“Цагаан сар” 19

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Төгсбуянтын зурхайн давуу тал нь юундаа байна гэвэл Монгол орны жилийн дөрвөн их улирал, хорин дөрвөн бага улирал илүү сайхан тодорч гардагт байна гэж үздэг. Хавар, намар, өвөл, зуны хэмжээ, хугацаа нь маш тодорхой байх тул нүүдэлчин малчин түмэн аж ахуйгаа эрхлэхэд сар, нарны хэлбэр, дүрсийг ажиглан таацуулж, түүгээр дамжуулан өдөр тутмын үйл ажлаа зохицуулдаг байв. Харин жилийн дөрвөн улирал гэж байхгүй газруудад шар зурхай нь илүү сайн тохирч байсан гэж болох юм. Өнөөгийн хот суурингийн иргэд бидэнд ямар ч хамааралгүй мэт санагдаж болох боловч анчин, малчин нүүдэлчин хүний хувьд бол хэзээ өвлийн, хаврын уур орох, ес эхлэх, ханш нээх, ичигсэд хөдлөх зэрэг нь юу юунаас ч илүү чухал гэдгийг бодолцоорой. Мөн Төгсбуянтын зурхайд илүү cap гэж тооцон боддог бөгөөд илүү сарыг хэрхэн бодож, хаана нь тохируулах вэ гэдэг нь нүүдэлчдийн том соёл байсан аж. Учир нь дөрвөн жил тутамд нэг илүү cap тохиодог тул энэ илүү сарыг хаврынхаа сард шингээх үү, намрынхаа сард шингээх үү гэдгээс хамаарна гэсэн үг. Түүнтэй нэгэн адилаар дөрвөн жил тутамд нэг өндөр жил тохиодог бөгөөд зуун жил тутамд нэг өдөр илүү байдаг аж. Ингээд монголчууд Манжийн үед нэг хэсэг шар зурхай хэрэглэж байгаад 1911 онд тусгаар тогтнолоо олж, Богд хаант Монгол улсыг байгуулмагц Богдын лүндэн бууж, “Олноо өргөгдсөний он тоолол” гэдгийг гаргаж, шар зурхайг халж, дахин Төгсбуянтын зурхайг хэрэглэжээ. Тэр цагаас хойш монгол зурхайчид зурхай дацандаа цаглабараа [лит] хийгээд хамгийн түрүүнд тухайн цагийн Гадаад яаманд өргөн баримагц гадаад, дотоод харилцааныхаа хамаг ажил албыг товлон тогтоогоод хамгийн сүүлд Богд хаандаа өргөн барьдаг байжээ. Богд хаан тэр бүхнийг болгоогоод сая нийтээр хэрэглэж болно гэсэн зарлигаа гаргадаг байжээ. Ингэж Төгсбуянтын зурхайг албан ёсны зурхай болгон хэрэглэх болсон түүхтэй.

SHARE