Зогсолтгүй урагш тэмүүлэгч найрагч

Яруу найрагч, орчуулагч, Соён гэгээрүүлэгч, Бадарчийн ХишигУндрал

Миний бие чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөөний төлөө яваа хүмүүстэй тувт хутгалдаж олон жил тэдэнтэй ойр дөт явсан болохоор хэн нь чухам хэн болох тухай өөрийн гэсэн ойлголттой болсон. Жишээ нь:”Сонгох цаг”, “Ялагдашгй ганцаардал”… гэх зэрэг хэд хэдэн сонирхолтой номын зохиогч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Бадарчийн Хишиг-Ундрал болбоос зохиолч орчуулагч бөгөөд сонин, сэтгүүл, радио, телевизийн аль алинд нь адил тэгш хүчээ сорьж амжилтад хүрсэн авьяаслаг зохиолч сэтгүүлч. Зогсолтгүй урагш тэмүүлдэг. Зорилго тавьж зүтгэдгээс гадна амьдралын тухай асар өөдрөг бодолтой, нөн хичээнгүй, нэн бүтээлч нэгэн. Яруу найрагч Б.Хишиг-Ундрал өөрийгөө сэтгүүлч, зохиолч, орчуулагч хэмээн хэлүүлэх хэмжээнд хэдийнээ хүрсээн. Хааяа түүнтэй тааралдахад ямар ч сэдвээр чөлөөтэй ярихын зэрэгцээ харь орны зохиол, бүтээлээс их ярина. Тэгэхээр дандаа сонгодгийг нь ярина. Уншиж ухаан нь задарсан учраас л тэр. Уншихынхаа хэрээр Ундрал улам хөгжсөөр явна. Тиймээс түүний өмнөх ирээдүй нь өнгөлөг байна. Амжилт хүсье.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Дашдондов (“Бийрээр бичсэнийг балтаар цавчсан ч үл балармой”…номоос)

 

 

МЭРГЭДИЙН ЦЭЦЭРЛЭГ

Эртний мэргэдийн хуучин цэцэрлэгт

Эрт цагийн дарс шимэх нь жаргалтай

Эрдэнийн чулуунд сийлсэн шүлгийг нь уншихад

Эмүүдэй цэцэгс гоо охидод хувирах нь гайхалтай

Ухаант өвгөдийнхөө тарьсан жимсний модноос

Улаахан интоорыг идэх нь амттай

Уран бийрийнхээ үзүүрийг навчист нийлүүлэн

Урины шувуудыг багтааж зурах нь мэдрэмжтэй

Хөгжимлөг дуутай хосхон болжморууд

Хайртын минь цэцэрлэгт жиргэх нь сонсголонтой

Хаш чулуунд сийлсэн Равжаагийн дууг

Халхын охид дуулах нь ухааралтай

Нар тусаагүй моддын тэртээхэн чөлөөнд

Нууцлаг охид шумбадаг тунгалаг нууртай

Нар туссан Явуугийн модны дэргэд

Надтай марал буга учрах эртний ерөөлтэй.

 

ЗҮҮДНИЙ ЦАГААН УНАГА

Бичиж чадаагүй шүлгэндээ шаналж

Билгүүн орчлонгийн замаар бэдэрч л явна

Бодлын шувуухай хэзээ өдлөн жигүүрлэхийг

Буурал болтлоо хүлээхээс дээ гэж гуниглалаа

Хоног хоногийн зүүдний таринт судраас

Хонгор цагаан зүс унага үүрсэн давхилаа

Хөх огторгуйн одны гэрлээр чиг барьсаар

Хишиг-Ундралын эдлэн дэх ижил сүрэгтээ ирлээ

Цонхны цаана цас намуухан бударсаар л…

Цагаан азарганы дэлэнд сондорлон хэлхэгджээ

Цаасан дээр зурж чадаагүй шүлгийн минь

Цалин цагаан монгол хээ тэр байжээ

Оргилсон сэтгэлийн галтай дуудлага эгшиглэж

Он он жилүүдэд шаналсан шүлгээ бичлээ

Ороо хонгорхон зүүдний цагаан тэр унага

Онгодын цагаан азарганы минь унага байжээ

Бичсэн шүлгийн минь зүс цагаан хонгорхон тэр унага

Будран нойрсох цасыг цэцэгэн туурайгаар тамгалан

Бэлхийн эдлэнд орсон шинэхэн цасан дээр

Бадарчийн удмын түүхийг шүлэглэн бичиж тоглоно

Шинэхэн цаснаар үүрсэн давхиж ирсэн

Шүлэг найргийн минь цагаан тэр унага

Огторгуйн оддын цэцэрлэгт хүрээлэнгээс бууж ирсэн

Онгод хийморийн минь цагаан унага тэр байжээ

2016.03.04 11 цаг 23 мин Бэлхийн ам

 

ХАРАМСАЛ

Гунигтай амьдрал хорвоод мундахгүй юм

Гутраад байвал сөхөрч унах нь эмгэнэлтэй юм

Гучин хэдхэн насандаа Болд-Эрдэнэ, Уянга нар

Гургалдайчуудыг баярлуулсаар хорвоогоос буцсан байх юм

Хөгжимлөг салхинд зээрийн янзага урласан

Хөнгөн бийрнийх нь үзүүрт цус дуслаа гэж үү

Хөгжмийн нот шиг нисэлдэх шүлгийнх нь шувуудыг

Хөх тэнгэрийн зэрлэгүүд тасдаж хаясан гэж үү

Уруугаа харсан асуултын тэмдэг шиг амьдралаас

Уйдаж цөхөрсөн зон олон даанч хөөрхийлөлтэй

Уран худалч цагаан захтнуудын найрлахыг сонссон

Ухаант мэргэдийн сүнс дагжин чичрэх нь яалтай

Гашуудлын хөгжим эгшиглэхэд магтаал бүхэн хуурамч

Газарт хүнийг нутаглуулахад хүрз шороо л үнэтэй

Галгүй нүдээрээ эх орноо халаглан харахад

Галзуугийн эмнэлэгийн өвчтөнгүүд л хамгийн жаргалтай

Алтанд ханаагүй эмс охидынх нь шунал

Архинд цадаагүй живсэн эрчүүдийн өлсгөлөн

Ариун газар шороогоо харийнханд худалдсан баячууд

Авьяас билэгтнүүдийг адалж цээрлүүлсэн мунхагууд

Үнэний төлөө шаналсан найрагчийн халуун зүрхийг

Үнс чандар шиг галдан шатаасан заяа

Үлгэрийн төгсгөл шиг амьдрал мөрөөдсөн хүүхдүүдийг

Үлээвэр хөгжмийн гунигт аялгуугаар нойрсуулав

Гараг эрхсийн одод тэнгэр зүсэн харвалаа

Гал нь буурсан нүдээрээ би эхэр татан уйллаа

Газар эх, тэнгэр эцэг минь бидэнд хэлж өгөөч

Гашуудлын энэ хөгжимд чинь төгсгөл гэж байна уу

 

ЭРГЭЖ БИ ИРНЭ

Гишгэж буй газар шороондоо би шингэнэ

Гэгээн намрын мөнгөн хяруу шиг ууснам

Гэгэлхэн сэтгэлийн аяз холоос сонсогдох мэт

Гэв гэнэтхэн хаврын бороо болж буцаж ирнэ

Анир чимээгүйхэнд бодлогошрох өвгөдийн сэтгэлд

Анхилуун нялх ногооны үнэртэй эргэж ирнэ

Асан дүрэлзэж амьдарсан он жилүүдийг гэрчлэн

Арслангийн зогдор шиг урсгалт усаар эргэж ирнэ

Наран жаргасан хойно үдшийн бүрийгээр

Найзынхаа тарьсан модыг услахаар эргэж ирнэ

Нялх хүүхдийн гэгээн инээмсэглэлтэй андаа дурсаж

Навчин дээр нь би шүлэг бичихээр эргэж ирнэ

Хөх цэнхэр өдрүүдийн хайрын түүхийг сонсгохоор

Хөхөөн дууны улирлаар хөлгөн судартай ирнэ

Хүүгээ санасан эхийн сэтгэлийг баярлуулахаар

Хүслийн хязгаараас би шуудангийн захидал болж ирнэ

Эргэж ирнэ би, эргэж ирнэ

Эх дэлхийгээсээ би явах хүсэлгүй

Эх дэлхий надаар дутах болохоор

Эргэж ирнэ би, эргэж ирнэ

2006 он

 

 

ОРЧЛОНГ БИ МЭДЭРЧ ЯВЪЯ ДАА

Турь муутай гарт бийр хүндэрч

Төгөлдөр ертөнцийг дуулан байж чадашгүй нь

Гавал дүүрэн оюуны толинд туссан

Гараг эрхэсээр дүүлэх шүлгэн хүлэг минь давхи!

Бадаг шүлэг нэрийг маань мөнхлөн сийлэх

Боржин чулууг хүүгээр минь бүү хөндүүлээрэй

Уйлж дуулж явсан төрсөн биеийг харин

Улалзах галд зоригтой хийгээрэй нөхөд өө

Үржил шимгүй газар шороонд чандрыг маань

Үзэсгэлэнт цэцэрлэгийн бордоо болгон цацаарай

Хожмын өдрийн зуны тэр цэцэрлэгт

Хайрын романсыг хүмүүс дуулах бизээ

Шаргал навчис найрласан намрын тэр цэцэрлэгт

Шүлгийн ном уншсан залуус цуглах бизээ

Цас эрхлэн нойрсох өвлийн тэр цэцэрлэгт

Цасан хүн урлан хүүхдүүд тоглох бизээ

Булгийн ус ундарсан хаврын тэр цэцэрлэгт

Бадарчийн удмынхан амьдран жаргах бизээ

Найрагчийн гэрээслэлийг биелүүлэн баярлуулсан

Наран доорх баяр цэнгэл бүхнийг би адислая

Яруу найрагч нэрээ чулуунд чимэглэн сийлээгүй ч

Яах вэ дээ орчлонг би мэдэрч явъя даа

 

ЦАГААН АЛТ

Хонгорхон гэргий Г.Мөнхжаргалд

Алдаж онож уйлж явахад минь

Асуулгүйгээр нулимыг минь арчдаг

Амьдралын минь эгэлийн эгэл чимэг болсон

Алаг хорвоогийн уул хань чамдаа би өртэй

Наран цонхоор туссан тэр гайхамшигт өдөр

Найргийн Янжинлхам бурхныг саваагүйтэн би

Нарийн бийр, бэхэс нийлүүлэн зуржээ суухад

Намбалаг чиний минь хөх инээд хүрээ бизээ

Цагаа хүлээсэн найргийн хүсэлд сэтгэл шатсан

Цаглашгүй тэмүүллийн онгод минь тэр байжээ

Цагаан нөмрөгтэй Мөнхжаргал гэдэг охин та

Цаг нь болохоор гэргий минь болох ерөөлтэй байжээ

Гуниг баяр хосолсон хорвоогийн энэхэн амьдралд

Гурав дарсан гэзгээр чинь аргамжиж орхиод

Гэрэл гэгээ хүсэж амьдарна гэж шүлэглэчихээд

Гудиггүй зан гарган тагш юманд согтож гомдоосон нь үнээн

Яруу найргийн үүрийн туяа болсон үрсийг минь

Ясныхаа заадлыг салган байж алтан хэвлийгээсээ төрүүлсэн

Ялгуун тэнгэр доор агуу түүхт бодьгалын өмнө

Янжинлхам бурхан бид хоёулаа их өртэй шүү

Александр Сергевич Пушкины төрсөн өдрөөр

Алт шиг шүлэг бичиж чамдаа зориулья гэж бодлоо

Алт алт л гэж шижир алтыг хэлдэг бол

Амьдралын жинхэнэ шижир цагаан алт нь чи минь юм даа

Цацруулсан гэрэлт энэ амьдралд би чинь

Цойлж, унаж, цовхорч, дэвхэрч явахад минь

Цочмог зан гарган ялын тогтоол уншаагүй

Цагаан алт болсон чамдаа би их өртэй шүү

2017.06.06

 

УЛ.ДОБРОЛЮБОВА 9/11

 

Элэнц хуланцын маань гэрээслэн үлдээсэн

Эртний шувууны ховор үүр

Эрхэст огторгуйн наран цонхтой

Ээжийн захиаг хүлээсэн шуудангийн хайрцаг

Галтай чулуугаар барьсан халуун зүрх

Гал алдана гэж айхгүй айл голомт

Гавал дүүрэн оюунтай төрсөн Явуу

Ганзага хоосон буцаагүй юм шүү

Сонгодгууд амьдарсан дивангарын түүхтэй

Сэтгэлийн гал бадраасан мөргөлийн сүм юм

Сүрэнжав найрагч хаалгыг нь тогшиж ороод

Солгой хоолойгүй дуучин болсон юм шүү

Дусал бэхээрээ хүн төрөлхтөнг мөнхөлсөн

Дурсамжит хүмүүсийн гэр музей юм

Дугтуйг нь задлаагүй нууцхан захидал шиг

Добролюбовын гудамж дах оюутны байр юм шүү

1998.04.10

Москва хот

SHARE