“Мичдийн улирлын тоолол” 03

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ.
Эл гурван хувилбараас гадна “Нар, сар, мичид гурвын” домогт Мичид тэнгэрт гарвал их хүйтрэх учиртайн улмаас тэнгэрт гаргахгүй хэмээн үхэр морь хоёр булаалдаж, зуны халуунд оодогнодогоороо би гишгэж дарна гээд түрүүлж очоод гишгэлтэл турууных нь салаагаар гараад тэнгэрт одсон гэнэ. Үхрийн турууны салаанд Мичид шагнаж хайрласан шар өөх бий болсон гэх буюу “Чи юу гэж Мичдийг тэнгэрт гаргав” гэхлээр өвөл болж цасан дээр шир шир дуугарган гишгэлж явах сайхан” гэж үхэр хэлсэн, тэгээд Мичид тэнгэрт гарснаас болж хүйтэрч жилийн дөрвөн улирал ээлжилдэг болсон (МАДҮ 1989, 46) хэмээн хэлэлцдэг байна. Бас үхрийн хамар үргэлж нойтон байдаг болохоор Бурханаас хүйтэн хайрлахыг хүсэхэд Мичдийг өгч хамар нь сэрүүнд хэсэг аятай явдаг болсон ч гэдэг. Аль хувилбараар нь өгүүллээ ч гэсэн үл хувирах нэгэн тогтмол зүйл бол Мичид тэнгэрт байвал хүйтэн болдог, газар байвал халуун болдог, эсвэл Мичдийг үхэр бяц гишгэлж чадалгүй тэнгэрт алдсанаас өвөл зун ээлжилдэг, жилийн улирал солигддог болсон гэсэн санаа юм. Эртний монгол домгийн энэ санаа бол Мичид одон жилийн халуун, хүйтэн улирлын зааг болдог гэдгийг заан хэлж байгаад оршино. Монгол оронд Мичид тэнгэрт үзэгдэхээр сэрүү орж хүйтэн болдог, тэнгэрт үзэгдэхээ болихлоор (бүр алга болдог биш) дулаарч зун болдог нь эл эртний домгийн байгаль цаг уурын шалтгааныг тайлбарлах, цаг цаглабарыг тоолох үндэс болсон болов уу гэлтэй. Тийм ч учраас “өвлийн уур орохоор гардаг хүйтний од-Мичид бол шулмасын баруун гар нь, өвлийн адаг сарын 25-наа жилд ганцхан удаа саран дээр тохиодог “Ласар од” шулмасын зүүн гар юм гэж хэлэлцдэг. Ласар одны тохиолгоор гарах жилийн нурууг шинжиж, гарын хурууны үзүүр, дунд хавьд байвал цастай зудтай болно гэж бэлгэшээдэггүй, бугуйн хавьд тохиовол “алтан шуу” гэж нэрлээд өнтэй жил орохын шинж (МАДҮ 1989, 74-75) хэмээн бэлгэшээдэг ажээ. Дашрамд дурдахад, эртний домог бол бидний төсөөлдөг шиг хий хоосон уран сэтгэмж төдий бус, эрт нэгэн цагийн байгаль, нийгмийн түүхийн ой дурсамж, ирээдүй цагт болох үйл явдлыг урнаар зөгнөн дүрсэлсэн үнэн байдаг. Энэ домог ч гэсэн шинжлэх ухааны хэлээрээ бол Дөрөвдөгч галавт болсон хоёр удаагийн мөстлийн хоорондох зааг хугацаа буюу “Мөстлийн завсар” уур амьсгал зөөлрөн, дулаан уур амьсгалд зохимжтой биет хөгжжээ (Монголын нэвтэрхий толь I, 2000, 597) гэж үздэг . Энэ цаг үед Төв Ази, тэр дундаа Монгол орон одоогийнх шиг өвөл, хавар, зун, намар гэсэн дөрвөн улиралтай байсангүй, харин “өвөлгүй хаврын хэвээр, зунгүй намраар” (Жангарт гардаг шиг) буюу ердөө хоёрхон аятай таатай улиралтай тийм цаг үе байсны ой дурсамж байж болзошгүй. Тэхлээр энд гарч байгаа үхэр, морь, тэмээ зэрэг амьтад нь цаг агаарын энэхүү дараалсан өөрчлөлтөд тэсч үлдсэн амьтдыг төлөөлж байж болно. Тэр дундаа үхэр бол уур амьсгал дулаанаас хүйтэрсэн өөрчлөлтөд дасч тэсч үлдсэн амьтны төлөөлөл гэлтэй. С.Дулам. Цагаан сарын бэлгэдэл, “Соёмбо”, Улаанбаатар, 1992, 63 т.х. номоос авав.

SHARE