“Цагаан сар” 18

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Миний бие зурхай судлалын мэргэшил үгүй боловч өөрийн мөхөс оюуны хэвчээ хязгаараар ойлгосон зүйлээсээ хуваалцвал, эрхэм мэргэд залруулан өгөх буй заа. Бурхан багшийн “Дүйнхор заржүд” гэдэг номоос зурхайн ухаан уг эхтэй бөгөөд түүнийг газар газрын хуваарьт тохируулаад янз бүрийн мэргэд өөрсдийн зурхайгаа зурсан гэж үздэг. Төвдийн зурхай цүр ёс, пүг ёсоор боддог бол монгол зурхай нь “Гэдан зэсэр” буюу Төгс буянтын зурхайн ёсоор боддог аж. Монгол Улс Манж Чин улсын эрхшээлд орсон тэр үеэс шар зурхай, Төгсбуянтын зурхай хоёулангаар нь цаглабар [лит] хийж хэрэглэхээс аргагүй байдалд орсон юм байна. Гол учир юунд вэ гэвэл шар зурхай нь болохоор Манжийн хааны зарлигаар Тэнгэрийг сүсэглэх яамнаас зуун жилээр урьдчилан бодож гаргаад тухайн үеийн өөрийн харьяаны улс оронд өөр өөрсдийнх нь хэлээр тараачихсан тийм зурхай болно. Манжийн төрөөс шар зурхайг өөрийн эрхшээлд байгаа бүх оронд заавал хэрэглэхийг тулган хүлээлгэж байжээ. Тийм болохоор монголчууд төрийн албан ажлаа зохицуулах үүднээс шар зурхайг зайлшгүй мөрдөх учиртай болсон байна. Тэгэхлээр Төгс буянтын зурхай нь яагаад заавал давхар цуг яваад байсан юм бэ гэдэг асуулт гарна. Төгсбуянтын зурхай бол Монгол газар үүсч, “Монголын сача” буюу манай газар нутгийн хуваарьт тохирсон, өнөөгийн хэлээр хэлбэл өргөрөг, уртрагийн байдлаар нь илүү тодорхой зурдаг зурхай юм санж. Тодруулж хэлбэл, сарны үзэгдэх хугацаа газар нутаг болгонд ондоо ондоон байдаг болохоор тухайн орон нутгаар нь савлаж зурдаг юм байна. Өөрийн газар нутгийн онцлогийг харуулсан зурхай нь илүү тохирдог учраас Төгсбуянтын зурхайгаа заавал давхар авч явдаг байжээ. Сүмбэ хамбо Ишбалжор (1704-1788) Төгс буянтын зурхайг зохиохдоо асар их нарийвчлалтай бүтээсэн гэж зурхай судлаачид хэлдэг. 1747 онд зохиосон “Төгс буянтын зурхайн шороон зурлагыг үйлдэх ёсон” (“Гэдан зэсэр сарей врицүл”) хэмээх номд: нэгэн амьсгалыг (бүгха буюу 4 секундыг) “сүв (9)-огторгуй (0)- нүд (2)- сүв (9)- сэтгэлд (14) хуваасны нэг нэгж” гэж бичсэн нь зурхайн тоог тонгоруулан уншдаг ёсоор аваад үзвэл 4 секундыг 149209 хуваасны нэгтэй тэнцэх нарийвчлалаар бодож үзсэн гэсэн шиг үг болж байна.

SHARE