У.Хүрэлсүх зүрхгүй эр юм

 

У.Хүрэлсүх маргааш /2017.10.10/ Засгийн газартаа ажиллах сайд нарыг намынхаа Удирдах зөвлөлд, дараа нь УИХ-д танилцуулна. Танилцуулна гэдэг тэр чигээрээ явна гэсэн үг.

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход Монгол даяараа алга ташиж байлаа. АН хүртэл “Дэмжинэ” гэж мэдэгдэж байв.

У.Хүрэлсүх шиг ийм их итгэл тээж Ерөнхий сайд болно гэдэг нэг талдаа том аз завшаан. Гэхдээ У.Хүрэлсүх л ингэж дэмжлэг авах нийгмийн сэтгэлзүй бэлтгэгдээд байсан юм.

У.Хүрэлсүх шиг галтай, цогтой, дайчин, хурц удирдагчийг монголчууд нийтээрээ хүссэн учраас “дан дээлтэй”, Ж.Эрдэнэбатын Засгийн газрын эрх мэдэл багатай хоёрдугаар хүнийг өөд нь татсан хэрэг.

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахад У.Хүрэлсүх ард нь байгаа гэгдэж, дараагийн Ерөнхий сайд бэлэн гэгдэж давалгааг нөмрүүлсэн. Нэгэнт эхэлсэн давалгаа эрчээ алдалгүй явсаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг ганцхан жилийнх нь ой дээр унагачихав.

Яг үнэндээ парламентын гадна, ганц кнопны эрхгүй У.Хүрэлсүхэд ямар юмных нь 30 гаруй гишүүн турхирах хүч байх билээ дээ.

Дээр хэлснээр У.Хүрэлсүхийн галтай цогтой имиж л тэр 30 гаруй гишүүнийг зангидсан байж таарна. Тийм ч юм болсон.

Харин У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар сонгогдоод хэдхэн хоноод гаргаж байгаа хамгийн том шийдвэр нь түүнийг дэмжсэн хүмүүсийг шооконд ортол авлаа.

У.Хүрэлсүх тохироонд оржээ. М.Энхболдтой Засгийн газраа 60:40-өөр наймаалцжээ гэсэн мэдээлэл өчигдрөөс хэвлэлээр цацагдаад эхлэв. Харамсалтай нь энэ үнэн бололтой.

У.Хүрэлсүх маргааш Засгийн газрын сайд нараа танилцуулахаар болсон байна. Одоо хэвлэлүүдээр яваад байгаа нэрсийг харахул, Ж.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүхийнхийг илүү гаргаж харах арга алга. Нөгөө л хэдэн эл дол болсон гишүүн.

Уг нь ард түмэн, АН хүртэл У.Хүрэлсүхээс юу хүлээсэн гээч. Жинхэнэ мэргэжлийн Засгийн газрыг хүлээж байлаа. Ганц нэг гишүүн танхимд нь багтахыг үгүйсгэхгүй л дээ. Гэхдээ ийм биш.

Зүй нь У.Хүрэлсүх өөрийнхөө засгийн унахаас огт айх хэрэггүй байсан юм. Магадгүй, унагах тусам улам хүчтэй Ерөнхий сайд, МАН-ын дарга болж босч ирэх байв. Бүр, 2021 онд Х.Баттулгатай халзагнаж ч мэдэх бяр суухаар байлаа.

Гэвч тэр маргааш ийм засаг танилцуулбал, бүгд өнгөрөө.

У.Хүрэлсүх наймдугаар сард намынхаа Удирдах зөвлөл дээр, дараа нь  Бага хурал дээрээ, сүүлд нь УИХ-ын чуулганы индэр дээрээс юу хэллээ дээ. Галтай, цогтой авч өгсөн дөө.

Гэтэл ийм засаг байгуулчихаад хэлсэн ярьснаа хийнэ, гүйцээнэ гэвэл ёстой гонжийнжоо.

Богтлогдчихсон, баригдчихсан Ерөнхий сайд нөгөөдүүлийнхээ хаагуур уул уурхайг ард түмэнд өгч, хуулийн байгууллагыг засч залруулж чадна гэж?!

Шуудхан хэлэхэд, 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх зүрхгүй эр юм. Түүнд итгэсэн хүмүүс хууртаж, хөөрхий.

Эх сурвалж: www.news1.mn С.Санаа

SHARE