“Мичдийн улирлын тоолол” 04

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ

 

Байгал нуурын Ойхон арал дээрээс олдсон аргын VIII зууны үеийн эртний түрэг бичээст бүхүй “аркар-аай бичин киш” /“аргал сар өвлийн зааг”/ хэмээсэн үгс нь грегорын тооллын аравдугаар сарын наймны орчмоос өвөл эхэлдэг гэдгийг тэмдэглэсэн утга төгөлдөр дохио юм санжээ. Чухам эл арлын оршин суугчдаас эхлээд нийт эсгий туургатны дунд “аргал сар” буюу “хуц сар” “мичдийн улирлын тооллын зааг болдгийг” (Bazin 1974, 717) тэмдэглэсэн утга төгөлдөр дохио юм санжээ. Чухамхүү түрэг-монгол ардын уламжлалыг төгс дүүрэн хадгалж байгаа ажээ” (дээрх номд, 724). Бидний бодлоор бол энэхүү “мичдийн улирлын тоолол” нь ангуучин гөрөөчин өвөг монголчуудын аж амьдрал, аж ахуйн хэвшилтэй зохицсон, тэдний өөрсдийн оюуны бүтээл мөн болохыг эл тооллын саруудын нэрс гэрчлэн хэлээд өгнө.
Францын эрдэмтэн Луй Базин “Эртний болон дундад үеийн түрэгчүүдийн цаг цаглабар” номдоо XIII зууны үед монголчуудын хэрэглэж байсан Мичдийн улирлын тооллыг грегорын тоололтой дараахи байдлаар оноосон байна. Үүнд:
Хуби сара /”Хувь олдох сар”- 2-р сарын 4-нөөс “гани сара” /“ганцаар сар” /?/ /буриад/
Хужир сара “Хужир ургах сар”- 3-р сарын 6-наас
Өэлжин сара “Өвөөлж ирэх сар” 4-р сарын 5-наас
Көкүгэ сара “Хөхөө донгодох сар” 5-р сарын 6-наас
Улару сара “Хур-сойр сүрэглэх сар” 6-р сарын 6-наас /бур. Улара, Алтайн түрэг. Уларуу гэдэг/
Эүри (үүр сар) сара “Үүрнээ өдлөн гангиналдах vgj” 7-р сарын 7-ноос
Гуран сара “Гурын орооны сар” 8-р сарын 8-наас
Буга сара “Бугын орооны сар” 9-р сарын 8-наас
Хуча сара “Аргалын орооны сар” 10-р сарын 8-наас
hула’ ан жудун сара “Тэнгэр зудлах, навчис улаарах” 11-р сарын 7-ноос
Йэкэ боруган “Их цасны сар”12-р сарын 6-наас /йэкэ көглэр/, “Их орооны цаг” /ордос хувилбар/
бага боруган “Бага цасны сар” 1-р сарын 5-наас
/бага көглэр/ “Бага орооны цаг” /ордос хувилбар/ (Bazin 1974, 579) Дээрх саруудын нэрсийг тайлбарын хамт харгуулан сэтгээд үзэхэд цөм байгаль-цаг уур, ургамал, ан амьтны амьдралыг бүрнээ тольдон тусгасан болох нь тов тод харагдаж байна. Тухайлбал, “Хужир сар” гэдэг нь цас мөс хайлж урь унасаны дараахь хужир мараа ургаж, эрдэс дэлгэрэх цагийг заасан байхад 4-р сар нь өвөөлж ирэх үеийг, 5-р сар нь хөхөө донгодохуйн үеийг тус тус заан тэмдэглэжээ. Гэтэл 6-р сар бол хур, сойр, хөх ногтруу бөөн бөөнөөр сүрэглэн нисэх нь үзэгдэж 7-р сард эл олон шувуудын үүрэнд ангаахай дэгдээхэйнүүд нь ганганалдан дуугарч өдлөн сөдлөх цаг болохоор нь “үүр сар” хэмээн нэрлэсэн юмсанж, 8, 9, 10-р сар бол гөрөөс, буга согоо, аргал угалзын ороо орох цаг байдаг бол 11-р сар хүйтний эрч чангарч, тэнгэр муухайран сүүлчийн навчис улааран унах цагтай таарч байна. Гэтэл “Их бороон” хэмээх /хиргис, бороон буюу “цасан шуурга”, түрэг, орос, “буран”/ сар нь энэхүү цаг тооллын өлгий нутаг болох Зүүн-хойд Монголын нутагт их цас унадагийг тэмдэглэсэн хэрэг бөгөөд билгийн улирлын тооллын “Их хүйтний” улиралтай таарна. Харин “Бага бороон” хэмээх нь билгийн улирлын “Бага хүйтний” улиралтай таарах бололтой. Бид “Монголын нууц товчоог” хулгана жилийн гуран сард зохиосон гэдгийг санацгаая!

SHARE