Завханы маарамбын лууны ясаар хийсэн шинэ эм

 

Б.Ерэнтэй

2013 оны тавдугаар сард АНУ-аас 70 сая жилийн өмнөх үеийн манай “Батаар” үлэг гүрвэлийн араг ясыг эх нутаг Монголд нь авчирч, улмаар Сүхбаатарын талбайд тусгайлан байр засч хүмүүст сонирхуулан үзүүлж байсныг олон түмэн санаж байгаа байх. Тухайн үед Завхан аймгийн уугуул Зууннаст гуай “Батаар” динозаврын ясаар Яруугийн хүрээний маарамбын хийсэн эм ууж байсан тухай ярьсныг бивээр сонссон юм. Тэр эрхэмийг, алдагдсан “Батаар”-ыг Америкаас авчирч Сүхбаатарын талбайд босгож олон нийтэд сонирхуулж буйтай уялдуулан алиалж хэлэв үү, эсвэл үнэхээр Завханы Яруугийн хүрээний маарамба нар үлэг гүрвэлийн ясаар эм хийдэг байв уу. Үнэн учрыг мэдэхээр түүнтэй хөөрөлдсөн юм. Зууннаст гуайн юу ярьсныг сонирхуулъя. —Батаарын ясаар хийсэн эм ууж байсан гэж та ярьжээ. Энэ талаар сонирхож байна? —Манай Завхан аймгийн Цэцэн-Уул сумын төв-Тэгш суурингаас баруун урагшаа хорин хэдэн км-т Луншт гэдэг газар бий. Лууны яст гэсэн нэр нь ярианы хэлэнд Луншт болсон. Дашрамд хэлэхэд, монголчууд үлэг гүрвэлийг луу гэдэг байж. Хүнгү голын дагуухь Бор хярын Монгол элсний тэрхүү хормой газарт лууны буюу үлэг гүрвэлийн яс ширдэглэж байдаг. “Триннозавр-Батаар” нь зөвхөн Өмнөговийн нутагт байдаг гэдгийг эрдэмтэд тогтоосныг уншсан. Лунштад “Батаар” байгаа эсэхийг судалж одоогоор тогтоогоогүй учраас ийм тийм гэхэд хэцүү. Харин манай Завхан аймгийн Яруугийн хүрээний маарамба Бямбажав гуай ходоодны хавдар туссан над мэтийн хэдэн хүнд динозаврын ясаар “Бүргүраабын толжир” гэдэг шинэ эм хийж уулгаж биднийг эдгээсэн нь үнэн юм.

-Олон зуун сая жилийн настай динозаврын ясаар яаж эм хийдэг бол?

-Үлэг гүрвэлийн яс нь “Бүргүраабын толжир” гэдэг эм хийхэд ордог нэг материал юм билээ. Найрлагад нь өөр ямар цэцэг навч, яс үс ордгийг бид мэдэхгүй. Бямбажав гуай “Лунштын яс байгаа юм. Битүү төмөр саванд хийгээд гурван удаа битүү шатааж, гурван удаа хөргөөрэй. Дараа нь шаазан аяганд хийгээд үйрүүлж нунтаглаад өгөөрэй. Та нарт өгөх эм хийхэд орох үндсэн зай нь (материал) гэсэн юм. Ер нь найрлагад нь лууны яс ордог монгол эм хэд хэд байдаг гэж Амбажий ярьж байсан. Харин “Бүргүраабын толжир” нь өөрийнх нь, одоо бол патент авах ёстой шинээр хийсэн эм юм билээ.

-Та нарын тэр эм уусан чинь хэдийд вэ. Бямбажав маарамба одоо амьд сэрүүн үү?

-Амбажий гэж бид гуайлдаг Бямбажав гуай 1984 онд бурхан болсон. Бидний эм уусан нь 1981 оны зун. Энэ маарамбын тухай ярихад заавал Яруугийн хүрээ, багш нарынх нь тухай өгүүлэх ёстой. Яруугийн хүрээ нь манай аймгийн төв-Улиастай хотоос баруунтаа хориодхон км зайтай, хавар болохоор үерлэдэг уулын гол Яруугаар нэрлэгдсэн Анагаах ухааны дээд сургуультай хүрээ. 1811 онд анхлан “Хол дахиныг тогтоогч” сүм нэртэйгээр үүд хаалгаа нээсэн. Яруугийн хүрээ нь хожмоо VIII Богдын зарлигаар “Дашпунцаглин” хийд гэж нэрээ гэж өөрчилсөн. 800 гаруй лам хуврагтай Яруугийн хүрээний эмч маарамбууд нь өвчнийг анагаах эрдэм чадлаараа XIX зууны эцэс XX эхээр гайхагдаж байсан. Нэн ялангуяа VIII Богд Жавзандамба хутагтыг тусгай хуваариар ээлжлэн эмчилж өвчнийг нь эдгээсэн Адарсүрэн, Чунаг, Санжжав, Намсрай нар байна. Эдгээр дөрвөн маарамбын, бусдын өвчинг анагааж эдгээсэн тухай аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэх аргагүй хэтийдсэн үлгэр домог мэт яриа их. Санжжав маарамба Богдод уулгах эмийн материал олж ирэхээр Европ явсан, Адарсүрэн маарамбаар В.И.Ленинийг эмчлүүлэхээр Москва руу авч явах гэсэн нь ямар ч болов бодит үнэн. Амбажий маань ийм том маарамбуудын гарын шавь гэхээр уламжлалт анагаах ухаанаар тасарчихсан байж таарнаа даа. Амбажийгаас гадна Санжаажав гэдэг маарамба 1937 оны их хэлмэгдүүлэлтээс амьд үлдсэн байна.

-Таны нэр дурдсан Санжжав, Санжаажав хоёр тань нэг хүн болж байна уу, эсвэл багш шавь хоёр уу?

-Хоёр хүн. Санжаажав Амбижийтэй нэг зиндаа,нэг анги, их маарамбуудын шавь. Монгол эмнэлгийн хүрээлэнд 1980, 1990-ээд онд ажиллаж байсныг хотынхон андадгүй. Харин Санжжав маарамба VIII Богдыг илааршуулах европ эм олж ирэхээр хойшоо одож одоогийн Хөвсгөлийн Ханх, Хатгалаар дамжин зүүн тийшилж Буриадын нутаг хүрсэн. Тэндээсээ буриад эмч маарамба нарын туслалцаа дэмжлэгтэйгээр Москва, Берлинээр дамжин Францын нийслэл Парис хот хүрээд буцаж ирсэн. Тэр тухайгаа Амбижий болон бусад шавь нартаа хуучилсан байдаг юм. Оросын эрдэмтэн И.М.Майский уг аяллын талаар, 1921 онд Эрхүү хотноо хэвлүүлсэн “Автономит Монгол. XX зууны гараан дээр” номдоо хагас дутуухан өгүүлж түүнийг Германы нийслэл Берлин орсон гэж бичсэн байна лээ.

-Адарсүран маарамба Ленинийг эмчлэх гэж байсан гэлээ. Энэ талаар ямар баримт байна вэ. Аман яриа юу?

-Түрүүхэн би үүнийг бодитой гэж хэллээ дээ. Ерөнхий сайд Б.Цэрэндорж 1923 оны эхээр Адарсүрэн маарамбыг дагуулан зөвхөн В.И.Ленин багшийг эмчлүүлэх хөтөлбөртэйгөөр Москвад ажлын айлчлал хийх гэсэн юм билээ. Гэтэл Зөвлөлт холбоот Орос улсаас манайд сууж байсан Элчин сайд Юдин 1923 оны оны хоёрдугаар сарын 19-нд Б.Цэрэндорж сайдад бараалхаж “Лениний бие илааршаад биеэ амарч сувилуулахаар гадаад улсад одох болов. Танай Засгийн газраас эмч илгээх гэсэнд ихэд баярлав. Бас ч одоо эмч илгээх хэрэггүй” гэж хариу өгсөн байна. Энэ тухай Монгол Улсын Ерөнхий сайд Хичээнгүй сайд хэмээх Б.Цэрэндорж гуайн хувийн тэмдэглэлийг нийтэлсэн “XX зууны 20-иод оны тэмдэглэлүүд” номд тодорхой байгаа.

-Та бүхний, Батаарын яс орсон “Бүргүраабын толжир” эм уугаад эдгэсэн ходоодны хавдар хортой байсан уу?

-Хорт хавдар байсан бол юу гэж эдгэх вэ, хоргүй л хавдар байсан хэрэг. Раак эдгээсэн хүнд алтан хөшөө босгох юм гэнэ лээ гэж өөрөө сонссон биз дээ. Хорт хавдар эдгээгээд, алтан хөшөөгөө босгуулсан тохиолдол хаана ч байхгүй! XX зуунаа больё гэхэд ХХI зуун чинь нотолгоон дээр тулгуурласан анагаах ухааны эрин. MRI-гаар оношилдог, эхогоор хардаг. Ямар өвчтэйг нь нотолж байж ямар эм тариа хэрэглэх талаар шийдвэр гаргадаг болсон шинжлэх ухааны зуун. Тийм ч учраас хорт хавдар эдгээсэн гэж ярьдаг, эдгээнэ гэж амладаг бөх зүрхтэй хэн боловч хазаараа татах хэрэгтэй.

-Улаан хоолойн раак буюу монголоор нарийнтах өвчнийг эдгээсэн тохиолдол байна. Эдгээсэн, эдгэсэн хүмүүс нь, Бямбажав гуай та хоёр шиг, нэр устайгаа тодорхой байгаа жишээг яах вэ?

-Амбажийн ойлголтоор бол улаан хоолойн хавдар тусаагүй ердөө ларенгит нь хүндэрсэн өвчтөн. Ларенгит хүндэрч хурц үрэвсэлдээ ороход нарийнтсан хүн шиг шинж илэрч хоолойгоор махан хоол, бантан, сүүтэй цай…гэх мэт дарааллаар орохоо болино. Учир нь, өвчтөн өөрийгөө нарийнтлаа гэж бодож сэтгэл санаагаар хямрахад улаан хоолойны бүх мэдрэлийн эд эс нь автоматаар түгжигддэг байна. Бямбажав гуай хэдхэн эм өгөөд зүгээр болгочихдог байсан жишээг бид мэднэ. Бямбажав гуай ч раак эдгээлээ гэж огт ярьдаггүй. Эдгэрсэн хүмүүс ч раак тусаад эдгэрлээ гэж худал ярьдаггүй л байхгүй юу. Таны нэр устай хэлэх жишээ бол ларенгит эмчилсэн эмч нь раак эдгээлээ гэхээр өвчтөн нь дагаж андуурч ярьсан жишээ.

-Бямбажав маарамбын судас дарж онош тавих, эм өгөх нь өнөөгийн уламжлалт эмнэлгийн эмч нараас ондоо байсан уу?

-Таван нас хүрээгүй хүүхдийн судас дардаггүй. Судасны цохилт нь мэдэгддэггүй учраас буруу онош тавина, буруу эмчилнэ гэж болгоомжилно. Өвчтөнийг өлөн элгэн дээр бие засаагүй байхад халуун хэвтэрт орондоо байхад нь судас дарна.

-Тэгвэл одоогийн уламжлалтын эмч нар хэзээ ч хамаагүй судас дарж байгаа нь оношиндоо алдаа гаргаж мэдэх, ер буруу байх нь ээ?

-Энэ нь буруу биш. XXI зуун бол нотолгоон дээр тулгуурласан анагаах ухааны эрин. Харин ч эрүүл мэндийн шинжилгээг судас дарж онош тавьсантайгаа жишиж нотолж байгаа сайн хэрэг. Европ, уламжлалт анагаах ухааныг хосолсон дэвшил, эерэг тал гэж үзэх үндэстэй.

-Бямбажав маарамба эм өгөхөөс гадна “ийм рашаан тийм өвчинд сайн” гэж та нарт хэлж өгсөн үү?

-Амбижий эм өгнө, бас тан өгнө. Халуун бүлээн усаар даруулж уудаг нь эм, усанд хийж ширгээж уудаг нь тан. Бямбажав гуай ер нь тийм зүйл ийм өвчинд сайн гэж хэлж өгдөггүй хүн байсан. Манай Яруугийн хүрээний ном судар-сурах бичгийг Алагийн дөрөлжөөс (газрын нэр) цаашхи айлд гаргадаггүй байсан гэж ерөнхий ухаан ярина. Тэгээд “Хурууны минь хээ хувиршгүй, өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй. Энэ миний хээ” гэсэн шүлэг манай охин Долгорсүрэн уншдаг юм. Сайтар тунгаавал их үнэн үг байна шүү. Тэгэхээр хүн болгон өөр өөр махбодитой, өвчнийг эмчлэх эм тан нь бас өөр өөр байна. Та нарт нэгийг зааж хэлээд өгөхөөр хүн болгонд нөгөө эм өгөөд нүгэл хураах байлгүй гээд хөдлөхгүй.

-Рашаан уух тухайд?

-Архангайн Хадатын рашаан элгэнд сайн гээд олон хүн явах юм. Наад зах нь элэг томорсон, хатуурсан хоёр чинь эсрэг тэсрэг хоёуланд нь таарна гэж баймааргүй гэж санагдах юм. Өөрийн биеэр очиж тэндэхийн ургамал ногоог нь үзээгүй болохоор сайн мэдэхгүй гэж нэгэнтээ ярьж байсан. Эмч нараар сайн үзүүлж тохирох үгүйгээ мэдэж байж тухайн рашаанд яваарай гэж бидэнд захидагсан. Харин уух аргыг нь хэлж өгсөн юм. Рашаан уух сав нь жижиг тагш, шилэн аяга стакан аль нь ч болно гэсэн. —Эхний өдөр – өглөө 1, өдөр 1, орой 1,

—Хоёр дахь өдөр – өглөө 2, өдөр 2, орой 2,

—Гурав дахь өдөр – өглөө 3, өдөр 3, орой 3,

—Дөрөв дэх өдөр – өглөө 4, өдөр 4, орой 4,

—Тав дахь өдөр – өглөө 4, өдөр 4, орой 4,

—Зургаа дахь өдөр – өглөө 3, өдөр 3, орой 3,

—Долоо дахь өдөр – өглөө 2, өдөр 2, орой 2,

—Найм дахь өдөр – өглөө 1, өдөр 1, орой 1 удаа ууна.

-Тариа хийхэд, хэмжээг нь ихэсгээд буцааж багасгадаг аргатай адил байгаа нь сонин л юм. Өөрөө Бямбажав маарамбын заавраар рашаан ууж байсан уу?

-Улаанхаалганы рашааны Догшин хар булгаас ууж байсан. Аймгийн төв Улистайгаас зүүн тийш олон гол гаталж очдог, хүрэхэд зам муутай. Догшин хар нь уухад худгийн хүйтэн ус шиг л зүв зүгээр ус. Амбажийд “Ходоод доторт сайныг нь та яаж мэддэг байна вэ. Зүгээр л хүйтэн ус байна лээ гэж хэлсэн. “Тэр хавьд нь ургасан цэцэг ногоогоор нь шинждэг юм” гээд муухан инээгээд өнгөрсөн. Манай аймгийн Нөмрөг суманд бас худгийн хүйтэн ус шиг Баянзүрх нэртэй рашаан бий. Бид Амбажийн заавраар нэг зун очиж уулаа. Тэгсэн рашааны ойролцоо байсан айлын нэг үнээ манчингийн зэмбэ гэдэг цэцэг идээд үхээд өглөө гээд халаг түлэг юм боллоо. Нутгийн унаган бус өөр газраас худалдаж авсан үхэр байж. Баянзүрхийн рашааны ойр хавийн айлын нутгийн үхэр тэр манчингийн зэмбэ цэцгийг иддэггүй юм байна. Тийм хүчтэй, хортой цэцэг ургамалтай газрын рашаан уухад ус шиг ч, дотроо хэчнээн эмчилгээний элементтэй юм билээ, ёстой жинхэнэ рашаан байхаас яах вэ гэж бодогдсон шүү. Бид Амбажийд болсон явдлыг сүүлд ярихад дахиад муухан инээгээд өнгөрч билээ гэж ярилаа. Зураг: “Батаар” динозавр. Майскийн ном. Цэрэндорж сайдын ном. Монгол эмийн манхаг/сав/. Маарамба Баатарын БЯМБАЖАВ ач охиныхоо хамт. Бямбажав маарамба нь 1908 онд хуучнаар Засагт хан аймгийн Цэцэн Сарт уулын хошуунд, одоогийн Яруу сумын нутагт төрсөн. Алдарт Адарсүрэн маарамбын хамгийн хайртай, гарын шавь нь байжээ.

SHARE