Хороог нэрэмжит болгохоор “зарлигдахын” оронд хортой утааг нь багасгах бодлого боловсруул, С.Амарсайхан дарга аа!

С.Амарсайхан НИТХ-ын дарга болоод хэдэн сарын нүүр үзэж байна. Дарга болохынхоо өмнө хэлж байсан галтай цогтой “мөрийн хөтөлбөр”-үүд нь яг хэзээнээс биеллээ олох нь вэ гээд нийслэлчүүд нүд бүлтийлгэж суугаа.

Гэтэл мань эр саяхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн нэгэн тогтоолд гарын үсэг зуржээ.

2018 оны нэгдүгээр сарын 31-ний тэр тогтоол Нэрэмжит болгох тухай юм байна. Тодруулбал, “…Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит болгосугай” гэжээ.

Уг нь С.Амарсайхан дарга өнөөдөр /2018.2.2./ тохиож байгаа МАН-ыг үүсгэн байгуулагч Их жанжин Д.Сүхбаатарын төрсөн өдөрт зориулж ийм тогтоол гаргасан юм шиг байгаа юм.

Гэхдээ юм учиртай.

Үнэхээрийн хүндэлж, шүтдэг намынхаа үндэслэгчийн нэрэмжит болгох ажлыг ямар зорилгоор, яаж гэж хийх вэ гэдгээ тэр бодох ёстой юм.

Учир нь өнөөдөр Улаанбаатарт тулгамдаад, балраад НИТХ-ын дарга С.Амарсайханы гарыг харж, амыг хүлээж байгаа ажил зөндөө бий.

Жанжны нэрэмжит болгосон Баянзүрх дүүргийн 12 дугаар хороог харъя.

Тэнд Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байр, Жанжин клуб хоёр бол бий. Тэгээд тэр чигээрээ гэр хороолол. Жанжин Д.Сүхбаатарын амьдарч байсан XX зууны тэр л төрхөөрөө утаан дундаа умбаад л, Хүүхдийн мөнгө, НӨАТ-ын буцаан олголт, за тэгээд дахин төлөвлөлт хүлээсэн иргэд олонтой хороо юм.

Тэр хороог нэрэмжит болголоо гээд орон сууцаар хангаж, тулгамдсан асуудлуудыг тусгайд нь шийдэх хэрэг үү. Үгүй шүү дээ.

Тийм учраас хороог нэрэмжит болгохоор “зарлигдаж” суухын оронд ядаж хортой утааг нь багасгах бодлого боловсруул, С.Амарсайхан дарга аа.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE