У.Хүрэлсүх: Би дэд сайд нарыг буруу гэж үздэггүй хүн

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы Эдийн засгийн байнгын хороон аравдугаар сарын 17-ны өдрийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж “…Нэгдүгээрт , та яагаад давхар дээлтэй сайдуудыг оруулж ирэв. 50 хувийг нь ядаж давхар биш байлгаж болоогүй юм уу. Одоо дэд сайдуудаа солих уу? Дэд сайдуудаа солихдоо ямар 15 гишүүний хүнийг тавих гэж байна. Төрийн нарийнуудаа солих уу? Ямар 15-ыг нь бас хүнийг нь тавих гэж байна. 45 кноп байхгүй бол та огцорно шүү дээ. 60 тэрбумын одоо барьцаанд байгаа учраас эвгүй шүү дээ. Тийм учраас нэгдүгээр асуулт тэр одоо үлдсэн 30 гишүүдийнхээ нэрсийг хэлээч ээ.

Хоёрдугаарт, танд би нэг албан бичиг явуулсан байгаа. Цагаач иргэний статусаар ногоон карт гээд гоё нэр өгчихсөн. Тийм иргэдийг судалж гаргасан уу? Тийм ажиллагаа хийгдэх үү? Тэрийг мэдмээр байна. Өөрөөр хэлэх юм бол танай сайдууд болон энэ манай Их Хурлын гишүүд дотор гадаадад 6 сараас дээш хугацаагаар одоо заавал амьдарч байх ёстой. 6 сардаа нэг удаа очиж бүртгүүлж байх ёстой тийм хүмүүс байгаа.

Хөрөнгөнийхөө араас яваад тухайн орных нь харьяат болсон хүмүүс байгаа. Харамсалтай нь би ганцаараа учраас хэрвээ хэлэх юм бол, зарим нэгэн хүмүүсийн нэр хэлэх юм бол хүн гүтгэсэн, ингэсэн тэгсэн гээд одоо надад ямар хэвлэл байх биш. Надад одоо ямар кноп байх биш. Тэгэхээр одоо юу вэ гэвэл та таны гарт бол бүгд байна. Тагнуул чинь байна. Одоо дипломат албад байна. Та одоо Элчин сайдтай уулзсан. Канадынхтай, Австралитай, Англитай уулзана. Тэгэхдээ энэ асуудлын араас явах уу? Явж энэ одоо сайдуудынхаа давхар иргэншлийн тухай зарим нэг нөхдийг ил зарлах уу гэдгийг би мэдмээр байна.

Одоо давхар дээлээс та ичихгүй гэдгийг би ойлголоо. Харин давхар иргэншлээс ичих байх гэж би найдаж байна” гэсэн асуултыг тавьжээ.

Түүний хариуд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Би анх Ерөнхий сайдаар томилогдсоныхоо чуулган дээр өөрийн кабинетаа УИХ-аас бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Нийгэм ч гэсэн тэгж хүлээж авсан гэж бодож байгаа.

Одоо надад нэгдүгээрт ажил хийдэг бяртай сайд нар хэрэгтэй байна. Би өөрийнхөө кабинетийг бас одоо ажил хийгээд хариуцлага үүрээд явчих хэмжээний сайд нараа бүрдүүлсэн гэж бодож байгаа. Ахмад, дунд, залуу үеийнхний төлөөллийг оруулсан юм энэ кабинетдаа. Эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг оруулсан. За бүр үндэстнийхээ төлөөллийг ч оруулсан. Р.Сандалхан гишүүнээс хойш 25 жилийн дараа Х.Баделхан гишүүн буюу манай Казахын ард түмнээс одоо сайдад нэр дэвшиж байгаа. Сайд болох байх гэж бодож байна.

Би Ерөнхий сайдынхаа хувьд буюу хувь хүнийхээ хувьд би давхар дээлийг буруу гэж үздэггүй хүн. Би бас дэд сайд нарыг буруу гэж үздэггүй хүн. Ажил хийж байгаа хүнд бол ажил хийж чаддаг хүнд тухайн ажил нь асар их байгаа. Яамдын ажил. Нэг сайд нь гадаад дотоод явна. Хөдөө орон нутагт явна. Томилолтоор явна. Хүн юм болохоор өвчин зовлон тохиолдоно. Орлох хүн байдаггүй. Засгийн газрын хуралдаандаа ирэх хүн байдаггүй. Хөдөө ажлаар явах хүн байдаггүй. Ажил цалгарддаг.

Дээр нь одоо би 15 сайдын цалин хүртэл хэмнэж байгаа гэж бодож байгаа шүү дээ. УИХ-ын гишүүн сайд хүн бол нэг л цалин авна. Эдийн засгийн хувьд ч гэсэн би хэмнэлттэй гэж ингэж бодож байгаа” гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү үргэлжлүүлэн “…Нэгэнт хэмнэж байгаа юм бол тэр сайдуудынхаа өрөөг бас хэмнэчихээрэй. Цалин бол юу ч биш шүү дээ. Энэ Төрийн ордноос наад сайдуудаа авч гарах хэрэгтэй. Тэр яаман дээр нь аваачиж суулга. Нэгдүгээрт нь.

Салбараа сайн мэддэг гэж байна. Би үгүйсгэхгүй ээ. Дотор бас өмнө нь сайд хийж байгаад хэл аманд ороод тэгээд янз бүр болоод ирж байсан хүмүүсийг би мэднэ. Салбараа сайн мэддэг учраас тэд нар өнөөдрийн энэ 27 жилийн хямралыг авчирсан гэдгийг би мэднэ. Бас салбартаа огт мэдэхгүй хүнийг авчраад тавьчихсан байна л даа. Тэгээд миний одоо асуух гэж байгаа асуулт дэд сайдууд чинь Засгийн газрын хуралдаанд асуудал танилцуулдаг гэсэн ийм юм яриад байна л даа” гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх “…Давхар иргэншилтэй холбоотой асуудлаар манай О.Баасанхүү гишүүнээс надад бичиг ирсэн. Би энийг холбогдох байгууллагад нь шилжүүлсэн байгаа. Тэр байгууллагууд нь судалж үзэх байх гэж бодож байна. Зүгээр миний мэдэж байгаагаар манай шинээр Засгийн газарт орж байгаа сайд нараас хэн нэгэн хүн давхар иргэншилтэй хүн байхгүй гэдгийг хэлье” гэв.

Эх сурвалж: aguulga.mn С.Санаа

SHARE