“Эрдэнэт үйлдвэр”-ийг авсан хүмүүс Багануурын нүүрсний орд руу дайрав уу?

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2017 оны намрын чуулганы нээлтэд үг хэлэхдээ “…Улсын хөрөнгөөр хайгуул нь хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынхад найр тавьж өгдгийг болиулъя” гэсэн билээ.

 

Тэгвэл улсын төсвөөр 1974-1975 онд хайгуулын ажил, 1988-1989 онд гүйцээх хайгуулын ажил, 2014-2015 онд нэмэлт хайгуул хийж нөөцийг нь тогтоосон “Багануур” ХК-ийн олборлолт явуулдаг Багануурын орд газрын нэг хэсэг нь “Алтайн гянт” гэдэг хувийн компанид шилжиж магадгүй болоод байна.

 

АМГТХЭГ –аас 2006 оны арваннэгдүгээр сарын 6-нд Багануурын орд газарт багтах талбайд газарт хайгуул хийх 12164Х дугаартай лицензийг “Алтай голд” ХХК-д олгожээ. Үүнээс ганцхан жилийн дараа буюу 2007 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн АМГТХЭГ-ын Геологи уул уурхай, кадастрын хэлтсийн дарга, одоогийн УИХ-ын гишүүн Лу.Болд 2375 дугаар шийдвэр гаргаж 12959А дугаартай ашиглалтын лиценз олгосон байна. Гурван жилийн дараа “Алтай голд” ХХК нь лицензээ “Алтайн гянт” ХХК-д шилжүүлжээ.

 

Ингэж улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газарт хайгуулын лиценз олгож, ганцхан жилийн дотор түүнийг нь ашиглалтынх болгосон. Энэ лицензээ эзэмшигч компани нь бусдад шилжүүлжээ гэсэн үг.

 

 

Харин дээрх лицензийг 2012 оны аравдугаар сарын 23-нд АМГ-ын даргын 616 дугаар тушаалаар хүчингүй болгосон байна.Үүнээс хойш Багануурын ордыг тойрсон “Багануур” ХК, “Алтай голд” ХХК, “Алтайн гянт” ХХК, мөн АМГТГ гэсэн гурвалжин дөрвөлжин “хэрүүл” шүүхийн танхимд болсоор өнөөдрийг хүрсэн байна.

 

 

Уг нь Ашигт малтмалын тухай хуульд “…Улсын төсвөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан. Гэтэл хайгуул байтугай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байгаа юм. Түүнчлэн шүүхэд очсон баримтуудаас харахад  Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журмын 25.1.5-д хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, 25.1.6-д хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт зэргийг үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан байдаг.

 

“Алтай голд” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлд үндэслэн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо Төв аймгийн Баяндэлгэр сумын Засаг даргын тухайн үеийн АМГТХЭГ-т гаргасан 2007 оны 6 дугаар сарын 12-ний өдрийн 05/70 тоот албан бичигт “Алтай голд” ХХК нь манай сумын нутагт 12164Х тоот лиценз Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө батлуулан биелүүлж ажиллаж байгаа болно” гэх тодорхойлолтыг ашигласан байж болзошгүй байгаа юм.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга “Багануур” ХК-нд ирүүлсэн 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/1577 тоот албан бичигтээ “Бид зөвшөөрөл хүссэн санал өгөх мэдэгдэлтэй танилцаад тухайн талбай нь батлагдсан хилийн цэсээр Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэрт харъяалагдахгүй тул уг саналыг дэмжих боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг нь Баяндэлгэр сумын Засаг дарга нь тухайн үед шаардлагатай лавлагаа, тодруулга хийхгүйгээр үндэслэлгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн нь харагддаг гэдэг.

Баяндэлгэр сумын Засаг даргаас тодруулахад тухайн үед зохих газруудаас лавлагаа тодруулга авалгүйгээр тодорхойлолт гаргаж өгсөн тухайгаа тайлбарласан.

Мөн Багануур дүүргийн Засаг даргаас “Алтай голд” ХХК нь Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 12164Х тоот лиценз эзэмшдэг бөгөөд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн ажил хийдэг гэсэн тодорхойлолтыг гаргуулан авсан байна. Багануур дүүргийн Засаг дарга АМГТХЭГ болон “Багануур” ХК-иас мэдээлэл, лавлагаа авалгүйгээр ямар ч үндэслэлгүй тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. “Алтай голд” XXК нь Багануур дүүргийн Засаг даргад хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй холбогдох тодорхойлолт авахаар хандаж байсан эсэх талаар лавлагаа авах зорилгоор “Багануур” ХК нь 2011 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2/10 тоот албан бичиг, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 04/980 тоот албан бичгийг явуулж байсан. Багануур дүүргийн Засаг дарга болон ЗДТГ-т ямар ч албан бичиг ирүүлж байгаагүйг 2011 оны 02 дугаар сарын 4/05 тоот, 2015 оны 10 дугаар сарын 3/293 тоот албан бичгүүдээр мэдэгдсэн. “Алтай голд” ХХК нь Багануурын нүүрсний ордод нэг ч цооног өрөмдөж хайгуул, нөхөн сэргээлтийн ажил, ашиглалтын ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаагүйг “Багануу”р ХК-д ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа удирдлагууд, геологи, технологи, маркшейдер инженерүүд баталдаг. Иймээс “Алтай голд” ХХК нь хууль бусаар 12959А тусгай зөвшөөрлийг авсан байх үндэслэлтэй гэхээр байгаа юм.

Энэ мэтчилэн Багануурын ордыг тойрсон маргаан шүүхээр явж байгаа юм. Төр ордоо хувийн компанид алдчихсан. Тэрийгээ авах гээд шүүхдэлцэж байна гэсэн үг.

Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдрийн магадлалаар “…нэхэмжлэгч “Алтайн гянт” ХХК-ийн АМГ-ын даргын 2012 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 615, 616 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, лицензийг сэргээхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 12959А дугаар лицензийн эрхийг сэргээхийг даалгах шаардлага бүхийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай”  хэмээн шийджээ. Харин “Алтайн гянт” ХХК энэ шийдвэрийг эсэргүүцэж Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. Шүүх хурал өнөө маргаашгүй болно. Хэрвээ Улсын Дээд шүүх Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж чадвал улсын төсвөөр хайгуул хийсэн, Монгол Улсын стратегийн орд газар бүтнээрээ төрд үлдэх юм.

Ер нь бол, “Алтайн гянт” ХХК-ийн ард нөлөө бүхий хүмүүс байдаг тухай мэдээлэл байдаг. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг өөрийн өмч гэдгийг Улсын Дээд шүүхээр саяхан баталгаажуулж авсан “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин “Алтайн гянт” ХХК-тай холбогдож байгаа юм.

Үргэлжлэл бий…

Эх сурвалж: news1.mn Н.Оргил

 

SHARE