С.САНАА
2001 оны нэгдүгээр сарын 14-нд “МИАТ” компанийн “JU1025” дугаартай “МИ-8” нисдэг тэрэг Увс аймгийн Малчин суманд осолдож есөн хүн амь үргэгдсэн. Нислэгийн багт НҮБ-аас ирсэн гамшгийн үнэлгээ хийх багийнхан, УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг, гадаад, дотоодын сэтгүүлчид явсан байдаг. Энэ ослын шалтгааныг тодруулахаар хууль хүчнийхэн ажиллаж, 2005 онд уг онгоцны нисгэгчдийг буруутгаад өнгөрсөн юм. Гэхдээ энд бид онгоцны ослын буруутныг олж тогтоох гэсэнгүй. Харин энэ ослоос амьд үлдсэн, тухайн үед ИХЕГ-ын дэд дарга, Улсын онцгой комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, хурандаа Ч.Тогоотой хэдхэн хоногийн өмнө уулзсанаа хүргэе. Түүнтэй олон зүйлийг ярилцсаны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Отгонбилэг агсантай холбоотой дурсамж юм. Ч.Тогоо хурандаа баруун аймагт ингэж хэд хоног ажиллахдаа Ш.Отгонбилэг гишүүнтэй нэг өрөөнд буудаллаж, өөрөөр хэлбэл амьдралынх нь сүүлчийн өдрүүдэд хамт байснаа хуучиллаа. Тэрээр “…Би Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, Ш.Отгонбилэг агсан УИХ-ын гишүүний хувьд аймгуудад очиж хоноглохдоо голдуу нэг өрөөнд буудаллаж байсан юм. Тэгэхээр түүний амьдралын сүүлчийн өдрүүдэд хамт байж таарсан гэсэн үг. Ослыг Ш.Отгонбилэг агсантай холбож их бичдэг байлаа. Тийм юм гэж юу байхав дээ. Бүгд л тэнгэрт, нэг төмөр амбаарт явж байсан шүү дээ. Тэр жил баруун аймгууд их зудтай. НҮБ-д зудын байдлыг мэдээлсэн үнэлгээ явуулах зорилготой нислэг байсан юм. Тэр нислэгт Ш.Отгонбилэг гишүүн багтаж явсан. Тэрээр Завханаас сонгогдсоноосоо хойш очиж амжаагүй байсан юм билээ. Тэгтэл нутагт нь их зуд болж, тэндхийн хүний хувьд тэр багт багтаж явсан гэдэг юм. Тогоо, чи нааш ирээ гээд л дуудна. НҮБ-ынханд Монгол орын цас зудны байдлыг танилцуулж, ялангуяа нутгийнхаа талаар мэдээлэл өгөх гэж их ажилласан даа. Ер нь явсан зорилго нь тэр юм чинь. Завханаас нисээд дараагийн аймагт очиход “…Буцах хэрэгтэй байна. Маргааш Орос руу ниснэ” гэсэн. Тэр үед онгоцоороо л буцахгүй бол өөр арга байхгүй шүү дээ. би ч “…Та НҮБ-ын багийг ахалж яваа эмэгтэйд өөрөө хэл” гэсэн. Мань хүн явж очоод байж байж толгойгоо сэгсрээд буцаад ирсэн. “…Ёстой үгүй гэж байна шүү” гээд ирсэн юм даг. Ингээд 13-нд Увсад очлоо. Бид хоёр нэг өрөөнд буудалласан. Үдэш 23 цагийн үед байхаа, “..Тогоо, чи хувцсаа өмс. Хоёулаа нэг гаричхаад ирьж” гэсэн. Буудлаасаа гарч явсаар Увсын төв талбай дахь Ю.Цэдэнбалын хөшөөн дээр очлоо. Гишүүн мөргөж байна. Би ч дагаад мөргөсөн. Тэгчихээд нада нэг түүх ярьсан юм Ш.Отгонбилэг гишүүн “…Би 25 настай, хойноос сургууль төгсч ирээд Геологийн яаманд ажиллаж байлаа. Нэг өдөр Улс төрийн товчооны хурлаар оруулна гээд дуудаж байна. Хурал дээр яваад ороход Ю.Цэдэнбал дарга “…Эрдэнэтийн даргаар чамайг тавина” гэж байна. Ингэж хэлэхэд нь миний өвдөг чичирч байсан сан. “…Хэдэн настай хүүхэд вэ, ийм жаахан хүүхэд тэр том үйлдвэрийг яаж удирдах юм бэ” гээд л хэмээн товчооны гишүүд эсэргүүцэж байна. Гэтэл энэ яриаг Ю.Цэдэнбал дарга сонсч хэсэг сууснаа босч ирээд, баруун мөрөн дээр нь гараа тавьж “…Чи хө, сургуулийг нь төгссөн мэргэжлийн хүн. Овоо хэдэн жил ажилчихлаа. Тиймээс би чамд итгээд Монголын галт зүрхийг атгуулж байна. Энэ Ю.Цэдэнбалаас том асуудал. Нөхөр минь чи ойлгож байна уу” гэлээ. “…Мэдлээ, даргаа” гэж хэлснээ л санадаг юм” гэж хуучилж байжээ.
Эх сурвалж: www.udriintoim.mn