Ариун сүмд бичсэн Ли Богийн таталбар

 

 

Бадарчийн ХИШИГ-УНДРАЛ

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт, яруу найрагч, орчуулагч

 

“Эх орон тосгоны дэргэдэх гурван хуснаас эхэлдэг”

К.СИМОНОВ

 

“Сэтгэл санаа минь тайван бус байна”… гэж лекцийнхээ дэвтэрт хайнгадуухан биччихээд би их сургуулийн нам гүм байдлыг хүндэтгэн танхимаас чимээгүйхэн гарч явав. Намайг хэн ч эс анзаарна. Тэр ч байтугай олон үеийн оюутныг чангахан барьж, хөл дээр нь баттай зогсоход нь тусалдаг С.Хөвсгөл багш ч анзаарсангүй. Наран тал руугаа харж байрласан сургуулийнхаа нэгэн цонхыг “Нартай цонх” минь хэмээн хүндэлдгээ уншигч танд хэлье. Одоо би тэр л гэрэл рүүгээ тэмүүлж явна. Сэтгэл дарсан гунигтай үедээ ч юм уу эсвэл баяр цэнгэлтэй мөч бүхэндээ би “Нартай цонх”-ны өмнө очиж нам гүмхэнд ганцаархнаа бодлогошрон зогсох дуртай бүлгээ. Орчлонд айлчлан ирсэн шинэ өглөөний нарны туяаг гэрэлтүүлсэн энэ л цонхоор гадагш харахад урьдын адил хүмүүс холхилдсоор л… металлын урсгал сүлжилдсээр л… амаржих газар харагдсаар үргэлжийн мөнх амьдрал үргэлжилнэ.

Өнөөдөр би урьд урьдынхаас илүү яагаад гуниглах болов оо. Хэдхэн хоногийн өмнө шударга бус цагдаатай маргалдаж эрүүлжүүлэхэд баригдсанаа санаа юу. Аль эсвэл өглөө бүхэн С.Хөвсгөл багшийнхаа семинарын цаг дээр зараа залгичихсан юм шиг ирж гомдоосноос болов уу. Бурхан минь. Өнөө маргаашгүй амаржих гэж буй гэргийнхээ тухай юм уу. Хэлж эс мэднэм.

Цонхоор гадагш харахад төв замын урдхан талд улиасан модоор хүрээлэгдсэн “Ариун сүм” буюу төрөх газрын цагаан байшин цаг цагийн билэгдэл мэт энгийн даруухнаар харагдана.

Орчлонгийн хир тоосонд дарагдаж амжаагүй цэвэр тунгалаг сэтгэлтэй шинэ хүмүүс энэ л амаржих газар байгаа шүү дээ гэж бодоход сэтгэлд минь дулаахан санагдана.

Өглөө бүхэн оюутны байрнаасаа сургууль руугаа явахад хажуугаар нь өнгөрч, өдөр бүхэн хичээл тараад дэргэдүүр нь гэлдэрч явахдаа ч (логик үүднээс бодоход) “Ариун сүм” шүү хэмээн найз нөхдөдөө бахархан хэлдэг.

Ийнхүү нэгэн өөдрөг бодлоор өөрийгөө тайтгаруулах санаатай ихэмсэг суут хүмүүсийн хөргийг ханандаа байрлуулсан сургуулийнхаа хонгилоор алхнам.

2

Эртний уран дархчуудын урласан гоёмсог шаргал данхыг дарсаар дүүргэж урдаа тавьчихаад, зүүн гарынхаа тохойгоор хад түшин сууж, баруун гартаа дарстай хаш хундагаа барьж шөнийн сарыг энхрий ялдамхнаар ширтэн буй Ли Богийн хөргийн өмнө удаан зогсов.

Түүний туулж өнгөрүүлсэн амьдралынх нь намтар түүх бусад яруу найрагчдийнхаас ялгаатай бөгөөд сонирхолтой билээ. Тэрээр хэдийгээр баян худалдаачны хүү боловч харц ард гэж тооцогддог байв. Учир нь Ли Бо соёл урлаг, шинжлэх ухааныг тэтгэгчийн нөмөрт бялдуучлан хоргодож албан тушаал дэвшихийг хүссэнгүй. Харин ч ингэж ятгаж зөвлөсөн хүнтэй тэрсэлддэг байжээ.

Тиймээс ч эртнээс тогтсон хуучин дэглэмийг эсэргүүцсэн учраас эзэн хааны данснаас хасагдаж төрсөн газар, удам угсаа, намтар нь одоог хүртэл бүдэг үлджээ. Яруу найрагч хар багаасаа илд, шүлэг хоёрт сэтгэлээ өгдөг байсан. 17 настайдаа ууланд амьдарч “сайн эрс” хэмээх дайчин эрсийн эгнээнд оржээ. “Сайн эр” илд сэлмийнхээ хүчээр доромжлогдсон ядуусыг өмөөрч дээрэнгүй омогтныг гэсгээн цээрлүүлж, эд хөрөнгийг нь ядуу хүмүүст тарааж өгсөн түүхтэй.

Олон жил ингэж тэнүүчилснийхээ эцэст 30-аад онд сэтгэл нийлсэн нөхөдтэйгөө “Хулсан шугуйн эрэлхэг зургаан эр” болж амар жимэр сууж, амтат дарс, уянгат шүлгээрээ цагийг өнгөрөөж байхдаа:

“…Хамба үүлээр хувцас эсгэж цэцгээр зүс хийхийг хүсээд

 Хаврын салхи хатавчийг илбэх сүүдрийн цэцэг анхилуунд

Хамгийг баясгагч уулын оргилд золголцох бус бөгөөс

Хасын дэгтрийн сарны дор лавтай уулзан баясмой” Энх амгаланг билэгдсэн хөх тэнгэрт нойрсон цагаан үүлээр хувцас эсгэн өмсөөд цэцгээр царай зүсээ гоёж, гэрэлт сарны дор учирлан золгохыг тухайн үедээ (хааны ордондоо) өргөн боловсролтой Сюань Зань шагшран магтаж “Хань Лин” буюу “Бийрийн аглаг” гэдэг хүрээлэнгийн хүндэт гишүүн цол олгожээ.

Гэвч талын чоно шиг эрх дураараа хэсүүчлэн амьдарч сурсан бардам шүлэгч “хааны ордныхонд” удаан хоригдож чадалгүйгээр эргэж ууландаа очсон юм даа.

3

Их сургуулийн хичээл завсарлан хонх жингэнэхэд оюутнууд танхимаас гарч хойш урагш холхисоор л. Би Ли Богийн хөргөөс харцаа салган түрүүчийн бодлоо үргэлжлүүлэхээр “Нартай цонх”-ныхоо өмнө очиж нүд бэлчээн гадагш харлаа.

Дохионы гэрлээ гялалзуулсан түргэн тусламжийн нэгэн машин давхисаар “Ариун сүмийн” үүдэнд ирж зогсчихов. Удалгүй энэ ертөнцөд өөрийн дуугаа дуулахаар шинэ хүн мэндлэх гэж буйг би зөнгөөрөө мэдэн баярлаж, бас залбирнам.

Одоо би өглөөнийх шигээ сэтгэл зовнихоо больж өөдрөг амьдралын тухай өөртэйгөө хуучлан зогсоход яруу найрагч Б.Ичинхорлоо над руу сандран гүйн ирж гэргийг минь амаржих гэж буйг дуулгаснаар Ли Богийн бичил хөрөг түр өндөрлөв. Үргэлжлэл бий.

4

Саяхан анир чимээгүйд нойрсон байсан байгаль дэлхийд урин дулаахан хаврын гэгээн өдрүүд айлчлан ирсэн энэ л өдөр би амаржих газрын цэцэрлэгт хүрээлэнд болжморын жиргээ чагнаж, мөнх хөх тэнгэрийн дор зогсном.

Үхэж төрөхийн зааг дээр тэмцэлдэн байгаа гэргийнхээ тухай сэтгэл түгшин зогсохдоо уншигч танд дутуу орхисон Ли Богийн таталбар хөргөө дуусгахаар тэмдэглэлийнхээ дэвтрийг сөхье.

Эртний түүхэн сурвалж бичигт Ли Богийн талаар олон сонирхолтой баримт байдаг нь түүнийг нугаршгүй эр зоригтой, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч яруу найрагч гэж өгүүлжээ.

Нэгэн бичигт Тан улсын төрийн системийг шүүмжилж, хааны ордныхон туйлын бүдүүлэг, хээл хахууль авдаг, түүнийгээ дээдийн ёс суртахуун гэж үздэг ертөнцийн гэнэн боловсролгүй хүмүүсийг дүрслэн гаргажээ.

Хэсүүлч амьдралынхаа турш байгаль, дарс, ганцаардалтай нөхөрлөсөн Ли Бо “Намуун шөнийн бодол”, “Хорслын дуу” гэдэг хосгүй гайхамшигт бүтээлээ газар дэлхий, хүмүүстээ үлдээгээд тэнгэртээ буцсан түүхтэй.

Эрхэм уншигч минь ээ. Өчигдрийн нарны бүлээн амьсгалд эхэлсэн бяцхан таталбар хөргөө шөнөжин бичсээр үүрийн цагаан гэгээнд өндөрлөе!

Үүр цайх яг л энэ агшинд “Ариун сүм”-д гэргий минь амаржиж эх орон бид хоёр хүүтэй боллоо. Тиймээ.

Миний хүү “дуу дуулж амьдарна аа” гэж эх орондоо итгэлтэйгээр хэлэх шиг нялх хүүхдийн уйлах дуу амаржих газрын цэцэрлэгт хүрээлэнг нойрноос нь сэрээсэн хаврын энэ өглөөг аав нь мартахгүй ээ.

Зуу зуун жил хүлээлгэсэн хүүгийнхээ төлөө Ли Бо тантай хундага дарс тогтоохыг минь хүлээн зөвшөөрнө үү.

Их хүслэн орших болтугай.

SHARE