“Цагаан сар” 09

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Төр ёсны их баяр болгон тэмдэглэсэн анх үүсгэл нь Чингис хааны тархай бутархай олон овог аймгийг нэгтгэж Их Монгол улсыг байгуулсан үе буюу гуравдугаар жарны өндөрлөх жил гал барс жил /1206 он/ хааны алтан ургийнхан болон өрлөг сайд, хөлөг баатрууд нь цагаан толог эсгий дэвсэн олноороо “Чингис, Чингис” хэмээн хашгиралдан дуудаж, хаан ширээнд залж, ордны бичгийн багш, тамганы сайд Тататунга цагаан хасын дээр сийлсэн “Мөнх тэнгэрийн хүчүн-дүр их Монгол улсын далай хааны зарлиг ил булган иргэн-дүр хүрвээс бүширтүгэй, аюутугай” гэсэн төрийн хас тамгыг өргөн барьж, “мунгаа үзтэл зовбаас-бээр ерөнхийн гол болсноор хөдлөхүйн дээд Хөх Монгол хэмээгдэх” улсыг байгуулсан их ёслолыг дорно дахины уламжлалаар хуучин он улирч, шинэ оны заларсан баяртай хамтатган ёсолсноор хаврын баяр болгосон түүхтэй ажээ. Энэ тухай бусад орны мэргэдийн ном зохиолд ч тэмдэглэснийг дурдвал XVIII зууны төвдийн эрдэмтэн Лувсандамбийжанцан “Зурхайн жилийн эх тэргүүтний асуулгын хариу” номдоо “Чингис хаан төр барьж, хаврын тэргүүн сард өлзий хутагийн баясгалангийн хурим үйлдсэн тул энэ сарыг монголын анхдугаар сар (Хор-да данбо) хэмээн нэрийдвэй” (Тэрбиш 1989, 60) гэж тэмдэглэжээ. Дашрамд өгүүлэхэд 2006 онд Их Монгол улсын 800 жилийн ойгоор төрийн сүлд дууны үгийг өөрчлөх комиссыг ахалж байхдаа нэгдүгээр бадгийн гуравдугаар мөрийг өөрчилж “Далай их дээдсийн гэгээн үйлс гэсэн мөрийг нэмэхдээ дээр дурдсан Чингис хааны хасбуу тамганы “далай хаан” гэдэг үгийг санагалзан оруулсан билээ. Учир нь Их Монгол улсын бүх хаадын нэрийг дууны үгэнд жагсаан дуулах бололцоо үгүй тул тамганы гол үгээр нь бүгдийг орлуулсан болохыг та бүхэндээ уламжлая.

SHARE