ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар засагт хэрэгтэй юу?

Б.ДАМДИН-ОЧИР

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын даргаар Г.Занданшатар ажилладаг. Түүний намтар, түүх нь бол энэ албыг хашихад хангалттай. Тэрээр 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш, 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал, 1998-2000 онд Монголбанкны Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монголбанкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн, 2000-2003 онд ХААН банкны дэд захирал, 2003-2004 онд Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд, 2004-2012 онд УИХ-ын гишүүн, 2009-2012 онд Гадаад харилцааны сайд, 2012-2013 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна.

Г.Занданшатар ЗГХЭГ-ын даргаар ажиллахдаа дараах үүргийг гүйцэтгэх ёстой. Хуульд хэрхэн заасныг харуулъя. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нь

-Засгийн газрын шийдвэрийн биелэлт;

-Засгийн газрын дотоод мэдээлэл;

-Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;

-төрийн албаны хүний нөөцийн асуудал;

-орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;

-орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;

-Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;

-иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;

-агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг хариуцна гэж заажээ. Мөн ЗГХЭГ нь:

1.Хэрэг эрхлэх газар нь Засгийн газрын шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын харилцан ажиллагааг зохицуулахад туслах, хүний нөөцийн удирдлага, нийтлэг үйлчилгээний удирдлагаар хангах асуудлыг эрхлэн гүйцэтгэнэ. Түүний дотор:

1/Засгийн газрын шийдвэрийг боловсруулан гаргах, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, энэ талаар яам, Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааг зохицуулна;

2/Засгийн газрын стратегийн удирдлага, төлөвлөлт санхүүгийн нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ;

3/төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлж, үүнтэй холбогдсон тэргүүний арга барилыг нэвтрүүлнэ;

4/нийтлэг үйлчилгээний бодлогыг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг шаардлагатай зөвлөлгөө, удирдлага, зохицуулалтаар хангана;

5/Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг шаардлагатай зөвлөлгөө, үйлчилгээгээр цаг тухайд нь хангана;

6/танхимын хуралдаанд хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулна;

7/танхимын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангана;

8/Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж нийтэлж мэдээлнэ;

9/Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг нэгтгэн тодорхойлно;

10/танхимын хуралдааны явцын тэмдэглэл, Засгийн газарт орж гарах бичиг хэргийн ажиллагааг эрхэлж зохион байгуулна;

11/Засгийн газарт иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлүүлнэ;

12/хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна.

2.Хэрэг эрхлэх газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.

3.Засгийн газар шаардлагатай бол зөвлөл, ажлын бусад албыг байгуулж зардлынхаа төсөвт багтаан ажиллуулж болно гэсэн байна.

Эндээс харахад ЗГХЭГ-ын даргын эрх, үүрэг бол лут. Харин Г.Занданшатар энэ албыг бүрэн гүйцэт хашиж чадаж байна уу. Үгүй гэх хүнтэй олон таарах болов уу. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын үйл ажиллагаа У.Хүрэлсүхий тэргүүлсэн Засгийн газрын нэр хүнд, рейтингээр үнэлэгдэх ёстой.

Тэгвэл У.Хүрэлсүхийн Засгийн газрыг олон нийт хэрхэн үнэлж байна вэ. Гараад санал асуувал хэр зэрэг дүн гарах бол?

Ер нь бол албан ёсны судалгаа хийвэл базаахгүй дүн гарахаар болчихлоо. Хамгийн гол нь энэ засагт концепц, хөтөлбөр гэж алга. Ерөнхий сайд нь энд тэнд очиж  ажиллаад л байх юм, уг нь. Гэхдээ утааг хэрхэн шийдэх вэ гэсэн гарцгүй атлаа утаатай бүсэд очоод “Маскаа зүү” гэчихээд явлаа гээд шүүмжлүүлж байна. Зарим томоохон хэвлэлд Ерөнхий сайдыг энэ мэтээр шоудалгүй том төсөл хөдөлгөж улс орноо хямралаас авар гэж томилсон шүү гэж анхааруулж байна.

Ерөөсөө л олон нийт У.Хүрэлсүхийн Засгийн газраас том үр дүн хүсч байгаа. Тийм учраас асар их хүлээлт дунд Ерөнхий сайдаар томилогдчихоод шахаа, тохирооны сайд нараар багаа бүрдүүлсэнийг нь уучилсан юм.

Тийм учраас У.Хүрэлсүхийн Засгийн газар одоо том асуудал ярьж, том шийдэл ярих хэрэгтэй юм. Түүнийг нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар гардаж хийх ёстой. Гэтэл мань Г.Занданшатараас тийм төсөл, хөтөлбөр гарах эсэх нь бүрхэг харагдаад байгаа юм. Тийм шийдэл танилцуулах гээд тун завгүй ноцолдож суух учиртай ХЭГ-ын дарга маань хэвлэлийн төлөөлөгчийн ажил хийгээд зогсож байх боллоо. Тэр ажлыг өмнө нь Засгийн газрын ХМОНХА-ны дарга нар хийдэг байсан. Мэдээллийг олон нийтэд хүргэнэ гэдэг бодлого боловсруулахаас огт  өөр ажил. Өмнө нь Засгийн газрын ХМОНХА-ны дарга байсан Ц.Мөнхтөр, Б.Цээпил, Г.Отгонбаяр нар энэ үүргийг хүлээдэг байсан биш үү.

Энэ бүхнийг хэлэхийн учир нь өмнөх засгийн үе шиг ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайдаасаа том харагддаггүй юм гэхэд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллавал яасан юм гэж Г.Занданшатар даргаас асуумаар байгаа юм. Бас зөвлөмөөр байна.

Яг үнэндээ ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатараас У.Хүрэлсүхийн Засгийн газар, цаашилбал Монгол Улсын хувь заяа шалтгаалж болно. Улсыг машин гэвэл Засгийн газар мотор нь юм. Гэтэл Г.Занданшатар гэдэг нэг эд анги ажиллахгүй бол мотор доголдож, машин зогсоно. Учир шалтгаан нь ийм л юм.

Эх сурвалж: www.polit.mn

SHARE