Ц.Цогзолмаа сайдын ТАЗ-д хүргүүлсэн “захиа”-наас юу уншигдаж байна вэ?

Б.ДАМДИН-ОЧИР

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг тойрсон хэл ам хоёр дахь Засгийн газрын өнгөн дээр үргэлжилж байна.

Уг нь анх энэ ажилд Б.Баярсайханыг томилсон. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар сүүлчийнхээ хуралдаанаар түүнийг чөлөөлж, оронд нь Ж.Болормааг томилсон.  Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар гарч ирээд Ж.Болормааг чөлөөлчихөв. Ингээд энэ албан тушаалд хэн нэгнийг томилолгүй өнөөдрийг хүрээд байгаа юм.

Энэ хооронд өмнөх Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Захиргааны шүүхэд хандахад, шүүхээс түүнийг чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, ажилд нь буцаан томилохыг даалгасан байна.

Гэвч Засгийн  газар шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэлгүй өнөөг хүрснээр БСШУСЯ-нд энэ асуудлаар нэлээд “хэрэг” мандаж байгаа бололтой.

Учрыг ухвал Ж.Болормааг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлсний дараа Төрийн албаны зөвлөлөөс тус яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлажээ. Гэтэл энэ сарын 19-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаад Төрийн албан зөвлөл нь дээрх сонгон шалгаруулалтыг хууль зөрчиж зарласан гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Захиргааны шүүхийн энэ шийдвэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг ихэд бухимдуулсан бололтой. Тэрээр энэ сарын 25-нд Төрийн албан зөвлөлд Мэдээлэл хүргүүлэх тухай 10/868 дугаар бүхий албан тоот илгээжээ. Яг үнэндээ үүнийг нь албан тоот гэхээсээ захиа гэмээр эд байна.

Ц.Цогзолмаа сайд үүндээ “…Шүүгчийн энэ шийдвэрээс үүдэн тус яам Төрийн нарийн бичгийн даргагүй болж, цаашид яамнаас хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаа тасалдахад хүрч байна” гэжээ. Мөн “…Яам нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой шийдвэрийг өдөр тутамд гаргадаг тул үүрэг гүйцэтгэгчийн шийдвэр нь хуулийн этгээдийн хувьд илт хохирол учруулах нөхцөл байдлыг үүсгэж байна”, “…Иймээс яамны эд хөрөнгөд шууд хохирол учрах нөхцөл байдал бий болж байна” гэжээ.

Эндээс үзвэл Ц.Цогзолмаа сайд Төрийн нарийн бичгийн даргыг нэгэнт гарсан шүүхийн шийдвэр, Засгийн газрын хуралдаанаар бус Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтаар “сонгох” сонирхолтой байгаа аж. Тиймээс дээрх сонгон шалгаруулалтад анкет, материалаа өгсөн хүмүүсийг анзаараад үзэхэд гэмгүй л юм байна.

Нөгөө талаар Ц.Цогзолмаа сайд Төрийн албан зөвлөл рүү илгээсэн захидалдаа дурдсан шалтгааныг Засгийн газартаа яагаад уламжлаагүй нь анхаарал татна. Хэрвээ хэлж ярьсан бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх шүүхийн шийдвэрийг үл ойшоогоод, эсвэл төрийн албыг, тэр дундаа БСШУСЯ-ны эд хөрөнгөд хохирол учиртал гүрийж суух хэрэг юу байна вэ гэдэг асуулт бас гарч ирнэ.

Эцэст нь хэлэхэд, төрийн алба хэн нэгний үзэмж, харцаар бус хууль журамд заасан ёсоор тасралтгүй үргэлжлэх учиртай билээ. Ийм л зүйлийг энэ “захиа”-наас олж үзэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

SHARE