Хасаад хаясан 72.5 тэрбум төгрөг гишүүдэд биш ард түмэнд очих байв

 

Машины мотороор бол У.Хүрэлсүхийн Засгийн газар доголдоод эхэллээ. Уг нь шинэ юм. Гэвч хуучин “сэлбэг” ихтэй учраас хол явах эсэх нь ч эргэлзээтэй болж эхлэв.

Эргэлзүүлсэн эхний алхмыг өчигдөр, уржигдархан хийлээ. Ирэх оны төсөвт суулгасан жижиг дунд үйлдвэрийг дэмжих 75.5 тэрбум төгрөгийг хасч байгаад эмч, багш нарын эсэргүүцлийг дарахаар 55 тэрбумыг гаргахаар болж байна. Эд өөрөөр тайлбарлах байх. Гэхдээ энгийн логик нь энэ.

55 тэрбум төгрөг бага мөнгө биш ээ. Өчнөөн сургууль, төчнөөн эмнэлэг барих хөрөнгө. Эмч, багш нарт удаа очих 300 мянган төгрөг тэдний амьдралыг тэр чигт нь тэтгээд явчих мөнгө биш. Нэг удаагийн л нөхөн олговор гэж Сангийн сайд нь өөрөө хэлсэн. Яг үнэндээ хэдхэн сарын өмнө цензуртэй олгож байсан хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгоход ОУВС-гийн гэрээг зөрчлөө гээд олон хэвлэл, олон улстөрч халаглаж байсан. Гэтэл одоо Засгийн газарт тал засаад таг чиг.

Хаанаас нь ч харсан 300 мянган төгрөгөөр тараах 55 тэрбум бол зүгээр л популизм. Шинэ Засгийн газрын үг үйлдлийн зөрүү ийм их байх юм гэж саналаа.

Нөгөө талд хасагдсан 72.5 тэрбум төгрөгийн асуудал байна. Энэ мөнгийг УИХ-ын гишүүд зарцуулах гэж байтал энэ Засгийн газар тас цохиод хасч хаялаа гэдэг мэдээлэл тарааж байна. Учрыг нь ч ойлгоогүй нөхдүүд сошиал хаягаараа салам мэдээлж байгаа юм. Бас л үгүй юм байна лээ. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжих зээлийн хөрөнгө байсан.

Уг нь хамгийн анх энэ мөнгө УИХ-ын гишүүд тойрогтоо зарцуулах зориулалтаар төсөвлөгдөж байжээ. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед орон нутгийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаар дамжуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл болгохоор төлөвлөлсөн байгаа юм.

Бодоо үз дээ. Өөрсдөө зарцуулах эрхтэй бүхэл бүтэн тэрбум төгрөгөөс татгалзаж кноп дарах гишүүн гэж байх уу. Тэгээд ч энэ сангийнхан юм уу, жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотой сангийнхан энэ төсөв батлагдчихаасай гэж их зүтгэсэн байгаа юм. Эрхэм гишүүдийг дэмжлэг үзүүлж, саналаа өгөөч гэж Байнгын хорооны хурлын үеэр гуйж ч үзсэн байдаг.

Нэгэн хачирхалтай мэдээлэл хүргэхэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих 72.5 тэрбум төгрөгийг Байнгын хороо эхэлж санал хураагаад дэмжчихсэн байгаа юм. Гэтэл зарим нэг нэгр бүхий сайд нар орж ирэд дахин санал хураалгаж унагасан байдаг. Ингээд харахаар энэ 72.5 тэрбум чинь гишүүдэд биш ард түмэнд л очих зээлийн хөрөнгө байсан гэсэн үг.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE