Уул, Өвгөн хоёр

 

Ч.Лодойдамбын 100 жилийн ойн нэрэмжит оны шилдэг богино өгүүллэгийн “Утгын чимэг-2017” наадмын шилдгийн шилдэг “Цомын эзэн”-ээр Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт зохиолч Санжийн Пүрэв тодорлоо.

 

Байрангийн даваанаас баруун хойш дуниартах тэр цэнхэр уулын салхи урьхан хонгор. Хоёр их говиор хормойгоо хулдаж тэнгэрт завилсан адууны нэртэй аргамаг цэнхэр ууланд удам залгаж голомтоо бадраасан Мятав өөрийгөө тэр тэнгэрийн уулын эзэнд тооцно. Тэр цэнхэр уул, тэр хөх өвгөн хоёр аль алиндаа амь. Тэр цэнхэр уул өвгөний залуу нас. Айлууд нүүж суух, худаг ус гаргаж хашаа хороо барих, хурга ишиг хөнгөлхөд хүртэл тэд Мятаваар дутна. Мятав залуудаа арван хуруугаа мойнийж, алд биеэ агчтал хоршооны мал тууж нар салхинд үжирсээр нас биеийг эвхсэн.

Тэр цаг нэгэнт үлгэр болж, Мятав өдгөө тохьтой насыг дөрөөлжээ. Дөч шүргэсэн түүний авгай авсан сураг тэр жил дайны цагийн өртөө зар мэт хоногтоо л тэр цэнхэр уулын айлаас айлд хүрсэн удаатай. Мятавын эхнэр хотод малаа тушаадаг “Махкомбинат”-ын яргачин хүүхэн гэсэн тун таагүй үг чих шүргэсэн ч тэр хүүхэн унд ус сайтай, урин зөөлөн, олонтой нийцтэй учир төдөлгүй түмэнд сайн хэлэгдэж, Мятавыг олон жил мал туусны хэргээ бүтээсэн гэлцэв. Алтайнхан нэг саймсарсан хүндээ чөтгөр ч байсан нүүр буруулдаггүй зантай. Эднийх хоёр хүүтэй, том хүү эрдэм номтой гэсэн нэрнээс цаашгүй түүнээсээ илүү шуналтай, гадны тонуулчийн өмнө хавцар шиг эрхлэж, харагдаж үзэгдсэнээ ухдаг гэсэн хорон үгийг байнга дагуулна. Хүн харахад түүн шиг сэргэлэн хүнгүй. Мятав том хүүгээ хэдийдээ ингэтэл шуналын дэв, нүдний өргөс болсныг мэдэхгүй. Эдний удам сударт ч ийм хүнгүй.

Тиймээс хүүгээ “Үхсэн хойно яс өндөлзүүлэх тархи” гэж сэрдэнэ. Олзонд шунасан хүн амьд бэрд гэсэн үгтэй. Том хүү бузгай боломжийн алба хашиж, томоор хөдөлнө. Олохыг олдог, олсноо яадгийг мэдэгдэхгүй хоосон гуяа ганзагалж явна. Тэр хүү зэсийг алт, зээрийг хулан болгоод хүнийг молигодож дөнгөнө гэлцэнэ. Тэглээ гээд өрцнөөс унаж, өврөөс өндийсөн үрээ эцэг хүн яалтай. Нэг өдөр хүү нь “Өнөөдөр улсууд ирнэ, тэдэнтэй хайгуулд гарна” гэлээ. Мятавын санаанд өнөөх хөх уул өндөлзөөд ирэв. Хүү тэр уулыг “Манай Монголын үүц” гэдэг байв. Мятав хэсэгтээ хар цагаан дуугүй сууснаа мод толгойгоо гутлынхаа хоншоорт омогтой тогшин “Чи алт мөнгөөр дутаа юу. Энд тэндгүй газар ухаж амьтан хүнтэй уралцлаа, лусын хорлол лүд… Дээдсийн сүнс чамайг хараана” гэвэл хүү том могой эрээн зангиагаа хоёр тийш займруулан зассаар наг наг хөхрөн “Өө… яа, яа… Манай аав жинхэнэ хувьсгалч төрхөндөө орчихлоо. Аав минь дээ, одоо чинь цаг өөр болсон гэж дургүйг нь хүргэлээ. Мятав төрөлхийн хэдэр тул “Чөдөр байдагсан болоосой, гувруу гүйтэл ороолгохсон, чамай хүүхээг..” гэж заналаа. Хүү тэгсхийгээд өнөөх ирэх улсаа угтахаар алга болов. Хүүгийн хомхойрч гялалзсан нүд, олз омогт шунасан овжин төрх аавынхаа омгийг бадраажээ. Мятав эртнээс газар шинжилгээний гэх гадаад хүнийг бишгүй харж нүдний сониу гарсан. Одоо бас ямар гээч нь өлөв долов хийгээд ирэхийг хэн мэдлээ. Гэтэл ирсэн улсын дунд зүс царай өөр, үс ноос болсон хүнгүйд Мятав бараг баярлав. Инээж хөхөрсөн хэдэн залуус, хоёрын зэрэг хонгоо барьж өгзөг тонтойлгосон тааран жадгар өмдтэй бүсгүй хүүхэд харагдаж өвгөн “Могой алахад мод нэмэргүй, эд юу ч билээ” гэж санав.

Тэр охид өгзөг бөгсөө эвтэйхэн цагдвал овоо зүс царайтай охид байлаа. Мятав тэднийг хээр хөдөөгийн ажилд нэмэргүй гэж гоочилсон хэрэг. “Та нар дахиад газар сэндийлэх үү” гэж Мятав хүүдээ омогдлоо. Хүү мөрөө хавчисхийн тохуутай хөхөрч “Сайхан залуус шүү, аав минь.. Манайх одоо ийм юманд гадны хүн зарахаа больсон. Зарагдсан хүн олсноо авдаг цагт гадны хүнээр яахав” гэвэл Мятавын санаа цайрсангүй “Газар сэндийлхэд хүний өөрийн ялгаа юу байна. Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохойтой адил” гэж санан “Энэ тархи юу л сэдээд яваа бол” хэмээн дотроо ихэд сэрдлээ. “Тэгээд эд чамаар яах болж байна гэж Мятав хүүгээ хяламхийв. Нутаг усаа мэдэхээрээ би эднийг хамаандална.. -Чи ч дээ.., өөрийгөө мэдэхгүй тархи.. Гадуур тэнэж газар ухахаас өөр чадах юм чамд алга. Олны ам муруйсан хүн угаасаа олиггүй. Чиний хураасныг дэлхий даахгүй гэлцэж байна. Сав хэмжээтэй, хүү минь.. гэвэл хүү зантгар толгойгоо цагнайлган хөхөрөв. Инээдэм биш дээ.. Би өтөлсөн хойноо элдэв муу үг дуулмааргүй байна.. гэсээр Мятав аргаа барав.

Тэгээд хүүгээ яван явтал дахин үг сольсонгүй. Харин хажуу айлын өвгөн Нямтай ганц шил бор дарс хувааж дотроо онгойлголоо. Ням идэр залуугаас нэгдэл нийгэм байгуулж, дараа нь нурааж үрэн таран хийж үхэхээс бусдыг үзсэн элдэвтэй толгой. Танай Цамба барагтай юманд уурга чиргүүлэх хүн биш. Одоогийн хүүхдийн ухааныг чи бид гүйцэхгүй. Өнөөдөр чамд энд үглүүлж сууна, маргааш хаа байгаа Америкт өнөө Трамп ноёнтой панз үсэргээд сууж чадах улс. Хүүхдийн хэрэгт бүү орогтун, одоо юм сэдэж хийдэг хүнийг гар хумхисан нь атаархаж ам хавшин муулж амьдардаг цаг гэж Нямыг айлдваас Мятав, “Хийссэн нурман дээр шалз шиг хэдэн шалдан хүүхэс үлдээмээргүй байна. Байгаа жаахан юмаа хүний өөрийнгүй цөлмөж дуусгалаа. Манай энэ сагсгар хар одоо нутгаа ухаж төнхөхөөр дутаж гэнэ” гэвэл Ням, “За чи бид хоёрын үг нохойн амаар нийллээ, хө.. Цамба шиг хүү заяасанд баярла. Маргааш чиний хонины ээлж шүү, хоёул “Хараа” үлгэхгүй, “Болор” шимнэ гээд элдэвтэй хөхрөв. Мятав харьсан хойноо учир нь олдохгүй хүүгээ “Энэ хүн ер юу л хийгээд явна, энэ төрд “Аавынх” гэж нэг хэцүү айл байдгийг мэддэг хүн үү, үгүй юү, энэ тархи” гэж сэрдэв. Гэтэл “Идэж уусан хүнээр шорон дүүрдэг бол нэг аймаг бүү хэл энэ дэлхий дийлэхгүй” гэж Нямын хэлсэн санаанд бууж бас ч эргэлзэв. Гэхдээ ганц Цамба идэж залгидаг биш бололтой… гэхээс хүүгээ өршөөнө. Мятав байдал тандахаар захиргаагаар ортол хэдэн залуу шатар дээр толгой нийлүүлэн ухаан малгайгүй байлаа.

Тэднийг хараад Мятав “Өнөөдөр чинь хагас сайн өдөр байжээ” гэж санасаар сурсан зангаараа шатар өнгийтөл харын талын ганц шалдан хүү эсрэг талын бэрсний аманд орчих шахаад цодойж байв. Түүнийг гүйлгэн харсан Мятав, “Наад хүүг чинь идлээ” гэвэл нэг нь дээшээ ч харалгүй, ангайсан аманд гүйгээд ордог аавын хүү байхгүй болсон, тийм цаг өнгөрсөн. Аажаа бодвол Цамба инженерийг л мөрдөж явна уу, айхавтар хүн шүү гэсээр хөхрөв. Мятав “Тэр лүдээр би яахав, одоо талийгаа биз” гэлээ. Талийсаан, талийсан. Ямбатын талд дэвхцэж яваа гэснээ хий хөхөрч “Шалбарах юм биш, шааг” гэж айлын ноёныг шалав. Өө, хөөрхий энэ хархүү шалдаг болчихож. Хааяа ингэмээр дээ. Шалах байтугай хожихыг заана. Ингэхэд Аажаа, танай Цамба өдийд хэдэн нүүдлийн цаадахыг харчихсан яваа. Одоо хүн өөрөөсөө ухаантайг үгийн муугаар баалж атаархлаа дардаг зантай. Тэгээд зарим хүн хүүгээр чинь амныхаа загатнааг гаргадаг юм, санаа зоволтгүй гэхэд Мятав дотроо “Нямын хэлдэг ортой болж таарлаа” гэж санан баярлалаа. Энэ олны дотор хүүг минь таньсан хүн байна гэхээс нэг л сайхан, дотроо уужлан урт амьсгаа авлаа. Тэр ер нь яах гээд салхи шиг алга болов оо гэж Мятав олны дунд асуулт унаган үг тандав. Гэтэл өөр нэг нь “Дээд саарал ордонд нэг лунзгар амьтан танай нутгийг залгих бантан зуурсан сургаар өрсөөд явсан. Тэнд болж л өгвөл олсон юмыг залигдаг газар гэсээр дээшээ долоовроороо зааснаа “Тэр сувдаг гайхал нэг алгын чинээ цаас аваад гадны нэг дааяад зарна. Тэгээд дэлхий даахгүй баян амьтан гадаадад очоод ясаа тавих газаргүй хэвтэнэ. Хэдий хүртэл хэвтэх юм. Одоо бүтэн нутагтай аймаггүй болсон, үнэн. Энэ хэдэн хөх уулыг хүссэн хүнд тавьж туухгүй юмсан. Бид унасан газар угаасан устай ч сувдаг дээдсийн ил далдаар зарсан өөрийн нэртэй хүний газар дээр мөлхөх шахаж байна” гэж сэтгэл хэрд хийлгэн хэлэв. Тэр хэдэн банди ч дээ гэж Мятав голонгуй хэллээ. Аажаа минь тэдэн дунд чинь л бэрс яваа.

Одоо хүний хүнээс өөрийн зарим хүн хэцүү болсон цаг, харин тэд өөр. Ухаандаа миний энэ хар хүүг одоо хараарай, тээр бэрс  гэсээр түлхэн бэрс гаргаж баясан шуугив. Мятав гэртээ харих замдаа “Эцэг дээдэс минь мянга мянган жилээр амьдарч, амь насаараа хамгаалж бидэнд өвлүүлсэн газар шороонд амар амгаланг хайрла. Уул гэвч хүн шиг гудайж, ус гэвч нулимс шиг урсахыг харахгүй үлдээхсэн. Хүн зүдэрч зутарч болно, сөхөрч гутарч болохгүй. Газар шороонд ч өөрийн жаргал, зовлон бий” хэмээн санаж замдаа босгыг нь олонт элээсэн мөнөөх “Ганганы мухлагт” гялс хийтэл шургалаа. Хана хэрэм шиг Хантайширын зулай дээр хаврын том шаргал наран мэлтэлзэж, тэр нарны туяан дор нэг их цэлмэг сэтгэлтэй хүн “Миний хүү муу муухайгаа дуудуулдаг ч өөр хүн санж, болжээ болж. Манайхан хүнийг муулбал газар доогуур оруулж, магтвал Ханхайрханы оройд залдаг улс. Миний хүү өөрийн бодолтой бол хөх Мятав яахав. Ням бид хоёр өнөөдөр нэг сайхан сууя” гэж санасаар өврөө түнтийлгэн алхаа шулуудлаа. Үртэй хүний жаргал их. Зовлон ч бас дутдаггүй аж.

  Американ дэнж

2017.VIII.13

 

SHARE