“Цагаан сар” 20

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Эл эрхэм ёсон уламжлан явсаар Богд хаант Монгол улсын үед Олноо өргөгдсөний хоёрдугаар оны (1912) өвлийн сүүл сарын гучнаа Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэх Яамнаас “шинэчлэх дүрэм” зохиож Богд хаанаар батлуулсан байна. Уг дүрэм төрийн ордонд бараалхах ёс журам, сайд, хан, гүн, хамба, цорж, хутагт, хувилгаан, засаг бус ван гүнгүүдээс дөтгөөр зэргийн түшмэлд хүртэл жагсах ёслох журам, хиа болон ардын жагсах байр, ёслох дэг зэргийг заажээ. Ёслол үйлдэх шинийн нэгний өдөр дэмий үймэх, дуу чимээ гаргах, шахцалдах, давхарлах явдал хэрхэвч байж болохгүйг чандлан мөрдүүлэхээр тогтоожээ. Богд хааны нэгэн зарлигт “ам хэмжээтэй шар өнгийн, дундаа соёмбо үсэгтэй хөвөөгөөрөө гурван хэлтэй” Монгол улсын төрийн далбааны хэм хэмжээг заагаад төрийн ордон, сүм хийд, олон яамд зэрэг газарт жил бүрийн цагаан сарын шинийн нэгнээс шинийн найман хүртэл хийсгэн мандуулахыг заажээ (Бадарч 1989, 9). Энэ бол цагаан сарын нэгнийг уламжлалт төр ёсны баяр гэдгээр нь ёслон тэмдэглэж байсны гэрч гэгээ мөн. Төрийн эрхтэн дархтнууд ийн ёслохоос гадна эртний Чингис хааны үеэс уламжилсан ёс журмаа баримталж, ялтан гэмтнийг өршөөн хэлтрүүлэх явдал элбэг байжээ. Архивын зарим баримт сэлтийг үзвэл шинийн нэгний өглөө Богд хаан, Эх дагина хоёр Шар ордондоо морилон ирж хэт цахиураар тулганд галаа бадрааж, бурхан шүтээндээ мөргөсний дараа олон ван, гүнгүүд өөр өөрийн хэргэм зэргийн дэсээр дэглэн хадаг барьж золгодог байжээ.

SHARE