэ-13,4 млн

Өмнөх жилтэй харьцуулсан өөрчлөлт-2016 оны жагсаалтад ороогүй

NBA-гийн аваргын хоёр бөгж, лигийн шилдэг мэргэн буучийн нэр алдар, эерэг дүрийн баатрын имижтэй Стефен Карри дэлхийн брэнд компаниудын хайртай тамирчин болжээ. Тэрээр өнгөрсөн жил “JPMorgan Chase” банк, “Brita”, “Vivo”,”PressPlay” компаниудтай сурталчилгааны гэрээ байгуулснаар тус жагсаалтын эхний аравт бичигдсэн юм.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE