Япон, Монголын төрийн тэргүүн нар Хойд Солонгос болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар тохиролцжээ

 

ОХУ-ын Владивосток хотноо Японы Ерөнхий сайд Ш.Абэ, манай улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж ярилцсан талаар “Киодо” агентлаг ингэж мэдээлж байна.

Японы Ерөнхий сайд Ш.Абэ Монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай өчигдөр уулзаж Хойд Солонгосын зүгээс өсөн нэмэгдэж буй цөмийн пуужингийн аюулыг сөрөн зогсох болон эдийн засгийн зарим асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ.

Х.Баттулгыг өнгөрсөн долдугаар сард Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр улсын төрийн тэргүүн Владивостокийн чуулга уулзалтын үеэр ийнхүү анх удаа уулзан санал болдлоо солилцлоо. Энд тэмдэглэхэд, Монгол Улс Хойд Солонгостой дипломат харилцаатай билээ.

Ш.Абэ Х.Баттулгатай ярилцахдаа, Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт Японы хойд хэсгийн дээгүүр пуужин харвасныхаа дараа цөмийн туршилт хийсэн нь урьд өмнө байгаагүй ноцтой аюул агуулж байна гээд Хойд Солонгост бүх талын хүчтэй шахалт үзүүлэх шаардлагатайг цохон тэмдэглэжээ.

Хоёр орны удирдагч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Хойд Солонгост хориг арга хэмжээ авах, цөмийн болон баллистик пуужин туршихыг хориглох тухай шийдвэрийг бүрэн дүүрэн ягштал биелүүлэхийн чухлыг нотлосон байна.

Тэд түүнчлэн Хойд Солонгосын тагнуулчдын хулгайлж олзолсон япон иргэдийн асуудлыг аль болох хурдан шийдвэрлэх тал дээр тохиролцжээ. Олон жилийн турш Япон-Хойд Солонгосын хэлэлцээг нутагтаа зохион байгуулж ирсний хувьд Улаанбаатар энэ асуудал дээр туслана гэдэгт Токио найдаж байгаа юм.

Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Ш.Абэ, “Би Монголыг бүс нутаг дахь чухал түнш гэж үзэн их ач холбогдол өгдөг. Хоёр талын харилцаа цаашид ч өргөжин хөгжинө гэдэгт найдаж байна” гэж хэлжээ. Х.Баттулга үг хэлэхдээ, “Би Зүүн Ази, Алс Дорнодын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэжээ.

Байгалийн баялгаас хамааралтай Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сард тодорхойлсон дунд хугацааны төлөвлөгөөний дагуу хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл, агаарын бохирдлын хяналт зэргийг онцгой анхааран Японтой хамтарч эдийн засгаа олон салбаржуулж дахин босгохыг зорьж байгаа юм.

Түүхий эдийн үнийн уналт, Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарснаас үүдэн хямарсан эдийн засгаа аврахын тулд тус улс ОУВС-ийн хөтөлбөрийн даган төсөв, санхүүгийн өөрчлөлт хийх шаардлагатай тулгарсан билээ.

Х.Баттулга Япон улс ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд Монголын эдийн засгийг дэмжин туслаж буйд талархал илэрхийлэхийн сацуу сүмогийн их аварга асан Асашёрюү Д.Дагвадоржийг Японтой хамтын ажиллагааг хөгжүүлэх өөрийн тусгай элчээр томилсноо дуулгажээ.

Эх сурвалж: news1.mn Б.Түшиг

SHARE