Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга хэвээр үлдэнэ

 

Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 1-ний НИТХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны үеэр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд өгсөн талаараа мэдээлэл хийсэн.
Тэрээр “…2012 онд хөсөр хаягдсан Нийслэлийн МАН-ын хороог авч 2013 оноос хойш тасралтгүй ялалт байгуулсан. 2016 онд таамаглаагүй ялалтыг авчирсан ч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Нийслэлийн дүүргүүдэд ялагдсан. Тиймээс Нийслэлийн МАН-ын хорооны даргаа өгч байна. 60 тэрбумын хэрэг гурав дахь удаагаа шалгагдаж байна. Уг хэрэгт холбоогүй учир би өмнө нь ч ажлаа өгч шалгуулахаа намынхандаа хэлж байсан. Гэвч намын удирдлага зөвшөөрдөггүй байв. Харин энэ удаад тэд зөвшөөрөхгүй байгаа ч НИТХ-ын хурлын даргаа өгч энэ хэргийг шалгуулж буруугүй гэдгээ тогтоолгохын тулд ажлаа өгч байна” гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр /2017.9.4/-нд прокурорын байгууллагаас мэдээлэл хийж, Ц.Сандуйд холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсныг дуулгав.

Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа “…2016 оны Улсын Их хурлын сонгуулийн өмнө олон нийтийн дунд сошиал орчинд аудио бичлэг тарж эхэлсэн. Үүний дагуу хуулийн байгууллагаас холбогдох шалгалтыг хийж гүйцэтгэн тухайн асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнээд 2016 онд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл 2017 оны 5 сараас тухайн асуудал дахин яригдаж эхэлсэн бөгөөд аудио бичлэгийн хэмжээ ихэсч 40 минутын, 90 минутын, 162 минутын бичлэгүүд шинээр гарч ирсэн. Үүнтэй холбогдуулж Улсын Ерөнхий прокурорын газраас дээрх шинээр ирүүлсэн бичлэгүүдийг шалгах шаардлагатай гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж Авлигатай тэмцэх газар, Тагнуулын Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Ингээд хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж Төрийн албаны зөвлөл болон Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс төрийн албаны удирдах албан тушаалтнууд өөрөөр хэлбэл ахлах мэргэжилтэн, хэлтэс, газар, агентлагийн дарга, төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд, сайд гэхчлэн 3000 гаруй алба хаагч нарын судалгааг гаргасан. Үүнээс 2016 оны сонгуулийн үр дүнгээс хойш төрийн албанд ахлахаас дээш албан тушаалд томилогдсон, дэвшин томилогдсон нийт 1446 албан хаагчийн төрийн албанд томилогдсон байдлыг шалгасан. Түүнчлэн Монгол Ардын намаас 2016 оны сонгуулийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд гаргаж өгсөн санхүүгийн тайлан, бусад холбогдох санхүүгийн баримт, материал, нэр бүхий хүмүүсийн дансны хөдөлгөөн, Монгол Ардын намд 2016 оны сонгуулиар авсан хандив, тусламж өгсөн хувь хүн, албан тушаалтан, хуулийн этгээдүүдийг шалгасан.

Мөн Сонгуулийн Ерөнхий хорооны дарга, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авч, 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны явц, үр дүнгийн талаар шалгахад сонгуулийн үйл ажиллагаанд хэн нэгэн албан тушаалтан, нам эвсэл, улс төрийн хүчний зүгээс хөндлөнгөөс нөлөөлсөн, санал тоолох машин /хар машин/-ыг хакердсан, сонгуулийн үр дүнг зориудаар өөрчилсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн үйл ажиллагаанд ямар нэгэн будлиан зөрчил үүсээгүй, хууль, журмын дагуу хэвийн явагдсан болох нь тогтоогдсон.

Дээрх шалгалтын хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нар төрийн албан тушаалыг үнэлж, бусдаас хахууль авч, төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнд хууль бусаар нөлөөлсөн гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй тул прокуророос хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

-Монгол Ардын намын дарга М.Энхболд, Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын дуу хоолой бүхий аудио болон видео бичлэг цахим орчинд тавигдсан. Тухайн бичлэгийн талаар шинжилгээний байгууллагаас ямар дүгнэлт гаргасан бэ?  

-Бичлэгтэй холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 6 удаагийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур өөр шинжээчдийн бүрэлдэхүүнтэй 1 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Олон нийтэд тараагдсан М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын зургийг оруулсан мөн бичгийн хэлбэрээр текст оруулсан дуу, дүрсний бичлэгийн хувьд эвлүүлэг, монтаж хийгдсэн байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл 3 хүний харилцан яриа бүхий дууны бичлэгт эвлүүлэг хийж дүрс, текст оруулж монтаж хийсэн гэдэг нь тогтоогдсон. Харин сүүлд шинээр гарч ирсэн зөвхөн дууны бичлэг болох 40 минут, 162 минутын гэх бичлэгүүд нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй учраас шинжилгээ хийж дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариуг шинжилгээний байгууллагаас гаргасан байдаг.

Бид аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ зайлшгүй тусгай мэдлэг шаардагдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандаж дүгнэлт гаргуулдаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хуульд шинжилгээний обьект нь заавал эх хувь байна гэдэг заалттай. Энэ утгаараа дээрх бичлэгүүд нь эх хувь биш хуулбар байсан тул шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй байдлыг бий болгосон байгаа.

Ер нь цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл бэрхшээл учруулж байгаа нэг асуудал бол Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “Шинжилгээний обьект нь эх хувь байна” гэсэн заалт болоод байгаа учраас прокурорын байгууллагаас Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг байгууллагад дээрх хуулийн заалтыг эргэж харах, дэлхий нийтийн жишигт нийцсэн техник тоног төхөөрөмж, өндөр мэдлэг боловсрол бүхий боловсон хүчинтэй болох тэдний чадавхыг дээшлүүлэхэд анхаарч ажиллах талаар албан бичиг хүргүүлэхээр тогтсон.

Хэдийгээр олон нийтэд тараагдсан аудио бичлэгт шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүссэн хэдий ч хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар 2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон гэж үзсэн. Гэхдээ тухайн яриа, төлөвлөгөө нь бодит байдал дээр хэрэгжсэн нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй” гэлээ.

Өөрөөр хэлбэл, Ц.Сандуйд холбогдох 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудал үүгээр цэгцлэгдэж байгаа юм.

Ингэхээр Ц.Сандуй НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын дарга хэвээр үлдэнэ гэсэн үг юм.

Эх сурвалж: www.news1.mn Н.Баясгалан

SHARE