Чихрийн цааснаа урласан хөрөг

 

-Бодрол, эссэ-

 

Бадарчийн ХИШИГ-УНДРАЛ

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, орчуулагч

 

Уяхан сэтгэлт Петр Чайковскийн дөрвөн цагийн аялгууг найртай сайхнаар эгшиглүүлсэн Орос орон минь хэмээн цасан бударсан Бэлхийн уулынхаа ойн гүнд Франц, Мишка, Басар, Ази гэдэг нохойгоо салхилуулан зугаалж байхдаа бодол болон зогсном. Амралтын энэ өглөөг зөн совингоороо тэсэн ядан хүлээдэг манай гэрийн сургуультай ноход цас бударсан ойд хөөцөлдөн тоглох нь бас нэгэн баяр баясгалан гэлтэй. “Уяатай нохойг өглөө эрт, оройн цагаар сул тавьж тоглуулан баярлуулж байгаарай” гэж эмэг эх Норовын бага насанд минь хэлж байсныг би хэзээ ч мартдаггүй.

Тийм болохоор эмээ­­гийн захиас үг миний амьдралын бас нэгэн хэв маяг болж хэвш­сэн билээ. Ийн гэгээн бодолд бүүвэйлэг­дэн байхад Франц амандаа нэгэн цаас зуугаад тоглон давхихад нөгөө хэдэн нохой түүнээс булаах гэж хөөцөлдөн тоглоно. Би бээр Францыг дуудан амандаа зуусан цаасыг нь авч хаях гэтэл агуу их сонгодог уран зураач И.И.Шишкинийн “Нарсан ойн өглөө” хэмээх алдарт бүтээл нь мөнхөрсөн “Баавгайтай чихэр”-ийн цаас байлаа.

Би хачин ихээр олзуур­хан баярлав. Монголын хүүхдүүд төдийгүй дэлхийн хүүхэд багачуудын амтархан иддэг чихрийг хэн ч мартаагүй, мартахыг ч хүсэхгүй биз ээ. Би баярлаж санаа алдахад будрах цасан мөчир дээрээ буулган нойрсуулах ой модод бодлын аялгуунд эгшиг нэмэх мэт бодол үргэлжилсээр л…

Москвагийн Горькийн сургуулийн оюутан надад монголоос ээжийн маань хүнд дайж явуулсан хөөрхөн боодолтой илгээмжийг задлахад захидал, Чингис архи, дулаан оймс, баавгайтай чихэр байдаг байлаа. Өршөөлт ээжийн минь явуулсан бэлгийг хүлээж авна гэдэг өвлийн идшээ бэлдээд авсан мэт сэтгэл хангалуун байдагсан. Нэг удаагийн уламжлалт илгээмжийг ангийнхаа яруу найрагч Женя, зохиолч Костя, утга зохиол шүүмжлэгч, судлаач Андрей нартайгаа задлахуй боодолд байдаг дээрх зүйлүүд л байлаа. Баавгайтай чихрийг найзууддаа амсуулаад “Агуу их Шишкинийн бүтээл” хэмээн догдлонгуй хэлэхэд асуултын тэмдэг шиг өндөр Женя маань “Үгүй ээ, энэ зураг чинь К.А.Савицкийн бүтээл” гэж хэлээд бид хоёр нэлээд маргалдав. Бидний маргаанаас залхсан Костя

“Битгий маргалдаад бай л даа. Авдар шар айргаар мөрийцөөд л маргааш Москвагийн Третьяновын галерейд очоод маргаанаа шийдчих. Одоо наад Чингис хаантай­гаа тэврэлдье дээ” гэхэд бид хөгжилдөн инээлдэж билээ. Түүнээс хойш “Танай Чингис хаантай хэзээ тэврэлдэх вэ” гэдэг нөхөрсөг шог хэлц үг сургууль төгсөн төгстөл яригдаж билээ. Бид ч хааяа нэлээн хэдэн удаа Чингис хаантайгаа нөхөрсөгөөр тэврэлдсэн түүхтэй. Ийм л гэгээн бодолд хөглөгдөн ойн гүнд зугаалан явахдаа олсон чихрийнхээ цаасан дээр алдарт бүтээлийн эзэн Оросын ой мододтой сэтгэлээ ойлголцдог сонгодог уран зураач Иван Шишкинийн хөргийг урлан бүтээхээр уран бийр гартаа барихыг минь зөвшөөрнө үү.

Урсгал зөөлөн харцаа­раа төрөлх эх Орос орны­хоо ой мод бүхэнтэй чин сэтгэлээсээ хуучлан ярил­цаж чаддаг зураач бол Оросын алдарт зураач Иван Шишкин билээ. Түүний уран бүтээлийн галерейд зочло­ход хэзээ ч дахин давтагдаш­гүй, Орос орны үзэсгэлэнт байгалийг үзэж, агаараар нь амьсгалах шиг болдог.

“Оросын гайхамшигт түнэр харанхуй ойн гүнд өвгөн улиас, нарстай ярилцан суухад үнэхээр сайхан байдаг. Би тэдэнтэй үгээ ойлголцдог юм” гэж байгалийн яруу дууч, уран зураач И.Шишкин нэгэнтээ үнэнээ хэлсэн билээ.

Тэрээр Оросын цагаан хаа­ны байгуулсан уран зургийн академийг алтан медальтай төгсч гадаад оронд аялан уран бүтээлээ туурвих эрхийн бичгээр шагнуулжээ.

Хожим энэ академид багшилж, уран зурагаа үргэлжлүүлэн зурж байхад нэгэн үе түүнийг хэтэрхий натуралист гэж зураачид шүүмжлэхэд И.Шишкин тэднийг огтхон ч тоолгүйгээр бү­тээл туурвилаа үргэлж­лүүл­сээр байлаа. Гэвч эргэн тойрных нь шүүмж­лэл цэвэр уран бүтээлийн зүгээс бус, атгаг хорон санааны үүднээс шүүмжлэн байгааг ухаарсан Шишкин уран зургийн академиа орхиж, өсч төрсөн нутаг Ялагбугадаа нүүн оджээ. Тэрээр өөрийн төрсөн нутаг Ялагбугадаа үнэхээр хайртай билээ. Учир нь Ялагбуга догшин сэрүүн уур амьсгалтай, ер бусын байгальтай Орос нутгийн үзэсгэлэнт хязгаар. Иван Шишкинийг хүн болгосон, зураач болгосон. Ялагбугад түүний эцгийн хоёр давхар уран гоёмсог хийцтэй байшин байдаг.

Эргэн тойрон мөнх но­гоон цэцэрлэг бүхий энэ бай­шин­гийн үүдийг алхан хээ, өлзий утас гарган, монгол хээ угал­заар чимэглэсэн байдаг. И.Шишкинийн эцэг гурилын худалдаачин боловч уран зураг, урлаг, соёлд сэтгэлээ зориулдаг хүн байжээ.

Анх 10 настай Шишкин элсэн дээр зураг зурж байхыг нь өвгөн ах Матвей үзээд түүнд зургийн дэвтэр харандаа худалдан авч өгснөөр “Дэлхийн суут” уран зураач болох суурийг нь тавьж өгсөн гэдэг. Түүний уран бүтээлийн зам ингэж л эхэлжээ. Шишкин өөрийн цэцэрлэгт түмэн зүйлийн цэцэг жимс яаж ургадгийг багаасаа ажиглан тэмдэглэж, урга­мал ногоо, ой модыг судал­саар хожим эрдэмт­ний зэрэгт хүрсэн хүн байлаа. Түнд бас уран гоёмсог байгалийг хайр­лаж, биширсэн ер бишийн сэтгэл байсан юм. Иван Шишкинийг Орос орон хүндэлж, Мюнхен, Цюрих, Женев, Прага, Берлинд уран бүтээлийн томилолтоор явуулан, туурвин бүтээх нөхцлийг нь хангаж өгдөг байжээ.

Хилийн чанадад Иван Шишкинийн уран бүтээлийг Орос оронд байс­наас илүү гайхан биширч, дэлхийн алдар цуутай музейнүүд алтан сандаа авсаар л байна.  Дэлхийн урлагийн түүхээс харахад уран бүтээлч хүн нас ахих тусам уран бүтээл нь буурдаг. Харин Иван Шишкин нас ахих тусам уран бүтээл нь сайжирч, түүний хамгийн сүүлчийн уран зураг нь шилдэг бүтээл нь болсон юм.

Шишкин 1832 онд төрсөн. Түүнээс хойш олон үеийн зураачид төрсөн боловч Шишкин хэмээх энэ зураач шиг Оросын үзэсгэлэнт ой мод бүхнийг амьд мэт урлан бүтээсэн зураач үгүй билээ. Тэрээр 1892 оны гуравдугаар сарын 20-ны өдөр өөрийнхөө уран бүтээлийн урланд зурагаа зурж байхдаа гэнэт ухаан алдан нас баржээ. Ийн Оросын төдийгүй дэлхийн урлагийн томоохон төлөөлөгч И.Шишкинийг насан эцэслэхэд “Иван Шишкинийн цэцэглэн мандаж байсан ойн удган, их өвгөн царс мод аянганд ниргүүлэх мэт хормын дотор үгүй боллоо” гэж бичиж байжээ. Гэвч үгүйсэн билээ. Агуу их уран зураачийн бүтээсэн ой мод бүхэн урлагийн ертөнцөд мөнхөд цэцэг­лэсээр байна.

Уяхан сэтгэлт Петр Чайковский дөрвөн цагийн аялгуугаа найртай сайхнаар эгшиглүүлсэн Орос орныхоо тухай гэгээн бодлоо хөглөн ийн Бэлхийн уулынхаа ойн гүнд эзэмдүүлэн зогсохуйд Франц, Мишка, Басар, Ази нар маань эдлэн рүү буцаж явахаар эзнээ дуудан хуцалдан тоглон давхиж одлоо.

Амьдрал хэмээх шат­рын хөлөг дээр олон гэрэлт агшин бүхэнд би мөрий тавьж очдог байсан. Харин өндөр Женя бидний маргалдсан сэдэв маань 50х50 хувиар тэнцэж авдар шар айргаа мөнгө нийлүүлэн авч “Тверский булварь” дахь С.Есенинийн хөшөөний дэргэдэх сандал дээр тух­лан сууж ууцгаасан билээ хэмээн бодож ойн гүнээс гарч гэргийнхээ хийцтэй цайг уухаар гэрийн зүг уул уруудаж буулаа.

Алдарт “Нарсан ойн өглөө” хэмээх бүтээлийг И.Шишкин өөрийн найз зураач О.А.Совицкийтэй хамтарч бүтээснийг Москвагийн Третьяковын галерей дахь сонгодог бүтээл нь баталсан болохоор Женя бид хоёрын мөрий эн тэнцүү болсон түүхтэй.

Ээж аав, ах эгч, дүү, энхрий үрсийн маань амтархан иддэг бал бурам болсон “Баавгайтай чихэр”-ийн цааснаа урлан бүтээсэн хөргөө монгол ухаанаар онож нэрлэхүйд “эрхий дарам зайд мянган зааныг багтааж урласантай агаар нэг” хэмээн өндөрлөхийг минь зөвшөөрнө үү.

Бэлхийн ам. Хадат.

 

SHARE