“Цагаан сар” 08

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ
…”Тэд ямар эрэмбэ дэстэй зогсох буй хэмээбээс эхлээд их хааны үр хөвүүд, ач, зээ нар болон эзэн хааны шууд ургийн хүмүүс, дараа нь хаад ноёд, ард нь түшмэд нар тэгээд бусад хүн өөр өөрийн ногдсон газар дэс дараагаар байрлах ажээ. Бүх хүн тус тусын байранд суухад хамгийн ахмад настан босож өндөр дуугаар “мэхийн сөгдөж хүндэтгэхтүн” хэмээн хэлмэгц бүгдээр сөхрөн бурханд мөргөх лүгээ адил их хаанд залбиран мөргөнө. Тэд ийнхүү дөрвөн удаа мөргөл үйлдээд дараа нь гоё сайхан чимэглэсэн, мандлын өмнө хүрэлцэн ирнэ. Түүн дээр их хааны нэрийг сийлсэн нэгэн улаан пайз, сайхан сангийн бойпор хоёр байрлуулжээ. Тэр пайзны өмнө ихэд сүслэн мөргөөд дараа нь өөрийн байрандаа буцан ирнэ. Энэ бүх үйл дууссаны хойно өөрсдийн үнэт бэлэг сэлтээ өргөн барих ба хаан тэр бэлэг сэлтийг тойруулан ажихын зуур найрын ширээг дэлгэн засаж бүх хүн түүний ард дээр өгүүлсэн эрэмбэ дэсээр сууна. Их хаан том ширээнийхээ ард залрахад зүүн гар талд нь их хатнаас өөр хэн нь ч үл сууна. Бусад бүх хүн дээр өгүүлсэн дэс дэвээр сууна. Бүх эхнэр авгайчууд, мөн урьд өгүүлсэнчлэн хаан хатны талд талцан суух бөлгөө. Тэд бас нэгэн адил хоол, цай, идээ зоог барина. Хоол унд барьж дууссаны дараа илбэчин, бүжигчин ирж ордныхныг цэнгээн хөгжүүлэх бөлгөө (Марко Поло 1987, 103-104). Марко Пологийн бичсэнээс үзвэл жилийн эхэн цагаан сарын шинийн нэгнийг төр ёсны нэн их хүндэтгэлт баяр ёслол болгон тэмдэглэдэг байсан ажээ. Цагаан хувцсыг аз жаргалын бэлгэ тэмдэг хэмээн эрэгтэй эмэгтэй ялгалгүй чадах чинээнийхээ хэрээр өмсдөг, бие биедээ цагаан өнгийн эд харилцан бэлэглэдэг байсан нь энэ их баяр ёслолын өнгийн бэлгэдлийн утга учрыг улам тодруулж байна. Мөн ч “Цагаан сар” гэдэг утгаа өнгөөр тодруулж байна гэсэн үг. Дээр олон заан авчидаг байсан тухай өгүүлсэн нь зааныг “Төрийн долоон эрдэнийн” нэг гэж үздэгтэй холбоотой буй заа.

SHARE