“Цагаан сар” 10

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

1027 оны улаагчин туулай жил анхдугаар жаран эхэлсэн бол 1207 оны улаагчин туулай жил дөрөвдүгээр жаран эхлэв. Чингис хаан Тангуд улст довтолж эхлэв. Ванчинбалын Инжаннашийн “Хөх судар”-ын гучин есдүгээр бөлгийн эхэнд “улаагчин туулай жил /1207 он/, Чингис хаан дөчин зургаан сүүдэртэй, Монгол улсын Чингис хааны хоёрдугаар он. Сүн улсын Нин Цзун хааны Кай Си-гийн гуравдугаар он. Алтан улсын Чжан Цзунгийн Тай Хэ-гийн долдугаар он. Энэ жил Сүн улс, Алтан улс харилцан их л байлдав. Сүн улс цэргийн ашгийг алджээ.

Хаан эзэн хамгийг өргөмжлөхүйеэ, хуучин сайдаас эхлэв
Харь улс хамтаар дагахуйяа, харцгай шувуу лугаа байгуулав.

Тэндээс Монгол улсын Чингис хааны хоёрдугаар он, цагаан сарын шинийн нэгнээ, тэнгэрийн бошгоор улирлыг нээсэн Богд баатар Хуанди Тайцзу Чингис хаан хулгана цагт дээшилж, биеэ ариутган, шинэ хувчад өмсч, тэнгэр газарт ёсолж, урьдас өвгөдийг тайгаад, эх тайхууд (Өэлүн эхдээ С.Д.) мөргөж, их төрд залран гарахуйяа есөн давхарын гүн хөгжим үүсгэж, арван анхималын хүж зандан шатааж, алтан хасын чимээ дуурьсаж, жүн хэнгэргийн дохио цохин, үймээнийг дарах дохиур гурвантаа дуурьсаж, сөгдөж хүлээх тэмдэг довтлон хүрч ирсэнд, тэнгэрийн хөвгүүн залран гарч ирээд, өндөр мандалд авираад, луугийн суудалд суув” (Injannasi II, 1957, 1292-1293) (Үргэлжлэл бий) гэхчлэн өгүүлжээ. Дээрх хоёр мөр цохолбор шүлэгт Чингис хаан улсаа төвхнүүлэхдээ олон жил хамт зовж зүдэж үнэнч зүтгэсэн хуучин сайд нараа гол түшиг тулгуур болгосон бол дагаар орсон бусад харь улсуудыг ан гөрөө хийхэд ашигладаг харцага шувууны адилаар хэрэглэсэн, гол үйл хэрэгтээ зараагүй гэсэн санаа байна. Бидний бодлоор цагаан сарыг төр ёсны баяр болгон тэмдэглэсэн тухай нэлээд бодтой өгүүлэл эндээс эхэлж байна. 1206 оны улаан барс жил болохоор улс гүрнээ тохинуулах үйл хэргээ голчлоод цагаан сарын баяр ёслолыг төдүйлэн их ёслосонгүй шиг. Харин иргэн оргоноо амаржуулж, улс гүрнээ тохинуулсаныхаа сүүлээр дараа жилээс нь буюу 1207 оны улаагчин туулай жилээс энэ баяр ёслолоо хэрхэн ёслох журам ёсоо бүрэн дэглэсэн гэж болно. Дээр дурдсанаас үзвэл үзвэл, хэргэмтэн сайд нар, хонжин [ёслолын С.Д.] түшмэд нь анхандаа Өмнөд, Дундадын хүчирхэг гүрнээс огт дутахааргүй сүр жавхлантай ёслохоор бэлтгэсэн нь дээрх дүр дүрслэлүүдээс харагдаж байна. Гэвч үүнийг Чингис хаан хэрхэн шийдвэрлэснийг дараагийн бичвэрээс үзээрэй!

SHARE