Москва слезам не верит /Уянгын эссэ/

 

 

Бадарчийн ХИШИГ-УНДРАЛ

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч, орчуулагч

Ариун сэтгэлийн минь толь мэт Москва гол намуухнаар урсана. Урсах урсахдаа уйтгар гуниг баяр баясгалангийн минь луужин шиг хөлөг онгоцоо тээж урсана. Эргэн тойрон сүрлэн байшин барилгаар хүрээлэгдсэн Москва голынхоо гүүрэн дээр би ийнхүү эх орон, ижий буурлыгаа санагалзан “Өнгөрсөн, одоо, ирээдүй” хэмээх цаг хугацааны гурван уулзвар дээр үзгээ хавчуулсан тэмдэглэлийнхээ дэвтрийг өвөртлөн зогсоно. Намайг төрүүлээд намайг өсгөсөн нарлаг Монгол орон та сэтгэл зүрхэнд минь шувууны өндөг шиг оршсоор л байнам. Эх орон таныхаа алган дэрээ дэрвэн жиргэдэг дэгдээхэй шиг байсан эгэл жирийн хөвүүн чинь алс холын Москва хотоос сэтгэлийн хадаг өргөн байж тантайгаа мэндчилье…

Төрсөн газар усныхаа шивнээг сонсон байж нутгаа тэмцэн гүйдэг хүлэг морь шиг тэмүүлэх сэтгэл минь эх орон таныхаа сүрлэг уулсын оройг сэрүүнээр зүүдэлнэ. Хүнд санахын жаргал гэж байнам. Тийм болохоор санасан сэтгэлийнхээ баярын нулимсыг амталж үзэхсэн гэсэн орь хүслээ би ч хүмүүсээс ч нууж явлаа. Тиймээс би энэ өдрийнхөө тэмдэглэлийг “Москва слезам не верит” хэмээн сэтгэлд нийцтэйгээр бичихийг минь зөвшөөрнө үү.

Ээждээ бичсэн захидал 1997.09.17-нд Москва хот

Хайрт ээж минь

Алс холын Москва хотоос та бүхэндээ элгэмсэг сэтгэлийнхээ хадаг өргөн байж Бадарчийн хүү би бээр захидлаа бичиж байна. Таны минь өргөсөн сүүн цацал торгон дээлийн минь мөрийг норгосон гайхамшигт тэр хормыг би ахин дахин дурсан бодох дуртай билээ ээж минь.

Тэгээд л галт тэргэнд суугаад холоо явахдаа би гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явсаар нэг л мэдэхэд аугаа их Москвюа хотын иргэн болчих юм даа. Хүн төрөлхтний оюуны соёлын их уурхай болсон энэ хотын номынх нь дэлгүүр, баялаг номтой номын сан нь миний гайхлыг төрүүллээ. Энэ бүхнийг би Монголд очоод ээждээ ярина даа гэж бодоход хүртэл хичнээн сайхан байгаа гэж санана. Хайрт ээж минь. Хүн төрөлхтний оюуны амьдралд томоохон байр эзэлдэг аугаа их соён гийгүүлэгчид энэ л хотоос жигүүрлэж төрсөн тухай сонирхолтойхон нэгэн материал сонинд хэвлэгдсэнийг би уншаад олон зүйлийг эргэн бодоход хүрлээ. Нэг үгээр хэлбэл би хүний л хүү юм бол өөрөө л сурах учиртай. Би хүний хүү л юм бол бүтээл туурвилтай байх ёстой шүү гэсэн омог бардам эрмүүн сэтгэлээр өөрийгөө зоригжуулдаг болов. Тийм болохоор л “Хүү минь ямагт өөрийн гэсэн бодолтой яваарай” гэсэн таны минь хэлдэг үг одоо ч миний чихэнд сонсогдсоор байна. Саяхан би аугаа их сонгодог хөгжмийн зохиолч суу билигт Моцартын амьдрал уран бүтээлийн тухай “Харанхуй шөнийн зурвас” гэдэг номыг сургуулийнхаа номын сангаас авч уншлаа. Энэ номноос би өөртөө нэгэн шинэ ертөнцийг шинээр нээж эргэцүүлэн бодож үзлээ. Аугаа их Моцартын амийг Сальери хороосныг бодоод би дотроо зүхэж байсан. Харин энэ номыг уншаад Сальерийг бишрээгүй ч дотроо үнэлэх болов. Учир нь тэрээр өөрөө аугаа их хүн байсан болохоор аугаа их суутныг ойлгож мэдэрч, атаархаж байжээ. Хорвоог хөгжмийн нотоор дуурсган гийгүүлэх авьяас Сальерид байсангүй, гагцхүү аугаа их хөгжмийн багш болохыг тэнгэр бурхан түүнд заяажээ. Өнөөдөр уран бүтээлч бүхэн “цаг хугацаа бүхнийг хэлж өгнө” гэж ярих дуртай. Тэгвэл урлаг өөрөө цаг хугацааны мөнхийн орон зайд оршдог нь гарцаагүй үнэн билээ. Миний уншиж амжаагүй уул овоо шиг номууд намайг хүүгээ санасан эхийн сэтгэлээр тавиур дээрээ хүлээсээр л байна. Үүгээр энэ өдрийг захидлыг түр өндөрлөе! Хайрт ээж минь!

Морьд үүрссэн Монгол орондоо цайныхаа дээжийг хүүдээ өргөн сайн сууж байгаарай. Танаасаа ирэх захиа бүрийг чинь шувуудаа санасан хаврын нуур шиг хүлээх болно шүү. Аз жаргалтайхан сайхан амьдарч яваасай гэж та бид хоёрын үргэлж сэтгэл уярам хүсдэг хүмүүс бол гагцхүү сайн хүн, сайхан сэтгэлтэй бүх хүмүүст хандсан ээж хүү хоёрын ариун сэтгэлийн уриа болог. Эртний үлгэрийн төгсгөл шиг сайн сайхан хувь зохиолууд бидний амьдралд дүүрэн байх болтугай ээж минь!

Өдрийн тэмдэглэл 1997.09.10-нд Москва хот

Мөнхөд дүрэлзсэн бадарсан галынхаа гэрэлд би энэ өдрийнхөө тэмдэглэлийг бичих санаа минь төрсөн юм. Учир нь түүх бүхэн өөрийн гэсэн хувь заяатай байдаг нь хэзээнийх билээ. Хүүхэд байхдаа “Эх орныхоо төлөө амиа өргөе. Харин бууж өгөхгүй бид ялна” хэмээн омог бардам, хатан зоригийн илэрхийлэл болсон мөрүүд Брестийн цайзын газар доторх нэгэн хонгилд Алёша Новак гэдэг 19-хөн настай хүү амьсгал хураахынхаа өмнө цусаараа бичсэн тэмдэглэлийн тухай би номноос уншаад сэтгэл их хөдөлж билээ. Усанд нь гар дүртэл дүрэлзэн байсан дайны хүндхэн он жилүүдийн түүхийг нуруундаа үүрсэн Оросын ард түмэнд өнөөдөр ч хүн төрөлхтөн сөгдөн биширдэг юм. Тэгвэл зуу гаруй жилийн өмнө Ф.Достоевский “Би Орос орныхоо хувь заяа ирээдүй хойчид итгэнэм” хэмээн итгэл төгсөөр боддог байжээ.

Өнгөрсөн шөнө би Лев Николаевч Гумилевийн номыг уншиж байгаад ширээгээ дэрлэн дуг хийчихжээ. “Оюун санааны ганцаардал гэдэг амьдын тамтай адил ”хэмээн тэр аугаа их хүн номынхоо хуудсаа төгсгөсөн нь учиртай юм. Нэгэн цагт Ромен ролланы бичсэнээр “ тэр аугаа их хүн борооноор мэндэлж , аадар бороотой мэт байлаа ”…гэж бичсэнийг би эргэн санаж байна. “Яруу найраг тогтмол хэмжигдэхүүн” гэсэн томьёололыг би үнэхээр биширдэг. Ер нь яруу найрагч, зохиолчдын уран бүтээлтэй танилцан амьдралыг өөр нэгэн шинэ цэг дээрээс харья гэсэн уншигчид Жойсыг уншихын өмнө Платоновыг , Платоновыг уншихын өмнө Ф.Кафкаг уншсан байх ёстой. Мөн Фолкнерийг ойлгохын тулд эхлээд Хэмингуэйн гүн ухааныг ойлгох ёстой гэж би хувьдаа ойлгодог. Оюун санааны аврага том хүмүүс заавал томоохон хот нийслэлээр дамждаг. Энэ нь цус заавал зүрхээр дамждагтай адил юм. Үндэсний оюун сэтгэлгээний хөгжлийг тодорхойлох тийм хувь хүн маань нийслэлээр дамждаг байна . Яагаад гэвэл соёл иргэншлийн төв нь заавал нийслэлдээ байдагт оршино. Нэг үгээр хэлбэл хүн оюун санааны хувьд эрийн цээнд хүрсэн хүмүүстэйгээ уралдан бие биеэ хөглөн өгдөгт л гол нь байгаа юм. Энэ ч утгаараа хүний сүр хүч гагцхүү сэтгэлгээндээ оршдог болохыг гэрчилнэм…

Саяхан би намрын бороо цас холилдон орсон Москвагийн гунигтайхан өдөр шинээр гарсан Олон улсын уран зургийн үзэсгэлэнг очиж сонирхлоо. Тэнд олон сайхан бүтээлүүд тавигдсан байсан хэдий ч Сергей Шученко гэдэг оюутан залуугийн зурсан “Сүүлчийн дурсамж” гэсэн зураг миний сэтгэлийг их догдлуулсан юм. Би уг зургийн агуулга, зохиомж, утга санаатай нь холбоотой “Зураачын тэмдэглэл ” гэдэг өгүүллэг бичихээр бодолд эзлэгдэн шаналж байсан. Харин энэ зураг миний сэтгэлийн чавхдасыг улам яруу эгшиглэнтэйгээр хөглөж өглөө. Өөрөөр хэлбэл одоо бодол ханачихсан болохоор бичих гэдэг миний хувьд тийм хүндхэн асуудал бишээ ! …

Тэргэлхэн үдэш Москва хотод хаанчлалаа тогтоох мэт нам гүмхэн анир айлчлан зочилжээ. Залуусын гитарын цоглог аялгуу оюутны байранд  эгшиглэсээр л …  Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн эгэл жирийн оюутан би сэтгэлд элгэмсэг санагдсан энэ л өдрийнхөө уянгын тэмдэглэлд сайныг ерөөж цэг залья ! Цагийн зүү дагаж дэлхий минь эргэсээр л  …

Цоглог дуугаар түрлэг нэмж дуулах оюутан залуусын дуунд баяр гунигийн нулимс ч амьдралтайгаа бүтэн багтжээ… Гэвч Москва нулимсанд дургүй болохоор л маргаашийн шүлгэнд минь “Туурвин бүтээж үхлийг ялах ” цаг хугацаа оршном.

Добролюбовийн гудамж 9/11.

 

SHARE