Ардын засгийн дөрөв дэх аварга ШАГЖ

 

Зураг: Шагж аваргын хүү Даваасамбуу, Шагж аваргын 1928, 1930 онд Улсын наадамд барилдсан баримт. Завхан аймгийн төвд 2013 онд босгосон Шагж аваргын хөшөө

Б.Ерэнтэй

Завхан аймгийн Булнай сумын Зэргээ, Нам бууц, Нүхэн хад, Замын хясаагаар нутагтай хөх Санжмятавынд 1903 оны туулай жилийн намар нэгэн хүү мэндэлсэн нь хожмоо Монгол бөхийн эрхэм дээд АВАРГА хэмээх цолонд хүрсэн Шагж юм. Хөх Санжмятавынх эрэгтэй хүүхэд олонтой, тэдгээр нь бүгд барилддаг айл байж. Монгол Улсын аварга С.Шагж нь цэрэгт явахаасаа өмнө Ардын хувьсгалын 14, 15 жилийн ойн баярыг тэмдэглэсэн хошуу наадамд 1925, 1926 онд дараалан түрүүлсэн. Анхлан түрүүлэхдээ шөвгийн наймд өөрийн төрсөн ах “хул” хэмээх Хайдавтай тунаж барилдан орхиж, улмаар үзүүр түрүүнд “дөш” Л.Ренчинсамбууг (1936 оны улсын заан) хаяж байлаа. Хойтон жил нь хошуу наадмын шөвгийн дөрөвт мөн өөрийн төрсөн ах Нанзад тулгаттай тунаж орхиод долоогийн даваанд аймаг сумандаа ид цоорч гарч ирж байсан Дулмаа шонхорыг өвдөг шороодуулан түрүүлсэн билээ. Дашрамд дурдахад, аваргын ах хул Хайдавын зээ Г.Баттогтох нь 1977 оны Үндэсний бөхийн УАШТ-ий хүүхдийн барилдаанд Завхан аймгаас шалгаран ирж барилдаж байсан, хожмоо Орхон аймагт арслан цолонд хүрчээ.

Санжмятавын Шагж 1926 оны намар цэрэгт татагдан Гаалийн хороонд алба хашиж эхэллээ. 1926 оны Улсын заан, Ардын хувьсгалын партизан Гүрийн Дэндэв шинэ цэрэг С.Шагжийн тухай нэгэн сайхан дурсамж ярьсныг уншигч танд сонирхуулъя.
Партизан Г.Дэндэв цэргийн дарга байж. Буянт-Ухаад цэргийн карантин гарч байтал хөдөө аймгаас сайн барилддаг нэг залуу цэрэгт татагдаж иржээ гэлцсэн нь Шагж байжээ.Нэг өдөр Шагжийг сорих болж сайн барилддаг дарга, цэрэг арваад хүн түүнтэй цувран барилдахад Шагж цөмийг хаяжээ. Үүний хойно дахин сорих болж цэргийн ундны ус зөөдөг ягаан шарыг өргүүлэх болоход Шагж зодог шуудгаа өмсөөд өрж зогссоноо ухасхийн нэг гараа өвчүүн доогуур нь оруулж, нөгөө гараа цавин доогуур нь оруулж хөндийрүүлээд үүдэн хоймор чинээ явжээ.Хоёр дахин ингэж өргөхөд үнэхээр хүчтэй бөх юм гэж цугларагсад гайхсан байна. С.Шагж Улсын наадамд 1927 онд анх удаа зодоглож учраа болгоноо уран мэх уралдуулан хаясаар есийн даваанд 1926 оны Улсын заан Булганы М.Данзансодовт амлуулж барилдан давлаа.Үзүүр түрүүний 10-ын даваанд Өвөрхангайн мээтэн О.Аюурт заан цолтой байхад нь унаж үзүүрлэн шууд Улсын арслан цолонд хүрсэн билээ.Түрүү бөх мээтэн хэмээх О.Аюур заан цолоо ахиулж мөн л Улсын арслан болсон юм.
Гаалийн хорооны цэрэг ийнхүү амжилттай сайн барилдаж арслан болсноос хойш олон түмэн “Цэргийн Шагж арслан”, “Жанжны бөх” хэмээн нэрийдэж эхлэв. Бүх цэргийн жанжин Х.Чойбалсан түүнийг Босоо Самдан аваргатай барилдуулж хүчийг нь сорихоор Хан Хэнтий аймгийн наадамд барилдуулахаар дагуулж очлоо. Ардын цэргийн 1-р дивизионы тугийг Өндөрхаан уулнаа наймдугаар сарын 8-нд тахиж аймгийнхтай хамтатган хийсэн өргөн дэлгэр наадамд хурсан олон Босоо Самдан аварга, Цэргийн Шагж арслан хоёрын барилдахыг тэсч ядан хүлээж байв. Эр бяр тэгширсэн 28 насандаа яваа Босоо Самдан, бөх хүн бүдүүн өвсөнд гэгч болон шөвгийн дөрөвт амласан Цэлнавааны Цэрэн заанд ойчсоноор 1920-иод онд Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг эзэгнэж явсан гайхамшигт энэ хоёр хүчтэний ноцолдолгоог үзэх хувь наадамчдад дутсан хэрэг болов. Наадмын тухай “Үнэн” сонин 1927 оны есдүгээр сарын 3-ны №21-дээ “…наадмын тавдугаар өдөр хур буун…Жанжны бөх цэргийн Шагж гэгч наадмын түрүүг авч урьд олгосон цолон дээр нь баярлах бардам түрэмгий цол олгожээ” гэж мэдээлсэн нь бий.

С.Шагж аварга нь цэрэгт байхдаа Улаанбаатар хотноо Гаалийн хороо, эх орныхоо торгон хил-Хөвсгөл аймгийн хойд хязгаар дахь Гаалийн хороонд алба хашиж байв. Ардын хувьсгалын партизан, зохиолч Ж.Дамдин 1966 онд хэвлүүлсэн “Монгол бөх” номондоо аваргын бяр чадлыг харуулсан үйл явдлыг нүдээр үзсэнээ тэмдэглэсэн билээ.“Тэр үед(буюу гучаад оны үед) Улаанбаатар хотноо Гаалийн хороо гэж аян жингийн элдэв бараа хураасан нэгэн их газар байсан юм.Одоогийн Залуучуудын ордон байгаагийн урд дэвсэг дээр Гаалийн хорооны улаан байшин байх бөгөөд эргэн тойрон шавар хэрэмтэй, дотроо олон жижиг байшин, том саравчин агуулах зэрэг зүйлтэй байлаа.Аян жингийн цуваа тэр их хашаанд орж ирэх сацуу тэдний ачаа барааг нь хүлээн авч задгай том агуулахад хураадаг бөгөөд тийм ажилд Шагж, Банзар, Бат-Очир(1932 оны Улсын арслан, Мулига бүргэд хэмээх) нарын гурван сүрхий бөх томилогдон ажиллаж байсан нь одоогоор бол нэгэн томхон баазын ачаа ачигч, буулгагч гэсэн үг байжээ. Тэд том томоороо тэн болгож боосон хятад барааг шүүрэн авч агуулахын дотор дээш дээш нь үе үеэр нь шидлэн овоолж байдагсан…бас тэрэн дээр Гаалийн хорооны том хашааны гол сахиулаар дэлхийд алдартай 2 метр 45 санжийн өндөр биетэй Далай чойнхор вангийн Өндөр Гонгор гэгч маш их сүртэй хүн зогсч байсан нь бүр улам ч сүрлэг болгодог байлаа.Гэтэл нэгэн удаа ирсэн аянчны нэг тэмээ тэр хашаан дотроос гэгээн цагаан өдрөөр гэнэт алга болж билээ.Тэр битүү хэрмэн хашаанаас тэмээ байтугай хулгана гарахад бэрх. Гэтэл хашаан дотор тэмээ байх газаргүй тул хүмүүс эцэстээ бараг гэр байшинг хүртэл шагайж эрэх нь шахсаар нэгэн санамсаргүй газраас олж ихэд гайхав.Энэ нь хэрмэн хашааны баруун хойд өнцөгт , хойд талын хананаас дэлэм хэр зайтайгаар баруун хананд нь тулгаж барьсан нэг муу шавар байшин байсан бөгөөд түүний арын хавчиг зайг дээгүүр нь пин дээвэр хийж хэрэмтэй үргэлж болгон битүүлээд мухарт нь жаахан өвс хийн хадгалж байсан тэр нүхээр нөгөө тэмээ чихэн оржээ.Аян жинд ядарч, өлссөн тэмээ цааш зүтгэн нилээд гүн орж мухрын өвснөөс идсэн боловч эргээд гарч чадахгүй болсон байв. Үүнийг хэрхэн гаргах билээ гэж хүмүүс хөл хөдөлгөөн болж байхад мань гурван эр ирээд,
-Яахав, хөлс их өгвөл бид гаргахыг бодъё хэмээн тэмээний эзэнтэй хэлцэн тохирч хоёр нь тэмээний хөлөөс тэврэн гэдсэн доогуур орж, Шагж нь наана үлдэж хоёр хөлөөс нь тэврэн барьж аваад гурвуул дуу нийлүүлэн тэр хоёр нь өргөж, Шагж тэнхээгээрээ угзарсанд тэмээ бахирч, дээвэр нурж, нөгөө байшингийнх нь арын хана дотогш цөмрөөд тэмээнийх нь хоёр бөөрний арьс зулга татагдан гарч ирж байсан удаатай” гэж бичсэн юм.

Хэдийгээр С.Шагж нь цэргийн гэсэн тодотголтой байсан ч 1928, 1929 оны Улсын наадамд баруун талын тэргүүн магнайд босохдоо Улсын Бага хурлын даргын нэрийн өмнөөс барилдсан байна. С.Шагж нь 1928 онд арслан цолоо ахиулж Улсын аварга болно, түрүүлнэ гэсэн итгэл дүүрэн барилдсан боловч наадмын 512 бөхөөс долоо давж дөрөвт шалгараад наймын даваанд урьд жилийн наадмын түрүү бөх мээтэн О.Аюур арслантай тунаанд таарч хүч үзээд хоёр дахиа өвдөг шороодсон юм.
Тэрээр 1929 онд 600 бөх барилдахад есийн даваанд Луу гүний Вандан аваргыг хаяж үзүүр түрүүнд Босоо Банзартай үзүүр түрүүнд шалгарлаа.Наадамчин олон С.Шагжийг айдаггүйгээ авдрандаа хийлээ, алдарт Ванданг хаяснаар аваргад хүрэх замаа нээлээ гэлцэж байсан ч Босоо Банзартаа уначихваа.Ингээд хойтон жилийн наадам хол байна даа, хол байна, гэвч даагаа нэхнэ , түрүүлж аварга болно доо гэсэн бодол өвөртөлсөөр явах болов.
С.Шагж аваргын дархан мэх нь тонгороо.Энэ наадмын дараа Архангай аймгийн наадамд очиж барилдаад үзүүр түрүүнд Арвайхээрийн Банди заанд(1938 оны Улсын арслан) ойчоод үзүүрлэсэн байна. Аймгийн наадмын дараа Дашинчилэнд (одоогийн Булганы) олон газрын морь бөх цугларсан нижгэр тот наадам хийх зар таржээ. С.Шагж энэ наадмаар Ц.Банди заанаас даагаа нэхэхээр очлоо.Тэгээд ч санасандаа хүрч түүнийг үзүүр түрүүнд хаяж түрүүлэв.
Ц.Банди арслан энэ тухай “Аймгийн наадамд бид хоёр үзүүр түрүүнд үлдлээ.Гол мэх ижил, хоёулаа тонгорно.Хоёр биенээ ээлжлэн тонгорсоор яваад хөлийн цэц хүрдэг.Засуулууд буцаадаг.Шагж бид хоёр ээлжлэн тонгорсоор би унагаж түрүүллээ. Би буцахдаа Дашинчилэн сумын наадамд барилдах болов.Шагжийг буцсан гэж бодоод тоосонгүй барилдаж энэ наадамд надаас өөр хэн түрүүлэх вэ гэж бодож хоёрын давааны үеэр айраг их уугаад их л додигор байв.Гэтэл Шагж хүрээд ирж.Ингээд бид хоёр үзүүр түрүүнд үлдэж мөн тонгоролцож явалцсаар би ойчоод өгөв өө.Дараа нь би айргаар бөөлжиж тун ч сандарсан юм” дурсан суудагсан.
С.Шагж нь ингэж 1929 онд Ц.Бандиас аймгийн наадмын даагаа нэхэж чадсан бол 1930 онд Улсын баяр наадмаар Босоо Банзар арслангаас даагаа нэхэн үзүүр түрүүнд хаяж Монгол бөхийн аварга цолыг авсан түүхтэй. Тус наадамд 864 бөх зодоглосон бөгөөд С.Шагж цолны эрэмбээр есийн даваанд шөвгийн дөрөвт үлдэж шинээр заан цолны болзол биелүүлсэн Мөнгөнторьтын Л.Чимэдийг (1935 оны Улсын арслан) амлан хаясан бол тунаанд хүч үзсэн Б.Банзар арслан Булганы Г.Дэндэв зааныг өвдөг шороодуулсан юм.
Үзүүр түрүүний 10-ын даваанд улсын арслан цолтой С.Шагж, Б.Банзар нарын хэн давсан нь аварга болох байв.Санжмятавын Шагж шийдэмгий сайхан барилдаж учраагаа давснаар Ардын засгийн дөрөв дэх аварга цолыг авсан.
1930 оны Улсын наадмаар С.Шагжид унаж үзүүрлэн аварга цолонд хүрч чадаагүй Баясахын Банзар арслан 1977 онд “Спортын мэдээ” сонины (№51) сурвалжлагч, яруу найрагч Б.Орхонсэлэнгэд (Гарди магнай киноны Жигмэдэд тоглосон жүжигчин) өгсөн ярилцлагадаа “Арслан цол авчихаад аваргын төлөө санаа байлаа.1930 оны наадамд 1000-аад бөх барилдахад шалгараад аварга цол авахад ганц даваа үлдээд байхад Завханы харъяат Цэргийн Шагж гэдэг олонд алдаршсан бөхөд би унасан юм. Аварга цолонд хүрэхэд ганцхан гишгэлт дутсан даа” хэмээн өгүүлсэн билээ.
Улсын аварга С.Шагж нь 1929 онд эр цэргийн албаа өндөрлүүлсэн бөгөөд 1930 онд улсад түрүүлэхдээ нутгаасаа ирж барилдсан юм. Тиймээс ч Улсын наадмын оноо дансанд түүний төрсөн нутаг Шажинбатсэвжидгацал уулын хошууг нь товчлон Шажинбатын Шагж арслан гэж буйр босгосон байдаг.
Цагийг эзэлсэн их хүчтэн С.Шагж аваргын төрсөн ганц хүү Даваасамбуу нь жолооч бөгөөд 1967-1972 онд АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн жолооч, 1974-1983 онд “Үнэн” сонины эрхлэгч, төрийн шагналт Ц.Намсрайн (ардын жүжигчин Н.Сувдын аав) машины жолоочоор ажиллаж байснаар нь олон хүн мэддэг аж. Засгийн газрын авто баазынхан төдийгүй “Үнэн” сонины хууччуул “Ханх Даваасамбуу юу” гэж асуугаад андахгүй байна лээ.

ТАЛАРХАЛ
-С.Шагж аваргын барилдааны амжилтыг баталгаажуулах материалыг олоход гүн туслалцаа үзүүлсэн Үндэсний төв архив, Цэргийн архивын газар, Үндэсний номын сан, МАН-ын төв архив
-С.Шагжийг эсэргүүний цэрэгт элссэн, 1932 оны тавдугаар сарын 13-нд Тариатын хүрээний өмнөх этгээдэд буудуулсан гэдэг нь бүгд ам дамжсан худал яриа, тэрээр Архангай аймгийн наадмаас харьж яваад 1932 оны намар бусадтай андуурагдан буудуулж амь эрсдэн харин ч бүр хэлмэгдсэн болохыг тодруулахад туслалцаа үзүүлсэн бүх хүнд талархаж байна.
Жич: Алдарт бөхийн АВАРГА ЦОЛОНД ЭРГЭЛЗЭЖ БАЙГАА хүмүүсийг Үндэсний архивын газарт урья. Та тэндээс Ф-165.Д-1.Хн-68, Ф-165.Д-1.Хн-69, Х-1.Д-6.Хн-254 материал үзэж, Ардын цэрэг, Залуучуудын үнэн, Үнэн сонины 1927,1928, 1929, 1930 оны 8, 9 -р сарын наадмын дугааруудыг уншиж эргэлзээгээ тайлж болно.

SHARE