Буддагийн дууллыг шүлэглэн илбэмой, би!

Зохиолч, яруу найрагч Б.Цогнэмэх

 

Алив бүхэн сэттгэлээс үүдэхийн учир
Аугаа, андууг ч залуурдан хөдөлгөеү
Амьсгаа авахын зуурт ч навчис гилбэлзээд
Арван оны хөх үүлсийг ч тунаруульюу
Ариун сэтгэлээр шивнэх төдүйг сонсоод
Араатны зогдор буун өвс болох нь тарни уу
Амирлангүй үйлийн мөчрөөс чинь нисэх бялзуухай
Аз жаргалын үр зуун мөр замыг чинь дүүргэеү
Цог залийн хундага өргөвөөс саруул дуун анхилаад
Цонхоор тусах нарны илч цээжинд үндэслэмүү
Цочих сэрэмжээ хөлийн тоостойгоо гээвээс
Цонхигор цэцэг гашуунаар найгахын жам аа!
Муу сэтгэлийн сүүдэр нөмрөн зоривоос
Мөшөөх бие чинь айдасын аяганд тэлчилнэ
Мөрөн гол буцан урсах шиг хуйларч
Машид түрэмгийтнээс ч илүү өөрийг чинь нурааюу!
Буруудсан бүхнээ өрөөлийн асраас эрвээс
Бурханлиг өдрүүдийн хажуугаар гэмээ үүрэн өнгөрьюү
Буртаггүй бодлоо халбага халбагаар хурааж
Бусдын саванд наран мэт тэгш хүртээгтүн.
Цэцгийн дэлбээг гэмтээлгүй балын шимийг хүртэх зөгий шиг
Цэцэн мэргэдийн аялал үнэн сайхнаан үл гутаана
Цээнийн ягаан анхилга бат ялдмыг түгээх шиг
Цэвэр үйлсийн үнэр дээд амгаланг урлаюу
Өрөөлийг ялахаасаа өмнө өөрийгөө ялахыг эрхэмлээд
Өөртөө эзэн болвоос ад чөтгөр ч чамайг дийлэхгүй
Үймээн самуунт зуун жилийн амьдралаас
Үнэн төгсөөр бусдад тусалваас дивааживнгийн хаалга нээгдэнэ!
Төмрөөс үүсссэн зэв төмрөө иддэгийн адил
Төрсөн биеэс чинь үүдсэн нүгэл там руу л хөтөлнө
Дэмий дүр эсгэвч атгаг сэтгэлээс ангижраагүй бол
Дээлээ тайлаад өвлийн жавар сөрсөнтэй ижил!
Эрүүл бие- энэ орчлонгийн үнэт эрдэнэ
Энхрий сэтгэл ханамж- эрхмийн дээд баялаг
Итгэлт анд нөхөд- хамгийн дотно садан
Энгүй гэгээрэл- ертөнцийн дээд жаргалан
Зүлгэх тусам гялалзах шижир алт шиг
Зүйргүй гийгүүлэгч нэгнийг хэн муутгах билээ
Зөн совингийн ариухан алгаа дэлгэвээс л
Зүүдний тунгалаг мэт Хурмаст тэнгэр ч шагшюу
Өөрийгөө цаг үргэлжид шинжвээс гэгээн сайхныг хүртэнэ
Үнэний ууланд хүрвээс бусдадаа даруй замчлаарай
Өөрөө өөртөө гэрэл болон асч амьдартугай
Өргөн олон чинь хүрээлж аз жаргалаар Та бялхана аа!

Дарь-Эх .2017.10.22. 04.00.цагт Шагжаан чадагч Бурханы билиг билгүүнд мэхийн бичиглэвэй.

SHARE