Анжелина Жолигийн найруулсан кино дэлхийн кинотеатруудад гарч эхэллээ

 

Торонтогийн олон улсын кино наадамд нээлтээ хийгээд удаагүй Анжелина Жолигийн найруулсан “Эхлээд тэд аавыг минь алсан: Камбож охины дурсамж”(“First They Killed My Father: A Daughter Of Cambodia Remembers”) кино энэ сарын 15-наас АНУ, Их Британи зэрэг олон орны кинотеатруудад нэгэн зэрэг гарч эхэлжээ.

“Netflix” компани тус киног АНУ-ын Камбож гаралтай зохиолч эмэгтэй Лун Уны намтарчилсан ном дээр үндэслэн бүтээсэн аж. Киноны үйл явдлыг товч өгүүлбэл, Камбожийн нийслэл Пномпеньд долоон хүүхэдтэй чинээлэг, боловсролтой гэр бүлд төрсөн таван настай охин Лун Ун 1975 онд улаан кхмерууд Пномпенийг довтлох үеэр элбэг дэлбэг, аз жаргалтай амьдралаасаа, өнөр өтгөн гэр бүлээсээ хагацдаг байна. Бяцхан охин юу ч хийхээс буцахгүй хүүхэд-цэргүүдийг бэлтгэдэг улаан кхмерүүдийн лагерьт хуваарилагдаж, ах дүүс нь хүүхдүүдийг хүнд хүчир ажилд зүтгүүлдэг хөдөлмөрийн лагериуд руу ачигдана. Хүүхэд-цэргийн лагерьт өдөржин бэлтгэл хийсний дараа шөнө дөлөөр түүдэг гал дээр царцаа хуурч идэх нь Лун Унд жаргалын дээд байжээ.

Пол Пот тэргүүтэй улаан кхмерүүд Камбожийг 1975-1979 онуудад захирахдаа гурван сая хүн буюу ард түмнийхээ дөрөвний нэгийг хядсан билээ. Анжелина Жоли кино зохиолыг Лун Уны хамтаар бичиж өөрөө найруулсан аж.

 

Үүнээс өмнө тэрээр “Цаг хугацаа дахь газар” (“A Place in Time”, 2007), “Цус ба зөгийн балны нутагт” (“In the Land of Blood and Honey”, 2011), “Нугаршгүй” (“Unbroken”, 2014), “Тэнгисийн эргийн дагуу” (“By the Sea”, 2015) зэрэг дөрвөн кино найруулж байсан юм.

Энд сонирхуулахад, Анжелина Жоли, Брэд Питт нарын Камбожоос үрчилсэн 16 настай хүү Мэддокс нь зураг авалтын үеэр ээждээ туслан тус киноны продюсерээр ажиллажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Сансар

SHARE