Хайду хааны гүнж ба “Турандот” дуурь

 

——— Ла Скалын театр үзэгчдэд анх удаа хүргэсэн суут бүтээл ——– 

“Богема”, “Тоска”, “Чио Чио Сан”, “Алтан барууны охин”, ганц хөгжмийн зохиолчид ахадмаар ийм олон гайхамшигтай дуурь туурвисан суутан бол Италийн Жакомо Пуччини (1858-1924). Эмгэнэлт хай­рын тухай өгүүлдэг эдгээр дуурьтаа тэрбээр найрал хөгжмийг бүхий л чадвараа шавхах төвшинд хүргэж төгөлдөржүүлсэн бөгөөд амар амгалан, гүн бодрол, утга уянгын хэсгүүдээр зөрчилт болон эс зөрчилт үйлдлийг харуулсан жүжиглэсэн тавилтыг бий болгосон. Дэлхийн сонгодог урлагийн түүхэнд дуурийн хамгийн алдартай хөгжмийн зохиолчдын нэгэнд тооцогддог Ж.Пуччини бас нэгэн хайрын, Хятадын хааны гүнж Турандот, Монголын ханхүү Калаф нарын тухай “Турандот” дууриа 1923 оноос бичиж эхэлжээ. Бурханаас заяасан авьяас нь бөхөлгүй гялалзаж байсан ч, хомо сапиенст хувилсан унаган бие нь хэлж ирээгүй хийсч ирсэн өвчний аригийг даасангүй 1924 оны арваннэгдүгээр сарын төгсгөлөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. (“Турандот” дуурийн сэдэв нь Хубилай хаанд 17 жил шадарласан Италийн аялагч Марко Пологийн “Ертөнцийн элдэв сонин” номонд гардаг Хайду хааны гүнж Агриамын домгоос үүдэлтэй юм).

Ж.Пуччинийн хараахан дуусгаж амжаагүй “Турандот” дуурийг өөрийнх нь дотнын анд, Италийн хөгжмийн зохиолч Франко Алфано (1875-1954) гүйцээж бичсэн билээ. Ж.Пуччинийг нас барснаас хоёр жилийн дараа 1926 онд Миланы алдарт Ла Скалын театрын тайзнаа уг дуурийг анхлан тавьсан. Тухайн цагт хөгжмийн удирдаач хийж байсан сартваахи Артуро Тосканини (1867-1957) дуурийн төгсгөлийн хэсэгт тоглолтыг түр зогсоож үзэгчдэд хандан “Яг энд үхэл агуу их хүнээс ноотны үзгийг нь булаасан юм” гэж хэлээд хэдэн хором чимээгүй болж Ж.Пуччинид хүндэтгэл үзүүлжээ. Түүнээс хойш “Турандот”-ын хөгжмийн удирдаач нар Артуро Тосканинийн үйлдлийг давтдаг уламжлал тогтсон.

Энэ дуурийн үйл явдал Бээжин хотод болдог. Турандот гүнж эрчүүдэд тааврын гурван асуулт тавих бөгөөд таагаагүй хүмүүс толгойгоо авахуулах ажээ. Монголын ханхүү Калаф нь эцэгтэйгээ уулзахаар Бээжинд ирэхдээ тааврыг зөв хариулаагүй Персийн ханхүү хатуу болзлын золиос болон толгойгоо авахуулж байхтай тааралдана. Монголын ханхүү уг тааврыг таахаар санаа шулуудна. Түүний эцэг Төмөр хаан, ордны сайд түшмэд, зарц бүсгүй Лю нар бүгдээрээ хорьсон ч ханхүү үгэнд ороогүй бөгөөд Хятадын хааны ордонд өөрийгөө хэн болохыг зарлаж мэдэгдэлгүй очно. Турандот гүнжийн гурван тааврыг ханхүү Калаф “найдвар, зүрхний цус, хайр дурлал” гэж зөв таана. Ханхүү “Та гурван таавраа миний амь дүйлгэж таалгасан. Одоо би нэг таавар таалгая” гээд гүнжээс “Миний нэр хэн бэ. Хаанахын хүн бэ” гэж асууж хариу хүлээнэ.

Асуултад зөв хариулбал Турандот гүнж өөрийн санаснаар болно, чадахгүй тохиолдолд ханхүүгийн мэдэлд очих байв. Гүнж албатууддаа зарлиг буулгаж Лю-г авчруулан байцаасан боловч зарц бүсгүй Монголын ханхүүд хайртай гээд, түүний талаар юу ч хэлэхгүй байсаар өөрийгөө хорооно. Турандот гүнж тааврын гурван асуултыг нь зөв хариулсан залууг хаанахын хэн болохыг мэдэж чадсангүй. Монголын ханхүү Калаф хайрын дуу дуулан Турандот гүнжийг уяруулахад хатуу болзолтой хэцүү тааврын өмнө мөхөстөж байсан олон түмэн баярлаж хөөрсөндөө Калафт зориулан магтаалын ерөөл өргөн дуулж дуурь өндөрлөнө.
Дашрамд сонирхуулахад, 1958 онд Ж.Пуччинийн мэндэлсний зуун жилийн ойг тэмдэглэх үеийн статистикийг харахад дэлхийн томоохон дуурийн театруудын тайзнаа өдөр бүр тоглогдож байсан арван дуурийн дөрөв нь түүнийх, энэ дөрвийн нэг нь “Турандот” байна. Манай Дуурь, бүжгийн эрдмийн театр энэ дуурийг 1990 онд анх тавьсан бөгөөд Турандот гүнжид цагийг эзэлсэн сопрано Б.Жавзандулам, ханхүү Калафт гавьяат жүжигчин Бүдийн Дамдинсүрэн тоглож дуулсан юм. Дэлхийн сонгодог бүтээл, Ж.Пуччинийн бусад дуурь “Чио Чио Сан”-г 1964 он, “Тоска”-г 1981 он, “Богема”-г 2005 онд тус тус тайзнаа тавьсан билээ.

———- Марко Пологийн номоос улбаатай Колумбын аялал, Пуччинийн дуурь ————

Монголчууд бид уржнан 2015 оны есдүгээр сарын 20-нд Хубилай хааныхаа 800 жилийн ойн төрсөн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэсэн. Ганцхан төрсөн өдрөөр нь хязгаарлалгүй Хубилай хааны түүхт ойг бүтэн жилийн цуврал арга хэмжээ болгон зохион байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн Италийн алдарч аялагч Марко Поло (1257-1324), түүний “Орчлонгийн элдэв сонин” хэмээх номын тухай урьд өмнөхөөс илүү мэдээлэлтэй болов. Марко Поло нь Хубилай хааны дэргэд 1271-1295 онд нийтдээ 17 жил алба хашиж, хэдийгээр Азид ирсэн анхны жуулчин биш ч очсон газар усныхаа талаар нүдээр үзсэнээ, очоогүй нутаг орны тухай дуулснаа “Орчлонгийн элдэв сонин” номондоо бичүүлсэн. Бичүүлсэн гэж тодотгосны учир: Марко Поло нь төрөлх Венец хотдоо буцаж ирснийхээ дараа Газрын дундад тэнгис дэх худалдааны ноёрхлын төлөөх Венец, Генуя хотын хооронд болсон дайнд оролцож олзлогдон Генуя хотын шоронд хоригджээ. Шоронд байхдаа тэрбээр өөрийн аяллын түүхийг хоригдлуудад ярьж өгөхөд Рустачано гэдэг сэргэлэн эр тэмдэглэж авсан нь дээр дурдсан ном юм.

Өрнөдийнхөн Марко Пологийн тэмдэглэлээс, алтан зоосыг орлуулдаг төлбөрийн хэрэгсэл болох цаасан мөнгө, түлшинд хэрэглэдэг хар чулуу буюу нүүрс байдаг гэх зэрэг гайхашруулсан бодит үнэнтэй анхлан нүүр тулсан. Ер нь “Орчлонгийн элдэв сонин” ном европчуудад маш олон санаа сэдэл, хөтөч болсон гэж дүгнэж болох бөгөөд хамгийн алдартай нь Америкийг нээсэн Колумбын аялал, Ж.Пуччинийн туурвисан “Турандот” дуурь юм.

Алдарт далайчин Кристофор Колумб (1451-1506) нь одоогийн Японыг хайж олох зорилго тавьж далайд гараад зам төөрөн буруу явсаар Америк тив рүү очсоноор уг тивийг нээсэн түүхтэй. “Орчлонгийн элдэв сонин”-ы 159 дүгээр бүлэгт эх газраас дорно зүгт орших алтан Чипингу (Япон) арлын тухай гардаг. Арлын хааны ордон гэхэд цэвэр алтан дээвэртэй, түүгээр ч үл барам өрөө тасалгаанууд нь хоёр хуруу зузаан алтан шалтай бөгөөд хана туурга, цонхыг нь алтаар бүрэн чимсэн гэжээ. Шүлс асгаруулж, шунал хөдөлгөсөн эдгээр өгүүлбэрийг уншсан итали далайчин Колумб энэхүү алтан Чипингу арлыг хайж олно гэж Кастилийн (Испани) хатан хаан I Изабеллаг сэнхрүүлэн ятгаж аяллын зардал мөнгө босгосон байна. Тэрбээр1492 оны наймдугаар сард далайд гараад Атлантын далайн баруун биеэр Дорно зүг явсаар хоёр сарын дараа Кубын аралд хүрчээ. Улмаар цааш хөдөлж Америк тивийн эрэг дээр буусан байна. Колумб ингэж зам төөрч Номхон далайн баруун хэсгийн бүлэг арал дээрх Японыг олохын оронд Америк тивийг нээсэн байдаг.

Ж.Пуччинийн туурвисан “Турандот” дуурийн өгүүлэмж ч бас Колумбын энэ аялал шиг гажилттай, Марко Пологийн номд гардгаас ялимгүй өөр.
Европт XVIII зуунаас эхлэн Марко Пологийн номд гардаг, Хайду хааны барилддаг бөх гүнжийн тухай түүхэн яриа сэргэжээ. Анх Францын зохиолч Пти де Ла Круа (1653-1713) нь 1707 онд гаргасан “Персийн султан хаан, их чинсан ноёдын түүх, Түрэг үлгэр домог” номдоо Хайду хааны бөх гүнж Ангиармыг Алтан хааны 19 настай Турандот хэмээх түрэг охины дүрээр домог болгон өөрчлөн бичжээ. Ангиарм гүнж өөрийг нь барилдаад унагасан залуугийн хатан болно, эс дийлбэл бооцоонд нь 100 адуу авах болзол гаргасан байдаг бол Пти де Ла Круа энэ “дүрэм”-ийг нь гурван оньсого таалгах болгон өөрчлөн зохиожээ. Ингээд Ангиарм гүнжид унасан залуус адуугаа алддаг байсан бол шинэ домогт өгүүлснээр Турандот гүнжийн тааврын гурван оньсого тааж чадаагүй эрчүүд амиа алддаг боллоо.
Пти де Ла Круаны ном гарснаас 55 жилийн дараа 1762 онд Италийн зохиолч Карло Гоцци (1720-1806) энэ домгоор “Турандот” жүжиг бичиж, түүнийг нь тоож үнэлсэн Шиллер герман хэлнээ хөрвүүлж, улмаар Гёте найруулан Веймарын Үндэсний театрын тайзнаа 1802 онд тавьж Германы үзэгчдэд хүргэж байв.
Карло Гоццийн “Турандот” жүжиг агуу Шиллер, Гёте хоёрын “гараар орсноос” хойш зуу гаруй жилийн дараа энэхүү уран бүтээлийг бас нэг агуу эрхэм гурван үзэгдэлт дуурь болгохоор барьж авсан. Тэр агуу хүмүүн нь Ж.Пуччини байлаа.

————— Хайду хааны эрэлхэг, сайхан гүнжийн тухай ————-

Карло Гоццийн жүжгийн, Жакомо Пуччинийн дуурийн Тарундот гүнжийн эх дүр болох Ангиармийн тухай Марко Поло “Орчлонгийн элдэв сонин” номын 200 дугаар бүлэгтээ юу гэж бичсэнийг толилуулъя.
“Хайду хаан нэгэн гүнжтэй байжээ. Түүний нэрийг татараар Ангиарм гэх бөгөөд энэ нь францаар Сарны гэрэл гэсэн үг билээ. Тэр маш их хүч чадалтай бүсгүй байжээ. Бүх улс даяар түүнтэй барилдаад унагаж чадах нэг ч залуу, баатар эр байхгүй, бүгдийг тэр дийлдэг байжээ. Эцэг нь түүнийг эрд гаргахыг хүсдэг боловч тэр үүнийг үл хүсэн эцэгтээ өөртэйгөө барилдаад дийлэх хүн эс олдвоос, нөхөрт гарахгүй гэж хэлж гэнэ. Эцэг нь өөрийн хүслээр нөхрөө сонгож авахыг зөв­шөөрчээ. Үүнд хааны гүнж ихэд баярлан өөртэйгөө барилдаж дийлэх хүн гарвал тэр хүний эхнэр болно гэсэн зар олон улс оронд тараажээ. Энэ мэдээ янз бүрийн улс оронд түгэн тархаж, олон сайн төрөлт залуучууд аз заяагаа сорихоор хүрэлцэн ирж гэнэ. Хааны хүргэн шалгаруулах тэмцээнийг хааны ордны нэгэн гоёмсог төв асарт явуулжээ. Хаан төв асарт олон дагуулынхаа хамт ирэхэд, хааны гүнж асрын төвд үзэсгэлэнт сайхан, нимгэн торгон хувцастай гарч ирэв. Мөн залуус ч үзэсгэлэнт сайхан хувцастай гарч ирцгээв. Тэмцээний болзол нь гүнжийг ялж, газар унагаж чадсан залуу эр түүнийг хатан болгон авах, хэрэв эс дийлбэл гүнжид нэг зуун адуу өгөх ёстой ажээ.
Гүнж ийнхүү түм гаруй адуу хожиж, өөрийгөө дийлэх залуу баатар эрийг олж чадсангүй. Энэ нь төдий л гайхал төрүүлэх зүйл бус юм. Учир нь түүний бие махбод нь маш үзэсгэлэнтэй сайхан, өндөр бөгөөд чийрэг, бараг аварга хүн гэлтэй билээ.
1280 онд нэгэн ийм явдал болжээ. Үүнд нэгэн баян хааны үзэсгэлэнт залуу хүү тэнд хүрэлцэн иржээ. Тэр олон сайхан нөхдөө дагуулан, барилдаж хүүхний бооцоонд өгөх мянган адуу тууж иржээ. Энэ ханхүүг хүрч ирсэн даруй гүнжтэй хүчээ сорих тэмцээн болох гэж байгаа тухай зар тараажээ.
Хайду түүнийг… гэгч хааны хүү (хааны нэрийг бичээгүй) гэдгийг мэдэх тул охинтойгоо ураг холбоход их л дуртай байсан учир машид баярлажээ.
Хайду хаан гүнждээ тэр залууд унаж өгөхийг сэмхэн зөвлөхөд охин нь яасан ч түүнд унаж өгөхгүй хэмээн хариулсан гэдгийг та бүхэнд сонсгоё.
Хааны ордны төв асарт хаан, хатан, эр, эм олон хүн цугларч, гүнж, хан хүү хоёр ч иржээ. Тэр хоёрын гоо, үзэсгэлэн төгөлдөр нь харсан бүхний гайхлыг төрүүлж байв. Үүнд бас нэмж хэлэхэд залуу хархүү бол хэнд ч үл дийлдэх, ёстой бяр чадалтай хүн байлаа.
Тэр хоёр ордны асрын төв дунд гарч ирэн, цугларсан олны нүдний өмнө тэмцээний болзлыг хэлэлцэж тохирчээ. Үүнд: хэрэв хан хүү дийлэхгүй бол тууж ирсэн мянган адуугаа гүнжид өгнө хэмээн тогтжээ. Үүний дараа гүнж, ханхүү хоёр барилдаж эхэлжээ. Тэднийг харсан бүх хүн, хаан хатан хоёр ч хүртэл цөм, тэр ханхүү дийлж хүүхнийг хатан болгон аваасай хэмээн хүсч байлаа.
Товчоор өгүүлэхэд тэр хоёр нэг нь нөгөөгөө дийлэхийн тул бүх хүчээ шавхан барилдсан боловч эцсийн эцэст хааны гүнж ялж, ханхүүг ордны шалан дээр унагажээ. Ордны төв танхимд байсан бүх хүмүүсийн дотор ханхүүг ялагдсанд харамсаагүй хүн нэг ч гараагүй билээ.
Хайду хаан, тэр ханхүүг ялсан өөрийн охиноо олон удаа байлдаанд авч явсанд бүх тулалдаанд түүнийг дийлэх хүн нэг ч гарч ирсэнгүй. Залуу гүнж дайсан руу довтлон орж, баатар эрийг олзлон барьж өөрийн талд авчрах явдал олон удаа тохиолджээ.
Хайду хааны гүнжийн тухай домгийг өгүүлж дууслаа”.

НЭМЭЛТ ТОДРУУЛГА:
— Ангиарм буюу Анжиарм гэдэг нь түрэгээр Ай-ярук (сарны гэрэл) гэсэн үг аж. Нэрт түүхч Рашид-ад-дин “Судрын чуулган” номондоо Хайдугийн энэ охиныг багад нь Тдтуланчага гэж нэрлэдэг байсан гэжээ. Рашид-ад-дин гүнжийг хожмоо аавынхаа их буурч (тогооч)-тай гэрлэж Чу голын сав газрыг эзэмшиж байсан тухай дурджээ. Судлаачид “Турандот”-ыг Хайду хааны гүнжийн багын нэр “Тдтуланчага” гэсэн үг гэж үздэг.
— Хайду хаан (1238-1301) нь Өгөдэй хааны хүү Хаши­ны хөвгүүн, өөрөөр хэлбэл ач нь бөгөөд хааны харьяаллын Шинжаан болон Төв Ази дахь газар нутгийг эзэмшин, хүн амыг бие даан захирч байсан. Марко Поло түүний газар нутгийг таван хоног аялах хэмжээний гэж тодотгож, мэдлийнх нь нэг газар Яркендийг нэр зааж тэмдэглэсэн байдаг.

Эх сурвалж: www.udriintoim.mn Б.ЕРЭНТЭЙ

SHARE