Цаст Гималайн цагаан бүргэд

 

 

Бадарчийн ХИШИГ-УНДРАЛ

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч, орчуулагч

…Оюун ухаан, гэрэлт авьяасаараа манай эринийг ивээсэн суут Эйнштейн, Дали, Ганди зэрэг их хүмүүстэй суудал зэрэгцэн мөнхөрсөн орос ээжийн хүү Николай Константинович Рерихийг эх дэлхий зулайдаа залсан юм.

Зураач, яруу найрагч, археологич, философич, олон нийтийн зүтгэлтэн түүнийг хүн төрөлхтөн оюун ухааны оргилыг эзэгнэнхэн төрсөн “Цаст Гималайн цагаан бүргэд” хэмээн авгайлан хүндэлдэг.

Тэрээр XIX зууны 1874 онд төрж, XX зууны дунд үе болох 1947 оныг хүртэл 83 насыг наслахдаа нэг хүний нэгэн амьдралд багтамгүй эрдэм соёл, урлагийн арвин санг хүн төрөлхтөнд үлдээсэн аугаа их бишрэлт хүмүүн юм.

Оюун ухааны ертөнцийн хаалгыг зөөлхөн тогшсон түүний анхных нь зураг товчхон бөгөөд тодорхой байдаг. Оросын уламжлалт сэхээтэн тайж гаралтай Н.Рерих багаасаа уран зурагт сэтгэлээ өгч алдарт Куиндэнд шавь орж эцэс төгсгөлгүй эрлийн их аяндаа морджээ.

Цас бороо холилдон орсон Петербургийн гунигтайхан бүүдгэр өдөр урлагийн академийн хаалгыг татаж орсон нэгэн залууг бидний хэн ч анзаараагүй гэдгийг бурхан ч гэрчилдэг. Ариун сүмийн хаалгаар орсон тэрбээр их сургуулийн хууль, хэл бичиг, түүхийн факультетийг дүүргэсэн байна. Шинжлэх ухааны хөдөлмөрийг урлагийн ертөнцтэй хослуулан Европыг Ази, Оросыг Монгол, Төвд, Энэтхэгтэй холбон судалж гандан бууршгүй бүтээлээ туурвин хойч үеийнхэндээ үлдээсэн аугаа их соён гэгээрүүлэгч болсон юм.

Мөнх хөх тэнгэрийн дор морьд үүрсэн янцгаасан Монгол орон түүний ухамсарт амьдралынх нь нэгэн хэсэг байлаа. Төв Азийн соёлын уурхайд эрэл хайгуулынхаа ажлыг хийхээр гэргий Елена Ивановна, хүү Рерих Святослав нарын хамт Н.Рерих анх 1926 онд Монголын талд дөрөө мултлан түр саатжээ. Торгоны хээ уулзуулах шиг энэ агшин бол монголчуудыг судлан дэлхийн түүхийн тавцанд гаргасан Л.Н.Гумилевийн ач гавьяатай агаар нэгэн байлаа.

Орос ээжийн хүү Н.Рерих болон түүний гэр бүлийнхний шинжлэх ухаан, уран бүтээлийнх нь намтарт “Монгол” орон онцгой байр эзэлдгийг Монголын үе үеийн сэхээтнүүд гэрчилнэ.

Зуу зуун жил хаашаа одном бэ гэсэн мөнхийн энэ асуултад дорно дахиныг магтан дуулсан академич Н.Рерих дэлхийн урлагийн түүхэнд “Монголын” гэж орсон бүхэл бүтэн цуврал сайхан зургуудыг билиг оюун, бийрийнхээ ид шидээр туурвин бүтээж харуулсан юм.

Н.К.Рерихийн зохион байгуулсан Төв Азийн экспедицийн ажиллах нэг гол хэсэг нь “Монгол” орон байсан бөгөөд түүний үр дүн нь дэлхийн газар зүйн шинжилгээний алтан санд “Монгол” гэсэн томьёолол орсон явдал юм.

Азийг хамарсан энэхүү экспедицийнхэн /1925-1928/ нэн чухал бүтээл болсон түүний уран зургуудыг урлаг судлаачид хоёр хувааж каталогид оруулан үзсэн нь үнэхээр гайхалтай. Энэ нь Төвд, Энэтхэгт зурсан зургууд нь хүрэн улаан өнгөөр зонхилсон бясалгалын хэл сэтгэлгээ гаргаж чадсан байхад хөхөмдөг, цэгээн өнгийн хөх өнгөнд шингэсэн зургууд нь Монгол орон, монголчуудын дотуур ухааны жинхэнэ дүр төрх хэмээн дүгнэсэн байдаг.

Элэнц хуланцынхаа үеэс баялаг түүхэн намтартай Монгол орон Н.Рерихийн сэтгэлийн чавхдасыг яруу эгшиглэнтэйгээр хөглөж өгсөн гэдгийг уран бүтээлийнх нь гэрэлт харгуй батлан харуулдаг.

Ялагдаагүй Монгол орон ялгуулсан шинэ нийгмийнхээ тугийг мандуулсан асан тэр цагийг нүдээрээ үзэж сэтгэл зүрхээрээ мэдэрсэн Н.Рерих “Монголын ард түмэн шинэ эрин зууны далбаан дор саруул сайхан ирээдүйгээ байгуулж байна” хэмээн бахархан өгүүлээд “Улаан морьтон” зургаа Монголын Засгийн газарт бэлэглэн мэхийн ёсолжээ.

Тэрээр Энэтхэг-Гималай-Төвд-Хятадын Туркестан-Алтай-Монгол, дахиад Хятад-Төвд-Гималай-Энэтхэгээр аялсан тухайгаа “Азийн зүрх”, “Алтайн Гималай” зэрэг номондоо сонирхолтойхон өгүүлсэн төдийгүй “Монгол орон ертөнцийн хүчирхэг амьсгал” гэж дуу алдан дэлхий дахинаа зарласан бүлгээ.

Өдгөө цагийн өндөрлөг дээрээс энэ их хүний өвд хандахдаа зураачийнх нь хувьд хэнтэй ч андуурахгүй таньж болох тэр өнгө төрх, Азийн өндөрлөг, Монголын  тал   нутаг,   эртний  домог,   Төвдийн   ноён  уулс,   нирвааны   ертөнц,

философичийнх нь хувьд “Агни Иога” буюу буддын гун ухааны бодь сэтгэл, энэрэнгүй үзлийг орчин үеийн нийгмийн харилцаанд хэрхэн нэвтрүүлэх шинэ эрэлхийлэл, археологичийнх нь хувьд Монгол, Төвд, Энэтхэгийн зан үйл, түүх дурсгалыг судалж дэлхийн соёл иргэншил бүхэн бүрэн нэгдэл болох тухай, олон нийтийн зүтгэлтний хувьд, урлаг соёлоор дамжуулан бүх нийтийн энх амгаланг цаг ямагт байлдан дагуулагчийнх нь хувьд хүн төрөлхтөн мартах ёсгүй билээ.

Орос төдийгүй дэлхийн утга соёлын нэрт эрдэмтэн, соён гийгүүлэгчдийн дунд Рерихийн гэр бүл онцгой байр эзэлдэг. Түүний амьдралын чин үнэнч хань Елана Ивановна философийн олон бүтээл бичиж үлдээсэн эцэж цуцалтгүй хөдөлмөрч хүн байсан бол хоёр хүү нь дорно дахиныг судлан Юрий Рерих /1902-1960/, зураач, сэтгэгч олон нийтийн зүтгэлтэн Святослав Рерих /1904 онд төрсөн/ нарыг мэдэхгүй сэхээтэн гэж үгүйсэн билээ.

Хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаны төлөө ариун сэтгэлээ зориулсан энх тайвны төлөө тэмцэл нь энэ гэр бүлийг нэгэн цул бодьгал шинжээр нэгтгэжээ.

“Тэд дөрвүүлээ тал бүрийн авьяастай, өргөн боловсролтой, цаглашгүй хөдөлмөрч хүмүүс байсан. Тэдний амьдралд нь хялбар замаас бусад нь цөм байлаа” гэж Рерихийг судлагч Леонид Мирохин тэмдэглэн бичжээ.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар,нэрт академич Ш.Бира өөрийн багш Юрий Рерихийн тухай “Анх Рерихийн ажлын өрөөний бүх зүйл нь миний бишрэлийг төрүүлж билээ. Юуны түрүүнд хэдэн мянган сонин сайхан ном, өөрийн нь аав Николай Рерихийн зурсан маш сайхан зургууд байлаа. Гэвч миний өмнөөс харан суугаа хүн өөрөө гүн их мэдлэгтэй, эелдэг сайхан харилцаа, монгол хэлээр чөлөөтэй сайхан ярьж байсан нь намайг их бишрүүлсэн юм…” хэмээн бахархан дурсчээ. Тэгвэл хоёр дахь хүү Святослав Рерихийн уран бүтээлд Оросын уран сайхны соёл, Өрнөд, Дорнодын соёл бие биедээ нэгдсэн байдгийг судлаачид үнэлсэн буй. Аавынхаа уран бүтээлийг залгамжилсан энэ бүхэн түүний хүүхэд ахуйд өгөөмөр бэлэг болсон. Лондонд болон Нью-Йоркийн Колумбын их сургуульд суралцаж, Харвардын их сургуульд аспирантурт суралцсан нь өрнөдийн уран сайхны соёлын янз бүрийн чиглэлийн өргөн мэдлэг олгожээ.

Аугаа их хүний үр хүүхэд ч гэсэн хойч үеийнхний оюун санааны билэгдэл болсоор л ирсэн амьд түүх энэ.

“Энэ орчлонд төрсөн хүн бүхэнд билгийн нүд буй. Гагцхүү тэр нүдээ үргэлж нээх хэрэгтэй” гэсэн түүний гэрээслэл нь бидний үеийн мөрийн хөтөлбөр төдийгүй ирээдүй рүү тэмүүлсэн тунхаг мэт санагдана. Сэтгэлд уярал ухаарлын хөгжмийн нот эвлэн хадагдмой. Сэрүүхэн салхитай Гималайн ноён оргил солонгорон гэрэлтэх ахуйд билиг оюунлаг Николай Рерих Рерих “Хүн чамд”  гэсэн  шүлгээ тэрлэн бичихээр бийр цаасыг нийлүүлмой.

Орон дэлхий чамд итгэлээ өгч

Огторгуйн наран чамд илчээ өгч

Оломгүй далай чамд эрчээ

Од мичид чамд гэрлээ өгч

Гавал дүүрэн оюунтай төрсөн

Ганзага дүүрэн олзтой төрсөн

Дивангарын удамт хүү

Дэлхийн гаригийн ууган хүү

Эхийн сүүнээс ундарсан булаг

Эцгийн мутраас дүүлсэн харцага

Эвийн хайраас амилсан цэцэг

Энхийн нарнаас харвасан цацраг

Яруу тунгалаг ялгуун цоглог

Яндаж бууршгүй агуу гайхамшиг

Бурхан Богдын хувилсан дүр

Буян бясалгасан түмэн шавь нартаа

Цаст Гималайн царман дээрээс

Энх мөнхийн ерөөл айлтгая!

Рерих өвгөн мэхийн ёсолъё!” хэмээн хүмүүст урам хайрлан, хүн төрөлхтнийг бишрэн хүндэтгэсэн юм.

Гавал дүүрэн оюунтай төрсөн эрхэмсэг энэ хүний амьдрал уран бүтээл нь гараг эрхэсийн ертөнцөд үл багтам оюунлаг болохоор өчүүхэн бичээч би сайныг ерөөж цэг залъя.

Оргилд хүрэхийн төлөө Н.К.Рерих амьдраагүй юм шүү! Харин орчлонгийн хүмүүсийг ариусган гэгээрүүлэхийн төлөө тэмүүлэлтэйгээр амьдарч явсан нь давс мэт гашуун үнэн.

Шидэт бийр, билиг оюунаараа хүн төрөлхтний түүхийг хөлгөн их судартаа дархлан бүтээсэн Николай Константинович Рерихийн хөргийг хойч үеийнхэн оюун ухааныхаа ариун сүмд залан биширсээр л…

Харанхуйгаас өөрийгөө гэрэлтүүлэн бусдыг гэгээрүүлсэн тэрээр оюун санааны ноён оргилд цаст Гималайн цагаан бүргэдийн сүр хүчээр нэхэл хатуутайхан цаг хугацааны билэгдэл болсоор л байна бус уу…Аугаа их хүмүүний ур ухаан, уран бийрийн увидаст биширмүй.

SHARE