Г.Занданшатарыгаа хазаарлахгүй бол Засгийн газар чинь хазайлаа, Ерөнхий сайд аа!

Эр хүн хов зөөх муухай л гэдэг юм. Гэхдээ хэлэхгүй өнгөрөхөөр олон хүн, цаашлаад улс маань хохирч магадгүй гэж бодогдоод байна. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэнд хүргэх “хов” байна.

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх гэдэг хүн томилогдоод 100 гаруйхан хонож байна. Их л шүүмжлүүлж байгаа харагдана. Ажил хийж байгаа хүн шүүмжлэл, ховоос хол явна гэж байдаггүй хорвоо л доо. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөртөө болоод танхимынхаа сайд нарт хяналт тавих зайлшгүй шаардлага байна гэж харагдаад, сонсогдоод байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газрыг муухай харагдуулж байгаа сайд нар байна аа. Хүн болгон мэдэж байгаа. Сайд нарыг нь муухай харагдуулах хэн нэгний ажиллагаа Засгийн газрыг завааруулж байгааг бас үгүйсгэж болохгүй л дээ.

Гэхдээ л улс ийм ядуу байхад үнэтэй, ганган жийп унадаг ойгүй тэнэг сайд байх юм. Тэр жийп амь насыг нь хамгаалдаг хуягт гэх шахуу тайлбарлаж сууна лээ.

Зуух тараана гэж “амьтан”-ы хилэнг бадраадаг бас нэг нөхөр байна. Улс төрд удаагүй нь түүний буруу биш. Гэхдээ улсаа бодоод тэр хүслээсээ татгалзах л хэрэгтэй хүн байна лээ.

Боловсролын сайд гэж нэг золигийн эмэгтэй очжээ. Амнаас гарч байгаа хий болгон нь, ажилд авсан хүн бүр нь асуудал дагуулна. Тэр эмэгтэй сайд АТГ-т ч удахгүй дуудагдаж магадгүй дуулдаад эхэлсэн байна лээ.

Уул уурхайн сайд нь гэж булиа түрэмгий нөхөр бас бий. Оюутолгой Монголд ашиггүй гэдгийг зүлэг ногоон дэвжээнд зодоглож байхдаа л сонсож явсан баймаар. Гэтэл Монголынхоо төлөө хүн шиг дуугарсан дэд сайдаа хална, солино гэж загнав. Энэ хүн төрийн сайд болохоос хувийн компанийн захирал биш. Тэгээд ч улс төрийн дэвжээ гэдэг олны төлөө дуугарч сурах ёстой унахад яс янгинамаар хатуу эд шүү гэдгийг мэдрүүлмээр хүн байна билээ.

Эд ч яахав, алдааг нь ойлгуулж засч залаад явбал салбарын яамаа аваад явчих биз.

Харин ховлохоос аргагүй нэг хүний тухай мэдээлэл чих дэлсээд удлаа. Тэр хүн бол ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар юм.

Г.Занданшатар дарга сүүлийн үед засгийн ажлыг дангаараа мэддэг болсон гэнэ. Гэхдээ ганцаараа биш л дээ. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нар Засгийн газраас хийж байгаа томилгоо, элдэв шалдав зохицуулалтыг хийдэг болсон гэцгээж байна. Он гарсны дараахан Төрийн банкны 70 захирлын талыг цомхотгосон. Бас тус банкны гүйцэтгэх захирлыг сольсон. Төрийн банкны гүйцэтгэх захирлаар очсон Г.Дөлгөөн нь Хэнтийн аймгийн Засаг дарга Н.Ганбямбын хүү болж таарсан. Тиймээс нутгийн ах Н.Ганбямбынхаа хүүг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилчихлоо гэсэн мессэж тарсан. Гэтэл Г.Дөлгөөн нь УИХ-ын гишүүн Б.Жавхланг Монголбанкны дэд ерөнхийлөгч байхад цэрэг нь байсан. Ер нь бол Б.Жавхлангийн хүн гэж байна.

Ээн мэтээс эхлээд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хийж буй томилгоонуудад Г.Занданшатар, Б.Батзориг, Б.Жавхлан нарын ашиг сонирхол яаж ийгээд ороод байгааг улс төрийн хүрээнд хүний, өөрийн намынхан ярьж эхэлцгээсэн байна.

Одоо тэднийг Жижиг дунд үйлдвэрийн сангийн зээл, Хөгжлийн банкийг Төрийн банк шиг бужигнуулах, “Эрдэнэт үйлдвэр”-т элдэв томилгоо хийх гээд олон ажлыг отож байна гэж хардацгааж байна.

Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Занданшатарыгаа хазаарлахгзй бол Засгийн газар нь хазайж мэдэхээр болсон гэсэн үг. Учир нь эдгээр мэдээлэл үнэн эсэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх л ноттой баттай болгож чадна.

Хэрэв худлаа бол сайн. Харин үнэн бол хортой. Хаврын чуулган эхлэв үү үгүй юу асуудал хүндрээд эхэлнэ. Өмнөх Ерөнхий Ж.Эрдэнэбат яаж уналаа даа. Угтаа тэр хүн өөрөөсөө болоогүй. Танхимын сайд нар нь янз бүрийн “хэрэг” мандаагаад л засгаа татаж унагасан шүү дээ.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE