Эртний монгол цаглабарын ёс- “Мичдийн улирлын тоолол”

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ХЭЛ БИЧГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР, ПРОФЕССОР

СЭНДЭНЖАВЫН ДУЛАМ.

Монголчуудын үндэсний баяр “Цагаан сар” дөхөж байгаа тул одооноос зарим зүйлийг бага багаар таниулж байхаар шийдлээ.

Эртний монгол цаглабарын ёс- “Мичдийн улирлын тоолол”

Цагаан сар буюу их ёсны үүсэл гарлыг ардын аман мэдлэг, түүхийн тулгар бичиг, эрдэмтэн мэргэдийн шинжилгээний ном зохиолоос эрж хайхад олон шинэ сонин иш баримтыг олж тогтоож болохоор байна. Энэ нь монголчуудын цаг цаглабарын тухай эртний үзэл бодол, тэр нь аж ахуйн хэвшилтэйгээ хэрхэн уялдан холбогдож ирсэнтэй эн тэргүүнээ хамаатай ажээ. Бидний үзэж шинжилсэн ёсоор бол монгол угсаатны өвөг дээдсийн ангуучин гөрөөчин үеэсээ анхлан баримталж ирсэн цаг цаглабарын ёс бол “мичдийн улирлын тоолол” юм. Өдгөө хүртэл ард олны дунд ам дамжин хэлэлцдэг эл аман мэдлэгийн уламжлал нь чухам л тэнгэрийн утга, газрын товчоонд нэвтэрсэн нүүдэлчин монгол түмний өөрсдийнх нь бүтээл мөн хэмээн санагддаг болой. Үүний хамгийн дөхөм нэгэн гэрч нь “өдөр сарыг алдвал сар мичдийн тохиолгоор ол” гэдэг мэргэн үг юм. Мичид эрхсийн саран эрхэстэй шадарлан тохиох үзэгдлээс эх үүтгэлтэй энэхүү цаглабарын ёсонд намрын эхэн сарын 21-нээ сар мичдийн анхны тохиолго болж, намрын дунд сарын 19-нөө, намрын адаг сарын 17-ноо, өвлийн эхэн сарын 15-наа, өвлийн дунд сарын 13-наа , өвлийн адаг сарын сарын 11-нээ, хаврын эхэн сарын 9-нөө, хаврын дунд сарын 7-ноо, хаврын адаг сарын 5-наа гэхчлэн дэс дараалан сар бүр хоёр хоёр тоогоор буурч тохиосоор зуны эхэн сарын шинийн гурванаа сүүлийн удаа тохиогоод “мичид жилийнэ” гэгч болох буюу эл одон эрхэс тэнгэрт зун үзэгдэхээ больдог байна. Нүүдэлчин монголчууд сар мичдийн эл тохиолгоор тэнгэр хангайн байдал өвөрдөх нь ёс болсон зүйл хэмээн үзэх тул түүнээс өмнө буюу хойно нүүдэл суудлаа амжуулан эмхэлнэ. Чингэхдээ бас сар мичдийн тохиолгыг шинжих зүйл зүйлийн шинжээ буй. Сар мичид тохиохдоо мичид сарны дээгүүр гарвал тохиолгоор тэнгэр муухайрна гэж, харин мичид сарны доогуур гарвал тэнгэр хангай зохирно гэж үзнэ. Түүнчлэн хаврын гурван сарын тохиолго бусад улирлынхаас хатуухан тусах хийгээд тэр гурвын дотроос хаврын эхэн сарын тохиолго нэн бэрх хатуу өнгөрдөг хэмээлцдэг. Хаврын эхээр мичдийн дараа Үүрийн гялаан, Чонын нүдэн гэдэг хоёр гялгар одон тохиовоос нэн сайн гэж үздэг. Эл бүхий цаг тооллын ёс бол хэдүйвээр өдгөө билгийн улирлын ёстой хавсран хэлэгдэх боловч өнө эртнээс малчин түмний маань гярхай мэлмий, соргог сэргэг ухааны толинд хадангатан явсан өдөр тутмынх нь эрдэм мэдлэг юм. Энэ тухай С.Дулам. Цагаан сарын бэлгэдэл, “Соёмбо”, Улаанбаатар, 1992, 63 т.х. номоос авав.

SHARE