Ким Чен Уны амраг байсан гэх Хойд Солонгосын поп-од Хён Сон Вол Пёнчанд иржээ

Хэд хоногийн өмнө Хойд Солонгосын төлөөлөгчид Пёнчанд хүрэлцэн ирж цагаан олимпийн объектуудтай танилцжээ. Сүүлийн дөрвөн жилд анх удаа өмнөд хөршдөө айлчилсан коммунист Солонгосын төлөөлөгчдийг алдарт дуучин бүсгүй Хён Сон Вол ахалсан аж.

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны нууц амраг байсан гэгддэг тэрээр бүсгүйчүүдийн “Моранбон” хамтлагийн гишүүн юм байна. “Моранбон” нь поп, рок төрлөөр дуулдаг Хойд Солонгосын цорын ганц хамтлаг гэнэ. Тус хамтлагийн дуунуудыг намын удирдлага батлан зөвшөөрдөг ба ихэвчлэн эх орны сэдэвтэй дуунууд байдаг аж. Гэхдээ Синатрагийн ”My Way” зэрэг өрнөдийн зарим хит дуунуудыг ч хөтөлбөртөө багтаадаг байна.

Тус хамтлагийг Ким Чен Уны санаачилгаар 2012 онд Өмнөд Солонгосын охидын К-поп хамтлагуудад хариу болгон үүсгэн байгуулжээ. “Моранбон”-ы бүсгүйчүүд хийл, бөмбөр, саксфон зэрэг хөжмийн олон зэмсгээр чадварлаг тоглодог аж. Цэргийн дээгүүр цол хэргэмтэй дуучин бүсгүйчүүд тайзан дээр офицерийн дүрэмт хувцастай гарах нь ч цөөнгүй гэнэ.

“Моранбон”-ы гоцлол дуучин Хён Сон Вол Ким Чен Уныг 2000-аад оны эхээр Швейцарт суралцаад эх орондоо эргэн ирэхэд нь анх танилцсан гэдэг. Тэр үед Хён Сон Вол нэгэн залуутай үерхдэг байсан ч Хойд Солонгосын ирээдүйн удирдагч ятгасаар байгаад залуугаас нь салган үе үе болздог болсон аж.

Гэвч Ким Чен Уны эцэг Ким Чен Ир хүүгээ дуучин бүсгүйтэй үерхэхэд дургүйцсэн тул залуу хос учрахаа больжээ. Олон жил олны хараанаас алга болсон Хён Сон Вол 2012 онд гэнэт “Моранбон”-ы бүрэлдэхүүнд дахин тайзнаа гарахдаа жирэмсэн байжээ. Тэгэнгүүт Өмнөд Солонгосын шар хэвлэлд Ким Чен Ун эцгээ өөд болсны дараа Хён Сон Волтой харилцаагаа дахин сэргээж хөл хүнд болгосон, тэр ч бүү хэл эхнэрээ болгон удахгүй хуримаа хийнэ гэж шуугих болжээ.

Гэвч сэтгүүлчид ташаарсан юм. Хойд Солонгосын удирдагч Ли Сол Ю гэх өөр нэг дуучин бүсгүйтэй ханилсан билээ. Юутай ч өрнөдийн ертөнцөд Хён Сон Волыг Ким Чен Уны бүсгүй байсан гэж, “Моранбон” хамтлагийг Хойд Солонгосын “Spice Girls”гэж бичсээр өнөөг хүрчээ.

Хён Сон Волын тэргүүлсэн 140 хүний бүрэлдэхүүнтэй “Самзийон” чуулгынхан цагаан олилмпийн наадмын үеэр Өмнөд Солонгосын хэд хэдэн хотоор айлчлан тоглож, хоёр Солонгосын аль алинд нь сайн мэддэг сонгодог болон ардын дуу хөжмийг толилуулах ажээ. БНАСАУ-ын чуулгынхан сүүлийн 16 жилд ийнхүү анх удаа өмнөд хөршдөө концерт тоглох юм байна.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE