“Сүүн сар” 06

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Судлаач шинжээчдийн үзэж буйгаар бол үүнд хоёр зүйлийн учир байна. Нэгэн хэсэг нь монголчуудын намар ёсолдог шинэ жил бол “мал сүрэг нь үр төл авч, хүч тарга нь ид гүйцсэн намрын сард шинэ жилээ тэмдэглэж өөрсдөдөө болон мал сүрэгтээ нас нэмдэг” (Цыбиков 1981, 168) мал аж ахуйн баяр, эл өдөр гүүгээ тавьж сүүлийн тогоогоо нэрж, таваг тавгаар ааруул өрөм, хувин хувингаар айраг таргаа бялхуулан цагаалгын их баяр хийдэг тиймээс ч “Сүүн сар”, “Цэгээ сар”, “Үрс сар” болгон тэмдэглэдэг гэж үздэг. Намар малдаа нас нэмэн тоолдог эл уламжлал цагаан сарын шинийн нэгний мэндчилгээнээс тодорхой болж байгаа юм.
Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Борлон хэрсэнтэй
гэхчлэн таван хошуу малынхаа төлд ямагт нэгэн нас нэмсэнээр мэндчилж байдаг. Гэвч зарим эрдэмтэд жилийн эхийг намар тэмдэглэх эл уламжлал нь ан гөрөөний үйл ажил, хэв заншилтай холбоотой гэдэг. Ер нь Хүн улсын үеэс эхлээд “намар адуу таргалахын цагт бүх хүн ой самнан гөрөөлөөр ирдэг” уламжлалтай байсныг түүхэнд тэмдэглэжээ. Чингис хааны “Их засаг” хууль зэргээс үзэж байхад намрын адаг, өвлийн эхээр “Хааны их ав талбих” буюу их ав хоморгын үе байсан бололтой. Иймд мал сүргийг гаршуулж, гэршүүлээгүй эрт үед хүйт сэрүү орж, ан амьтан тарга тэвээргээ авсан цагт ав хоморго хийж, их махан тайлга тайж он улирахыг ёсолдог, тэр тайлгын зоог шүүснээс овгийн гишүүн бүрт хувь хүртээдэг уламжлалтай асан тул “хувь сар” хэмээн нэрийдсэн гэж үздэг. “Хундага сархад хуримын дээж, хувь сар жилийн дээж” гэсэн цэцэн үг байдаг нь санаандгүй хэрэг биш. Чухам ийнхүү тэмдэглэдэг учир энэ нь үнэндээ мал ахуйн баяр бус, ан гөрөөний баяр, анчин гөрөөчний зан үйл байсан гэсэн үг.
Миний бодлоор бол энэ нь анх анчин гөрөөчний баяр, ангийн олз омгоос хувь хүртэх баяр байсан нь ч үнэн бөгөөд тэр хувийг харин мал ахуйн цагаан сүү, цагаан идээний баяр болгон ёсолж, монгол угсаатны таван хошуу малтай болсны баяр болгосон болов уу. Зүйрлэж хэлбэл, өнөөгийн бидний ёслон тэмдэглэж байгаа битүү хоол идэж, шүүс идээ голдуухан зооглодог битүүлгийн ёслол маань эртний ангуучин гөрөөчдийн махан тайлга хийж, хүн бүрт хувь хишиг хүртээдэг хувь сарын баярын үлдэл, маргааш нь цагаалгаар голлон ёсолж, цагаан сар хийдэг нь түүний дараа залган гарсан “Цэгээ сар”, “Сүүн сарын” уламжлал мөн болов уу гэж бодогдоно. Битүүнд айл хотынхондоо шөл бууз, баншаар битүүлэг зөрүүлэхээс эхлээд хол саахалт ураг садныхандаа хүртэл таван түрүү махны аль нэгээр ахлуулан битүүлэг ганзагалуулдаг нь эрт цагийн хувь хүртээх уламжлалаа дурсаж байгаа хэрэг байх.

SHARE