“Цагаан сар” 17

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Цагаан сарын ерөөлд:
Цагаан тэнгэр Хан Хурмастаас (1) бошготой
Чагдар Ядам (2) Загарбүрдийн (3) хувилгаан
Цахилгаан мэт догшин хурцаар дэлхийг түвшитгээд
Цааз хууль, ёс журмыг бүрэн нээсэн
Хувилгаан Чингис Богд баатар та-бээр
Хувьт олон манийгаа эзлэн захирсан
Хол эртний тэр цагаас эдүгээ болтол
Хойш хойшдоо тасралтгүй залгамжилсан
болохыг өгүүлсэн нь Чингис хаан их орыг эзэлсэн [хаан ширээнд суусан С.Д.] цагаас өнөө хүртэл уламжлан ирсэн баяр гэдгийг харуулж байгаа юм. Мөн ерөөлийн өөр нэгэн хувилбарт:
Бадрангуй цагаан тэнгэрийн (4) хувилгаан Тэмүүжин Чингис хаантан
Байгуулан тогтоож өршөөсөн манай энэ Монголын газарт
Бат өнөдийн журам заншсан шинэ жилийн нэгэнд
Бага их хүн бүхэн нэгэн нас нэмэгдсэний баярт
гэхчлэн өгүүлдэг нь эртний монгол домог зүйн дээд тэнгэр “Цагаан тэнгэр Хан Хурмастаас бошготой”, барууны 55 тэнгэрийн нэг нь болох “Бадрангуй цагаан тэнгэрийн хувилгаан” Чингис хааны тогтоосон журам заншил бол дээд тэнгэрээс уламжлуулсан нандин туурвил, эрхэм ёс гэсэн санаа агуулж байна.

(1) Эртний монгол домог зүйн дээд 99 тэнгэрийн эзэн, Хан тэнгэр маань иран домог зүйн Ахурамазда- Хурмазда-Хурмаст тэнгэрийн нэрийг аваад Хан Хурмаст болжээ.
(2) “Чагдар ядам” гэсэн нь “Мутартаа [гартаа] очирт” буюу Монгол орныг даасан сахиус ядам нь болох Очирваанийн төвд нэр бөгөөд бурхан шашинтны ёсонд Чингис хааныг Очирваанийн хувилгаан гэж үздэг.
(3) “Загарбүрд” гэдэг нь санскрит хэлний “Чакраварти” буюу төвдөөр “Хорложүрвижалбо”, монголоор “Хүрдэн орчуулагч хаан” хэмээх эрт галбын их хаадын нэрийг халгуу дуудлагаар нэрлэж буй боловч үнэндээ Чингис хааныг тэдэнтэй адилтган цоллож байна.
(4) Жинхэнэ язгуур монгол домог зүйн үзлээр бол Чингис хаан дээд 99 тэнгэрийн дотроос барууны 55 цагаан тэнгэрийн нэг болох Бадрангуй цагаан тэнгэрийн газарт буусан дүр нь юм гэж үздэг.

хуваалцах