“Цагаан сар” 15

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Сударч Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар”-ын дөчин наймдугаар бөлөгт цааш нь: “…хаан зарлиг болруун: орчлонгийн хооронд хүн төрөлхтний хочгүй ойр янаг хэмээгч эцэг эх толгой тэргүүн, ах дүү хэмээгч гар хөл, эм үр хэмээгч дээл хувчад, сайд түшмэд хэмээгч хуяг дуулга, зэр зэвсэг мэт буюу, энэ өдөр би хүний эшийн ёсоор эхлэн ялгасугай, тэргүүнд миний хаан эцгийн байдал дүрсийг алтаар бүтээж, дай миюуд тахь, жич миний эх тайхуу нас сүүдэр далан долоод хүрч, сүүдэр маш өндөр болсон тул, их хүүгээс [сангаас С.Д.] шар алт мянган лан, цагаан мөнгө түмэн лан, зотон бөс арван түмэн хэсэг, миний харьяат найман зуун ерэн хоёр хот балгадын сан хөмрөгийг нээж гарган, миний харъяат улсын жаран наснаас дээшихэд дан [нэг С.Д.] хувь, далан наснаас дээшихэд хоёр хувь, наян наснаас дээшихэд гурван хувь, ерэн наснаас дээшихэд дөрвөн хувь, зуун наснаас дээшид таван хувь, нэгэн зуун арван наснаас дээшийг надад бараадуул, өвөрмөц шагнамуй. Нэгэн зуун хорин наснаас дээшийг олмогц урьд улсын гүвэ луу (өтгөс) цол өргөж, таяг тулуулан надад бараадуул, өврөө [өөр С.Д.] өргөмжлөл буй. Хэрэв үүнээс давсан аваас цөм сүйхэд суулган дамнан ирүүлж бараадуул, ангид ялгал буй. Энэхүү нэгэн хувьд нэгэн лан мөнгө, нэгэн бөс, арван суулга амууг хэмжээ болго. Наян нас гарсанд шар алт нэгэн чин [цэн] нэмж өг. Үүний дотор хэрэв ховдог ард нас өсгөж, хишгийг мэхлэгчид аху болзошгүй, эрхбиш түүний төрөл төрөгсөд, ураг садан, айл аймаг, зэргэлдээ айлаас хянан байцааж тодорхойл. Ийн атал бас мэхлэгчид гарч, байцаан гаргах хүнд ял оноомуй. Эдгээр шанг улсын таван өтгөс гүвэ лууг дөрвөн зүг гарган нэг нь үлдэж, дундадыг байцаалга. Бас таван их харгисаас бус ялтанг хэлтрүүлж, нэгэн зэрэг хөнгөрүүл. Ийн өрлөгийг зарла. Энэ нь миний эцэг эх дор хариулах нь энэ жичид миний бие мөн хөгшрөхийн мөрт орж, тавин тав наслав. Хэдийвээр Сүн, Жин хоёр улсыг төвшитгөөгүй, дэлхий дэхин нэгэн нийгэм болоогүй боловч Жүн Юаны хагас ба ар газар баруун зовхис, зүүн зах нийт мөн дэлхий дэхиний хагасыг эзлэв” (Injannasi III, 1957, 1553-1555) гэжээ. Эл баримт бол төр ёсны их баяр нь юуны өмнө олон түмний ах зах болсон настан буурлаа өргөн хүндлэхүйн үлгэр дуурайл, зовсон зүдсэнийг өргөн нигүүлсэх, өршөөн хэлтрүүлэхүйн эрхэм үлгэр “Нэгэн зуун хорин наст улсын их өтгөсөөс” эхлэн гүрэн улсын хамаг олон настнаа баярлуулан цэнгүүлэх учир нь монголчуудын хүнлэг уужим сэтгэлийн гэрч гэгээ, өдгөө хүртэл цагаан сарын шинийн нэгэнд хамгийн их настнаа хүндэтгэн дээдэлдэг олон үеийн ариун уламжлал болж заншин тогтсоор иржээ. Дашрамд дурдахад, нэгэн хувь гэдгийг энд “нэгэн лан мөнгө, нэгэн бөс, арван суулга амууг хэмжээ болго” хэмээн тов тодорхой заасан байна. Энэ бол төрийн ёсны “хувь” болохын хамт “хувь сар” гэдгийн учрыг ч бас бидэнд хэлж өгч байна. Бас насаа худал нэмж завшигчдад ял оноохоо ч мартсангүй.

SHARE