“Мичдийн улирлын тоолол” 02

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ.

Бидний үзэхээр бол эл эрдэм ухаан нь эртний монгол домог-зүйтэй ч амин уялдаа холбоотой бөгөөд “Мичид” одон бол хүйтэн, дулаан улирлын өвөрмөц нэгэн зааг болдог ажээ. Тиймээс “Мичид” одны тухай эртний домгийн нэгэн хувилбарт /А/ урьдын урьд цагт Мичид тэнгэрт арван хоёр [од байх] үед газар дээр залгаагаар өвөл болдог байжээ. Эрхий мэргэн харваач Тарвага гэдэг [хүн] газарт байлаа. Тэгээд залгаа[гаар] зун байлгах гэж тэнгэрийн арван хоёр Мичдийг харваж [газар] унагаад, эхэлж адууг “гишгэл” гэхэд үхэр “би гишгэнэ” гээд [урьтан] гишгэхдээ [турууныхаа] салаан завсраар хагасы нь гаргаад алдчихжээ. Үүний улмаас цагийн хагас нь өвөл, хагас нь зун байдаг болсон гэнэ. Эрхий мэргэн уурлан хорсож эрхий хуруугаа тас цавчаад “хагд өвс идвэл хахаж үхнэ, хар ус уувал цацаж үхнэ, эр зовоож, эрэг нүхэлнэ” гэж тангараглан нүхэнд оржээ. Өвөл Мичид гарах үед тарвага ил байдаггүйн учир ийм (МАДҮ 1989, 74) гэж өгүүлдэг. Эл домгийн бусад хувилбарт бол Мичид одыг газар дээрх Хөбүлдэй мэргэний долоон хүү долоон их ид шидтэн байгаад нэг нь мэргэн харавдагтаа эрдэж нар сарыг андгайлж харваад алдсандаа харамсаж тарвага болоход, бусад зургаа нь мичид болсон /В/ гэж (дээрх номд, 74) хэлдэг. Эсвэл эрт урьд Мичид одыг газар байх үед өвөл гэж байсангүй, цаг үргэлжийн хав халуун байжээ. Тэр цагт тэмээ үхэр хоёр [халууцан залхаад] бяц гишгэлж үгүй хийе [хэмээн хэлэлцэхэд] Мичид мэдчихээд үнсэн доогуур нуугдчихжээ. Тэгээд хэн хэн нь “би чадна, би чадна” хэмээн бие биеэсээ булаалдахад тэмээ “том тавхайтайгаараа би гишгэе” гэтэл үхэр “хатуу гохистойгоороо би гишгэлэе, чиний пэмбэгэр зөөлөн таваг дийлэхгүй” гэж хэлээд урьтаж үнсэн дээр гишгэтэл мичдийн хагас нь үхрийн салаа туурайгаар [туруугаар] дээш[ээ] тэнгэрт гарчихсан гэнэ. Тэр цагаас хойш энэ дэлхийд заримдаа хүйтэрч, заримдаа дулаарч өвөл зун ээлжилдэг болсон юм байна. Тэмээ одоо болтол Мичдийг үнсэн доор бий гэж бодоод дээр нь очиж хэвтдэг гэнэ /Б/ (мөн номд) гэхчлэн өгүүлдэг. С.Дулам. Цагаан сарын бэлгэдэл, “Соёмбо”, Улаанбаатар, 1992, 63 т.х. номоос авав.

SHARE