“Цагаан сар” 14

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Их сударч Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар”-ын дөчин наймдугаар бөлгийн эхэнд: энэ бөлгөөс хойш Монголын хэрэг маш олон болсон тул урьд адил нарийвчлан тоочиж чадахгүй болов [Монгол төрийн үйл хэрэг нэг бүрчлэн бичиж барахааргүй их арвидсан гэсэн үг С.Д.]
Дөрвөн харь, таван өнгө улсыг арван анги хувааж үлдээв
Гурван гүн, зургаан чин сайдыг есөн өрлөг хуримлаж өгүүлэлдэв. 
Улаан хулгана жил /1216 он/, Монгол улсын Чингис хааны арван нэгдүгээр он… Тайзу Чингис хаан энэ жил тавин таван сүүдэртэй, цагаан сарын шинийн нэгнээ барс цагт хаан дээшлэхүйеэ:
Түмэн улс төр дүүрэн хурж мөргөөр ирэв
Төв зуун түшмэл хундагыг индэрийн доор барив
Төрийн шавга залгалдан хашгирч өнгөрөн гарч эчихүйеэ
Түшмэл түшээ, ван сайдууд хэдүйн чуулан ирэв…
Хааны гэгээний дагалдаа залран гарч, найман шим таван амтанд бүртгэн өргөж ёслон мөргөөд эгэн орж ирээд Тайхууд (Өэлүн эхэд С.Д.) бэлгэдэн мөргөж, сая их харшид түмэн улсыг цагаалах өглөөний ёсоор баясгалангийн хурим хуримлахуйяа улаан наран зүүн огторгуйд мандмагц улсын эзэн дотоод ордноо залраад олон түшмэд төрөөс бууж, ус урсч үүл нүүх адил дөрвөн зүгт тархалцаж, өөр өөрийн гэрийн явдлыг төгсгөж, луу цагт өргөмжлөх хуримын жүн хэнгэрэг дуурьсч, зуун түшмэд луугийн харшид гарч богд эзэн эрдэнийн сууринд залран сууж, зуун түшмэд мөргөж дууссан хойно… (Injannasi III, 1957, 1551-1553) (Үргэлжлэл бий) хэмээсэн энэхүү хэсэглэлд цагаан сарын шинийн нэгний нэгэн өглөөний ёслолын цагийн хуваарийг нарийн танилцуулсан нь сонирхол татаж байна. Үүнд эзэн хаан “гэгээ шарлах” цаг буюу барс цагт [03.40-05.40] дээшлэх [босох С.Д.] үед албат харьяат, ард олны төлөөлөл ирж хаандаа мөргөдөг, түшмэлүүд хундага өргөдөг бөгөөд төрийн ёслолын хонжин [шавга] дохио өгч зарламагц түшээ, сайд нар нь хүрэлцэн ирдэг юм байна. Дараа нь найман шим, таван амттаныг [идээ, ундааг С.Д.] хаан дээжилсний залгаагаар Өэлүн эхдээ мөргөж золгоод сая түмэн олныг цагаалах ёслол эхэлдэг ажээ. Энэ бүхэн бол ордны гадаах голдуу ёслол юм байна. Дорно огторгуйд наран мандах цагаар буюу луу цагийн үест [07.40-09.40] хаан дотоод ордондоо залармагц түшмэд сайдууд нь сая өөр өөрсдийн гэрийн явдлыг төгсгөдөг журамтай ажээ. Өнөө цагийн хэлээр бол ёслолын албаны “протокол” гэгч зүйл юм даа.

SHARE