Улстөрждөггүй, хийрхдэггүй ганц Дархан аваргыг улс төр оролдоод эхэллээ

С.Санаа

Үндэсний бөхийн Дархан аварга цолтой хүчтэн цөөхөн. Олон байх боломж ч байхгүй. Үнэхээрийн шалгарсан, шилэгдсэн, төрсөн бөхчүүд энэ цолд хүрдэг билээ. Тэр хэрээр тэд ард түмний дунд хүндлэгдэж, хайрлагдаж байдаг юм.

Үүгээрээ гул барьдаг уу, эсвэл бөхөөс гаднах сонирхол, боловсрол нь байдаг уу Дархан аваргууд, аваргууд улс төрд ордог моод дэлгэрсэн. Улс төрд ордоггүй юм гэхэд өөр бусдаар олны анхаарлаас гаралгүй, хэл ам татлаад байхаа тэд мэднэ.

Харин энэ цаг үед нэг мөрөөрөө амьдарч, улстөржилгүй, хийрхэлгүй үлдсэн ганц Дархан аварга үлдсэн нь “Өндөр” аварга Г.Өсөхбаяр юм. Ааг омог яриад, аягүй таагүй явбал чадахаар эрэмбэ, удам угсаа түүнд бий. Гэхдээ тэр тэгдэггүй юм. Өндөр аваргын тухай ингэж хэлэхгүй хүн олдохгүй дээ.

Харин сүүлийн үед Засгийн газар солигдсон биш Эрүүл мэндийн яамны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар ажилладаг Г.Өсөхбаяр аваргын гэргий Б.Нарантуяаг элдвээр гоочлов. Авлига авсан гэлээ. Шоронд орлоо гэв. Бүр сүүлдээ аварга хүртэл өөрөө өдөр тутмын нэгэн сонинд “…Үгүй шүү дээ” гэж ярьсан байсан. Харин эрүүл мэндийн сайдаар томилогдсон Д.Сарангэрэл “…Б.Нарантуяаг чөлөөлнө” гэж мэдэгдэж байснаараа саяхан тушаал гаргаж чөлөөлсөн байна.

Улс төрийг чи сонирхохгүй байсан ч улс төр чамаар оролддог гэсэн үг бий. Өндөр аваргыг улс төр оролдоод эхэллээ гэж олон түмэн ярьж байна шүү, цаана чинь.

Эх сурвалж: www.news1.mn

SHARE