Монгол Улсад олгох 350 сая ам.долларын санхүүжилтийг баталгаажуулахаар ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Мянганы сорилтын корпорацийн дэд ерөнхийлөгчийн орлогч Фатема Зумарыг хүлээн авч уулзахдаа АНУ-ын Мянганы сорилтын корпорац манай улсыг хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгаруулснаас хойш хоёр тал компакт боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэж хэрэгжүүлэх төслүүдээ үндсэндээ тохироод байгаад баяртай байна гэв.

Компакт гэрээнд онцгой ач холбогдол өгч байгаа, АНУ-ын Засгийн газар, ард түмний олон зуун сая долларын буцалтгүй тусламж манай улсын эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжилд урт хугацаандаа томоохон дэмжлэг үзүүлэх салбарт чиглэгдэж байгаад талархлаа илэрхийллээ.

Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл болон ус дахин ашиглах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааны урьдчилсан дүнг дэмжсэн. Усны салбарын цогц хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх маш чухал зангилаа асуудал болох Төв цэвэрлэх байгууламжийг шинэлчлэн сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцоллоо.

Мянганы сорилтын корпорац шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийн захиалагчийн үүрэг, шаардлага болон хуримтлагдсан лагтай холбоотой асуудлыг боловсруулж байгааг Үндэсний ажлын алба мэдээлсэн. Шинэ Төв цэвэрлэх байгууламжийн төслийг олон улсын стандартын дагуу амжилттай хэрэгжүүлэхэд корпорацийн мэргэжилтнүүд манай холбогдох яамдтай нягт хамтран ажиллах шаардлагатай гэв.

Компакт боловсруулах ажлыг хариуцаж буй холбогдох багууд техникийн нарийн асуудлуудаа ирэх оны эхээр эцэслэн тохиролцвол гэрээг 2018 оны эхний хагаст багтаан байгуулах боломжтой. Монгол Улсын 350 сая ам.доллар хүртлэх санхүүжилтийг баталгаажуулахаар шуурхай ажиллаж байгаа гэж хатагтай Фатема Зумар хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

SHARE