Жилийн зайтай хийсэн Ерөнхий сайдуудын мэдэгдэл: Улаанбаатарын утааг бууруулахад хэнийх нь шийдвэр бодитой вэ?

2016 оны арванхоёрдугаар сарын 23.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат: Шинэ оны эхний өдрөөс гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат агаарын бохирдлыг бууруулах асуудлаар өнөөдөр товч мэдээлэл хийлээ. Тэрээр,
-Үе үеийн Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бодлого гаргаж ажилласан ч үр дүн нь хангалттай байсангүй. Агаарын бохирдлын эсрэг ямар ажил, арга хэмжээ зохион байгуулсан, ямар үр дүн гарсан, гадаадын ямар байгууллагатай хамтарч ажилласан зэрэг судалгааг гаргаж үзлээ. Огт ажил хийгээгүй гэж болохгүй ээ, хийж хэрэгжүүлсэн ажил нэлээд байна. Гэхдээ л Улаанбаатар хотын хэмжээнд агаарын бохирдлыг ингээд бууруулчих бололцоотой юм гэсэн баримт бичиг алга байна. Иймээс Шинжлэх ухааны академид хандаж, эрдэмтэн судлаачдаа энэ асуудалд оролцооч  гэсэн хүсэлт тавилаа. Эрдэмтэд маань нааштай хүлээж авсан. Халаалтын системийг хэрхэн боловсронгуй болгох, хямд зардлаар дулаан үйлдвэрлэх ямар боломж байна судлаач гэсэн.  Энэ чиглэлээр шинэ бүтээл гаргаж, зохиогчийн эрх авсан хувь хүн, аж ахуйн нэгж байна. Харамсалтай нь тэдний санаачилга огт хэрэгжиж байгаагүй юм байна. Утаа багатай зуух, утаа багатай түлш л үйлдвэрлэж байж. Зуух ч утаа гаргана, түлш ч утаа гаргана. Тийм учраас агаарын бохирдол буурахгүй байна. Ганц түлш, зуухтай ноцолдоод ямар ч үр дүн үзүүлэхгүй байна. Тиймээс өнөөдөр Улаанбаатарын утаа ийм хэмжээнд хүрч, нийгэмд бухимдал үүсээд байна. Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг ганц нэгхэн ажлаар шийдвэрлэж чадахгүй. Тиймээс Засгийн газраас хэд хэдэн чиглэл барьж, бодитой арга хэмжээ авч ажиллана. Нэгдүгээрт, Гэр хорооллыг орон сууцжуулна. Богино хугацаанд орон сууцжуулахад хүнд. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд айлчлах үеэр яригдсан тусламжийн хөрөнгөөр орон сууц барих газрыг чөлөөлөх  ажлыг зохион байгуулна. Хоёрдугаарт, Өнөөдөр манайд хийн түлш алга. Тиймээс бидэнд байгаа гарц бол цахилгаанаар дулаан үйлдвэрлэх. Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний зөвлөлийн хурлаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны үнийг тэглэх шийдвэр гаргасан. Цахилгаанаар дулаан үйлдвэрлэхэд одоогийн байгаа технологи, тоног төхөөрөмж хангалтгүй. Ийм учраас эрдэмтдэдээ хандсан, хямд өртөгтэй цахилгаанаар дулаан үйлдвэрлээч гэсэн хүсэлт тавьсан. Монгол толгойгоо, нөөц бололцоогоо ашиглая. Гуравдугаарт, Орон нутагт амьдарч буй иргэдийн амьжиргааны эх үүсвэр алдагдсанаас Улаанбаатарын хүн ам нэмэгдсэн. Тухайлбал, агаарын бохирдлыг бууруулахад 130-140 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ хөрөнгөөр иргэдээ малжуулж, орон нутагт амьдрах боломж нөхцөлийг бий болгосон бол өнөөдөр олон мянган иргэн орон нутагт амьдрах эх үүсвэртэй, Улаанбаатарт ачаалал нэмэхгүй боломж байсан. Энэ ажлыг төвлөрлийг сааруулах хүрээнд шийдэж болох байсан юм болов уу. Ядуурал, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудлын хүрээнд иргэдийг малжуулж, орон нутагт амьдрах нөхцөл боломжоор хангах ажлыг хийнэ. Дөрөвдүгээрт, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн хяналт, тэдний санаачилга чухал гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.
-2017 онд агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Утаагүй зуух нэлээдийг захиалаад үйлдвэрлүүлсэн байна. Захиалаад хийлгэсэн учраас тухайн аж ахуйн нэгжээс зуухыг худалдаж авахаас аргагүй. Харин цаашид Засгийн газар зуух, түлш шинэчилж агаарын бохирдлыг бууруулах ажил хийхгүй. Цахилгаанаар, хийгээр дулаан үйлдвэрлэдэг технологид шилжинэ. Эхний ээлжинд гэр хорооллын өрхийн шөнийн тарифыг тэглэнэ. Агаарын бохирдлыг бууруулах төсвийн 80 орчим хувь нь цахилгааны шөнийн тарифыг тэглэх, алдагдлыг санхүүжүүлэх зэрэгт зарцуулагдана гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэллээ гэж ЗГХМОНХХ-ээс мэдээллээ.
 Эх сурвалж: news1.mn С.Санаа
2017 оны арванхоёрдугаар сарын 19.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Түүхий нүүрсний хэрэглээ 2019 он гэхэд 10 хувиар буурна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах хүрээнд хийгдэж буй дэд бүтцийн ажлын барилга угсралтын ажилтай газар дээр нь явж танилцлаа. Тэрээр Сонгинохайрхан дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох дулаан дамжуулах төвийн барилга угсралтын ажлыг шалгаж, тус дүүргийн Бага нарангийн оршин суугч иргэн Т.Ганбаатарын цахилгаан халаагуураар гэрийнхээ халаалтаа шийдвэрлэсэн байдлыг үзлээ. Нийслэлийн гэр хороололд 220 мянган айл өрх амьдарч байна. Тэдгээрээс 20 мянга орчим нь цахилгаан халаагуур хэрэглэж, гэр бүлийнхээ халаалтын асуудлыг шийджээ. Иргэн Т.Ганбаатарынх тэдгээр айлын нэг. Германд үйлдвэрлэсэн цахилгаан халаагуурыг 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн. Нүүрс худалдан авах, гал түлэх  шаардлагагүй болсон. Агаарт хорт утаа дэгдээхээ больсноор ахуйн ариун цэвэр сайжирч мөн хамгийн гол нь эдийн засгийн хэмнэлттэй болжээ. Сүүлийн жилүүдэд айлууд халаалтаа цахилгаанаар шийдэх нь нэмэгдэж байгааг эрчим хүчний хэрэглээний хэлбэлзэл тод харуулж байна гэж ДЦС-ын удирдлага  ярилаа. Нийслэлд хамгийн багадаа 18 мянган айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа гэж үзвэл 50 мянга орчим тонн буюу  30 мянган портер нүүрсийг шатаахаа больсон байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол, утааг бууруулах хүрээнд Монгол Улсын Засгийн газар болоод Ерөнхий сайдаас эхний ээлжинд гэр хорооллын яндангийн тоог цөөлөх, бага оврын уурын зуухнуудыг буулгах зорилтыг тавьж, чиглэл чиглэлээр ажил эхлүүлээд байгаа билээ. Нийт 3100 орчим бичил уурын зуух ажилладгаас  113 уурын зуухыг буулгана.  Ингэснээр 59 мянган тонн буюу 40 гаруй мянган портер нүүрс шатахгүй, хорт утаа болохгүй гэсэн үг юм. Сонгинохайрхан дүүрэгт 15 уурын зуух буулгаж, халаалт авдаг аж ахуй нэгж, байгууллага орон сууцнуудыг төвлөрсөн дулаанд холбоно. Тус дүүргийн 22-р хороон дахь Хилийн дугаар анги болон  ОБЕГ-ын аврах тусгай ангийн халаалтын зуух тус бүрийг төвлөрсөн дулаанд холбох барилга угсралтын ажил нь  улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байна. Эдгээр уурын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбосноор нүүрсний хэрэглээ нь мөн л 10 мян/тн-оор буурч агаар мандалд хаягдаж буй нүүрсхүчлийн хийн хэмжээг 13,7 мян/тн бууруулж чадна гэж мэргэжилтнүүд тооцож байгаа аж. Ерөнхий сайдыг ОБЕГ-ын аврах тусгай ангид ажиллах үеэр аж ахуй нэгж, компаниуд 140,000-2,500,000 төгрөгийн үнэ бүхий цахилгаан халаагуурын танилцуулга хийлээ. Утааг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд гэр хорооллын эрчим хүчний шөнийн тарифыг тэглэснээр иргэд цахилгаан халаагуурыг түгээмэл  хэрэглэдэг болсон гэлээ. Эдгээр ажлын явцтай танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах,  нүүрсний хэрэглээгээ багасгах, болж өгвөл цахилгаан халаагуур авч хэрэглэх гэх мэт арга хэмжээ авахыг ард иргэддээ уриаллаа. Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг 220 мянган айл өрх, 3100 уурын зуух бүрдүүлдэг. Одоогоор  20 мянга орчим айл өрх цахилгаан халаагуур хэрэглэж байгаа нь нүүрсний хэрэглээг 5 хувиар бууруулж байгаа юм. 2019 он гэхэд 113 уурын зуухыг буулгаж төвийн дулаанд холбож дуусахад түүхий нүүрсний хэрэглээ 10 хувиар буурна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

SHARE