Архивын үйл ажиллагаанд шилдэг технологийг нэвтрүүлнэ

Нийслэлийн архивын газраас энэ онд хийж хэрэгжүүлсэн гол ажлууд болон 2018 оны ажлын төлөвлөгөөгөө танилцуулав. Нийслэлийн архивын газар 2018 оныг “Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд төрийн байгууллага, албан тушаалтны үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил” болгон зарлахаар төлөвлөсөн байна. Энэ хүрээнд архивын баримт бичгүүдийг цахимжуулах ажлыг үргэлжлүүлэх, дүүргүүдэд архивын тасаг ажиллуулах, байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдлийн үнэлгээг нэвтрүүлэх, нөхөн бүрдүүлэлтийн чанарыг дээшлүүлэх, арга ажиллагааг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах аж. Мөн архивын үйл ажиллагаанд өндөр хөгжилтэй орнуудын шилдэг технологийг нэвтрүүлэх чиглэлээр гадаад харилцаагаа өргөжүүлэхээр төлөвлөжээ.

Тус байгууллага энэ онд иргэдийн ажилласан жил тогтоохтой холбогдох бичиг баримтуудын 98 хувийг цахимжуулж, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбар болон www.lavlagaa.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан 9742 иргэнд 21 нэр төрлийн үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн иргэд архивын лавлагааныхаа хариуг нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв болон өөрт ойр байрлах архивын аль ч салбараас авах боломжийг бүрдүүлжээ. https://edoc.ub.gov.mn цахим хуудсанд нийслэлийн 1018 байгууллагыг бүртгэж, өдөр тутмын баримт бичиг боловсруулах, хянах, шилжүүлэх, батлах, илгээх, хадгалах, архивлах үйл ажиллагааны шуурхай байдлыг хангасан байна. Мөн төрийн байгууллагуудын архив, бичиг хэргийн 14 мянга гаруй албан хаагчийг сургалтад хамруулж, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэв гэж нийслэлийн Архивын газраас мэдээллээ.

хуваалцах