Х.Баттулга та Ж.Оджаргалын ч Ерөнхийлөгч шүү!

Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч юм. Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн үндсэн үүрэг нь л энэ.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бол тав дахь нь юм. Өмнө нь П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэдэг дөрвөн Ерөнхийлөгч байлаа.

Ерөнхийлөгчийн институци өөрийн хуультай, түүгээр тогтоосон үүрэг хариуцлага, эрх мэдлийн хэм хэмжээтэй. Өмнөх дөрвөн Ерөнхийлөгч энэ хүрээнд ажиллаад л ирсэн. Гэхдээ тэднийг тойрсон эрхээ хэтрүүлэн эзэн хааны хэмжээнд оччих гээд байна гэдэг шүүмж байнга дагаастай байдаг байв.

Энэ удаад ч бас Х.Баттулга Ерөнхийлөгч тийм үгнүүдийг сонсох нээ. Гэхдээ тэднээс ч дор агуулгатай юм.

Женко Х.Баттулга, М Си Эс-ийн Ж.Оджаргал хоёрын сөргөлдөөн, тэмцлийг Монгол даяараа мэднэ. Олон жилийн өмнөөс хэрүүл ууруултай явж ирсэн хоёр. Хэвлэлд ярихаар “…Уг нь бид хоёр чинь нэг нутаг байгаа юм” гэж хоёулаа ярьдаг. Баянхонгорынх л доо. Гэвч ил далд зөрчил нь тэмцэл болж хувирсан хүмүүс байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2018.2.1/ М Си Эс компаниас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд “…Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба хийсэн гэх “Дахиад 2 %” нэвтрүүлэг нэгдүгээр сарын 29-нд Eagle телевиз болон нийгмийн сүлжээгээр цацагдаж, М-Си-Эс Групп “Цэвэр агаар” төслөөс 47,2 сая ам.доллар авсан, хятад канад зуух шахсан хэмээн гүтгэлээ. АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн Банкнаас Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлахад хэд хэдэн компани түүний дотор Сэлэнгэ Констракшн ХХК-ийн оруулж ирсэн турк зуух олон шалгуураар тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан, нэг дор 10 сая ам ам.долларын зуух оруулж ирэх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцөлийг Сэлэнгэ Констракшн компани биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул М-Си-Эс Группт хандсан юм. Монгол Улсын Засгийн Газрын уриалгын дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп уг төсөлд хамтран оролцохдоо 17,8 тэрбум төгрөгийн зээл авч төслийг амжилттай хэрэгжүүлсэн, улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Төслөөр айл өрхөд хятад, канад зуух шахсан явдал огт байхгүй. Олон улсын байгууллагууд нь жишиг болохуйц амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн уг төслийг Төрийн тэргүүний удирддаг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба олон жилийн дараа ийнхүү гүтгэлэг болгон цацаж, нийгмийн сайн сайхны төлөө хувийн хэвшлийнхний гаргасан санал санаачлагыг мохоох гэж оролдож байгааг эсэргүүцэж байна” гэжээ.

Яг үнэндээ М Си Эс компани зуух шахаж мөнгө идсэн үү үгүй юу гэдгийг хууль хяналтын байгууллага олж тогтоох болохоор энэ асуудал маньд хамаагүй болж байгаа юм.

Хэрвээ Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн алба нэвтрүүлэг бэлтгэж цацаад, түүндээ м Си ЭС-ийн Ж.Оджаргалыг “Цэвэр агаар” төслөөс их хэмжээний мөнгө авч зуух шахсан гэж гүтгэсэн нь үнэн бол Ерөнхийлөгчид хэдэн үг хэлэх хэрэгтэй болж байгаа юм. Х.Баттулга бол Монгол Улсын Ерөнхийлөгч хүн. “Эртний” өст М Си Эс-тэйгээ энэ өндөрлөгөөс зууралдах хэрэг байна уу. Одоо та АН-ын гишүүн биш, МоАХ-ны тэргүүн бус, Женко компанийн эзэн бүр ч биш.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндсэн үүргийг сана. Эв нэгдлийг илэрхийлэгч, эвлэлдүүлэгч бай. Магадгүй, Ж.Оджаргалыг дуудаж уулзаад “…Бизнесийн амжилт хүсье. Хуулийн дагуу ажиллаарай” гээд нутгийн хоёр, хамгийн гол нь Монгол Улсын Ерөнхийлөгч шиг ганц сайхан гар барьчих л даа. Ж.Оджаргалыг тэвэр гээгүй.

Тэгээд ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийг ингэж дорд оруулж, доош нь хийж болохгүй юм. Том байх хэрэгтэй, Ерөнхийлөгч өө. Ер нь бол та Монгол Улсын бүх иргэнд Ерөнхийлөгчийн хувьд хандах учиртай. Явсаар та Ж.Оджаргалын ч Ерөнхийлөгч шүү.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE