“Цагаан сар” 12

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Төдий оны тэргүүний их хурим хуримлахуйд Тайцзу Чингис хаан хуучин гэрийн хөгшин түшмэл Мэнгэлигийг (Мэнлиг эцэг С.Д.) өмнөө дуудан авчирч, дээд тайфу түшмэл өргөж, өөрийн өмссөн хуягийг шагнан өмсгөж, түүний хоёр хөвгүүн Алх, Сүхийг дундад тайфу түшмэл өргөмжилж, Аргасуны Хорголжийг (Аргасун хорч С.Д.) дундад тайфу түшмэл өргөмжлөн, төвийн дээл, төрийн малгай соёрхож, Мэнгэлиг, Хорголж хоёулд мутраар архи хайрлаж, ийн зарлиг болруун:
Эцэг хааныг минь дагаж чин үнэнээр зүтгэлээ
Эх тайхууд минь зарагдан өдий болтол хичээв
Эртэд хуанхүг буулгахуйяа өөдөн уруухнаа гүйлээ
Эдүгээ би хаан суутал, энэ бие чинь хөгшрөв
Эрт цагт зовж зүдэхүйеэ хамт гашууныг амсав
Элдэв улс урваж эчтэл асралт чи эс хөдлөв
Эдүгээ одоо гэрийн дотор эрхилсэн түшмэл болов
Үүнээс одоо миний гэрийн нийтийг чи тэргүүлж захир!
хэмээсэн эдгээр зарлигт Мэнгэлиг, Аргасун [Хорголж] хоёул дотор игтлэн, зүрх шүтэж, хамар борхирон хишигт мөргөв. Төдий нутаг голомтын нийтийг захирах тэргүүлсэн түшмэл өргөмжлөв (Injannasi II, 1957, 1292-1296) гэхчлэн өгүүлжээ. Эндээс үзвэл, эзэн Чингис хаан маань хэн нэгнийг хэрэглээд хаядаг хойшлогогүй нэгэн байсангүй, эцэг Есүхэйг насан егүүтснээс хойш Өэлүн эхэд дэм болж, өдий хүртэл гэрийн үйлийг цалгардуулалгүй авч явсан хуучин гэрийн хөгшин түшмэл Мэнгэлигийг (Мэнлиг эцэг С.Д.) дуудан авчирч, дээд тайфу түшмэл болгон өргөмжилж, өөрийн өмссөн хуягийг шагнан өмсгөж, түүний хоёр хөвгүүн Алх, Сүхийг дундад тайфу түшмэлд өргөмжилж, Аргасуны Хорголжийг (Аргасун хорч С.Д.) дундад тайфу түшмэл өргөмжлөн, төвийн дээл (ёст хувцас), төрийн малгай соёрхож, Мэнгэлиг, Хорголж хоёуланд өөрийн мутраар архи хайрлаж, бусад хүмүүс урваж алга болоход, тэд л түшиг болж хаашаа ч явалгүй үлдсэнийг шагнан урамшуулсан байна. Ер нь Чингис хаан урвагчийг үзэн ядаж, үнэнчийг онцлон эрхэмлэдэг зарчмаа насан турш баримталж, хойч үедээ үлдээсэн билээ. Ийнхүү өмнөх бүх тэмдэглэлээс үзвэл Чингис хаан цагаан сарын шинийн нэгний баярыг ёслохдоо “Өмнөд, Дундад улсын хууль” буюу гадаад харь орны журам ёсыг хуулан дагалдахыг болиулж “үүний дотор бас нэгэн зүйлийн гэм буюу дээрэнгүй омгийг төрүүлэх муу чанар байгааг” илрүүлэн шүүн тунгааж, “манай хойд газар” зохилдохгүй хэмээн үзсэн нь ардынхаа уламжлалт дэг ёсонд багтаан сургасан хэрэг мөн. Чухам тийм учраас “биеэ ариутган, шинэ хувцас өмсч, тэнгэр газарт ёсолж, өвгөдөд тайгаад, Өэлүн ээждээ мөргөн золгох” мэтийн өөрийн биеэр үйлдсэн бусад ёс ёслол нь “манай хойд газар” зохилдох буюу өдгөө хүртэл уламжлан ирсэн зан дадгаал болжээ. Цагаан сарын шинийн нэгний өглөө олон газрын монголчууд “эзэн сүлд” буюу төрийн сүлдэнд мөргөх, “индэрт мөргөх”, “сүлд овоонд” мөргөх ёс үйлдээд, дараа нь ахмад настан бууралдаа золгодог нь чухам энэхүү эзэн хааны зарлиглан үлдээсэн ёсоор ёсолж байна гэсэн үг билээ. Энэ мэтчилэн цагаан сарын шинийн нэгнийг ёслон тэмдэглэх ариун журам, төр ёсны гүн хүндэтгэлт баяр болох учир утга нь улам төгөлдөржин боловсорсоор иржээ.

SHARE